UBLife Logo
Урлаг

Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...

ЗХУ, ОХУ-ын хамгийн алдартай од Алла Пугачева сүүлийн үед Израилд амьдарч байгаа. Учир нь тэрээр нөхрийн хамт Украинд хийж байгаа дайныг ил тод эсэргүүцдэг. Максим Галкин ОХУ-д гадаадын тагнуул гэж албан ёсоор бүртгэгдсэн бол Алла Борисовна үе үе Орост ирдэг. Гэхдээ цагтаа Бурхан мэт байсан Аллаг Оросын хэвлэлээр урвагч хэмээн шүүмжилдэг, дайрдаг хүн олон болсон билээ.

Алла Пугачева саяхан Орост ирэхэд нь эх орных нь хэвлэл түүний талаар “Мөнгөгүй болоод ирж”, “Израилд зовж байгаа” гэх зэргээр бичсэн билээ. Алла энэ бүхний хариуг олон нийтийн сүлжээгээр барьжээ. 

Тэрээр худалч, ховч, атаархагчдыг шүүмжлээд “Та нар үнэхээр хөөрхийлөлтэй юм аа. Атаархагч та нарыг л би зарц, боол гэж нэрлэсэн юм. Ард түмэн бол өнөөгийн нөхцөл байдлын золиос болсон тул ямар ч хамаагүй. Би ард түмэндээ хайртай. Харин та нар худал яриа, дайралтаараа надаас хүмүүсийг холдуулах гэж оролдож байна. Энэ хүмүүс, ард түмний төлөө би насаараа дуулж, эрүүл мэнд, хувийн амьдралаа гаргуунд нь гаргаж байсан билээ. Та нар яаж ч хичээсэн бүтэхгүй. Намайг харлуулж, амьдрал, уран бүтээлийг минь үнэгүйдүүлэх гэж оролдоод чадахгүй. Миний олон сая фэн надаас урвахгүй. Би өөрийн үүргээ биелүүлсэн. Дуулахаа болиод удаж байна, одоо миний хувь заяаг Ертөнц удирдаж байгаа. Миний үсийг тоолоод хэрэггүй. Хоолой минь ядарсан сонсогдож байна уу, аргагүй шүү дээ би хагас зуун жил өвчин туссан байсан ч хайртай үзэгчдийнхээ төлөө, тэднийг аз жаргалтай байлгахын тулд дуулж ирсэн юм. Зүгээр ээ, миний хөл хөдөлж, нүд харж, чих сонсож байгаа. Миний мөнгийг бас тоолоод байна уу? Тиймээ, би мөнгө олдог. Мөнгө хийх насандаа архи дарс ууж тэнээд боломжоо алдчихаад одоо “Алла саад болсон” гэж ярьж байгаа зарим дуучдаас ялгаатай нь үнэн шударга хөдөлмөрөөрөө шүү. Гэхдээ мөнгө бол аз жаргал биш. Эрх чөлөө бол хамгийн гол баялаг юм. Би эрх чөлөөгөө үнэлдэг, хайрладаг. Үнэн худлыг ялж, гэрэл гэгээ харанхуйг дарах цаг хүртэл би амьдрах болно” гэж бичсэн байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
27
2
10
0
2
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.