UBLife Logo
Кино

Б.Барслхагва: Япон бол мөрөөдлийн орон

Б.Барслхагва: Япон бол мөрөөдлийн орон

Японы үзэгчдийг байлдан дагуулж байгаа VIVANT киноны Чингис дүрийг бүтээсэн жүжигчин Барсаатай Японы сэтгүүлчид уулзан ярилцжээ. 

-Японы үзэгчдэд өөрийнхөө талаар ярьж өгөөч.

-Батболдын Барслхагва. Монголын жүжигчин. Бүгд л Барсаа гэж дууддаг юм. Эхнэр, гурван хүүхэдтэй. Мөн брэнд хувцасны компанитай. Амралтын өдрөөр гэртээ зураг зурж суух дуртай. Японы анимэ үздэг. One Piece, Jujutsu Kaisen-д их дуртай. 

- VIVANT кинонд тоглох болсноо сонсоод юу бодож байв? Мөн кино дууссаны дараах сэтгэгдлээ хуваалцаач.

-2022 оны 10 дугаар сард VIVANT киноны сонгон шалгаруулалтад ороод 11 сард нь Унгарт өөр киноны зураг авалтаар очоод байлаа. Тэнд Чингисийн дүрд сонгогдсоноо дуулаад их баярласан. VIVANT Монголд гараагүй байгаа ч Японд эхний хэдэн анги гарсны дараа Япон явтал онгоц дотор япончууд “Чингис сан, хамт зургаа авхуулья” гээд ирж байлаа. Токиогийн ресторанд хоол идээд сууж байхад ч хүмүүс таньж байсан. Япончуудад танигддаг болсон минь энэ киноны ач тус. Маш их баярлаж явдаг. 

-Зураг авалтын талаар?

-Японы зураг авалтын багийнхан их зөөлөн, тусч хүмүүс байлаа. Зөвхөн тэднийг ийм юм болов уу гэтэл япончууд бүгд их сайхан хүмүүс юм. Миний төрсөн өдөр 2-р сарын 26-нд болдог. Фүкүзава Кацүо найруулагч, зураг авалтын багийнхан надад гэнэтийн бэлэг барьсан нь хэзээ ч мартахгүй дурсамж болон үлдсэн.  Монгол дахь зураг авалт эхлэх гээд би нисэх буудалд багийнхнаа тоссон. Маш олон хүн ирэхэд нь нэг талаас баярласан ч нөгөө талаас цаг агаар, дасаагүй хоол унднаас болоод өвдөх бий гэж санаа зовж байлаа. Ямар ч аюул осолгүй зураг авалтаа дуусахад нь их баярласан шүү. Урт удаан хугацаанд хамтдаа байсан болохоор салахад их гунигтай байлаа.

-Чингис хэмээх дүрийг бүтээхдээ юунд анхаарч байв?

-Фүкүзава найруулагчтайгаа дүрээ яаж гаргах талаар их ярилцсан. Найруулагч намайг урт үстэйгээ бай гэж хэлсэн. Цагдаагийн албан хаагчийн дүр болохоор ийм урт үстэй байж болохгүй санагдаад найруулагчид хэлтэл “Чингис бол жирийн цагдаа биш онцгой цагдаа тул урт үстэй байхад асуудалгүй. Харин ч сүртэй” гэж хариулж билээ.  Үсээ хусуулах санал гарсан ч дараагийн кино шийдэгдсэн байсан болохоор урт үстэйгээ үлдсэн. Нэгдүгээр бүлгийн төгсгөлд Японы ЭСЯ-ны өмнө Ногиг хөөдөг хэсэг их хэцүү, олон цаг зарцуулсан. Машин дээгүүр гишгэлэн зугтах түүнийг хөөж байгаад Чингис хил давчихдаг. Гэхдээ Чингис бол маш сайн цагдаа тул хил давсан ч асуудалгүй буцаад ирлээ гэдгийг өөрийнхөөрөө гаргах гэж хичээсэн.

-Найруулагч, япон жүжигчдийн талаар?

-Япон жүжигчид үнэхээр сайн байлаа. Ялангуяа Якүшё Кожи саны киног багаасаа үзэж өссөн болохоор хамт кинонд тоглоход сайхан байлаа. Абэ Хироши сантай хамт тоглох цаг их байсан болохоор юм ярих боломж их гарсан. Зохиолоо анх уншаад Нозакигийн дүрийг төсөөлөхөд Абэ Хироши сан л яг таарах байсан. Фүкүзава найруулагч бол үнэхээр сайн найруулагч. Хаана нь үзэгчдийг уяраах, хаана догдлуулахаа сайн мэддэг. Хийнэ гэсэн бол хийж байж л салдаг зантай. Монгол дахь зураг авалтын үеэр машинаар их явж байсан ч хэн нь ч хэцүү байна гэж хэлээгүй, хичээн зүтгэж байлаа. Тэднийг хараад монголчууд бид ч тийм бодолтой болсон.

-Японы талаар сэтгэгдлээ хэлээч.

-Эртнээс Япон явахыг хүсдэг байлаа. Би Японы соёл, түүхийг их сонирхдог. Самурай, нинжатай кино үзэх дуртай. Тийм болохоор Япон явах болоод их догдолсон. Унгарт хамт кинонд тоглож байсан англи жүжигчин надад “Япончууд үлгэрийн оронд амьдардаг хүмүүс” гэж хэлж байлаа. Тэр үед сайн ойлгоогүй ч Японд ирээд үзтэл үнэхээр үлгэрийн орон юм. Миний төсөөллийг хол давсан орон байлаа. Ялангуяа хоол нь маш амттай. Хамгийн дуртай хоол минь сүкияки.

-Японы үзэгчдэд хандаад...

-Энэ кинонд эхнээсээ эцэс хүртэл хэн ч төсөөлөхийн аргагүй үйл явдлууд сонирхолтойгоор өрнөх тул дуустал нь үзээрэй. Чингис ч гэсэн ингээд дуусахгүй шүү.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.