UBLife Logo
Ном

Энэ өвөл хэвлэгдсэн АРВАН ТАВАН шинэ ном

У.Чинзориг
У.Чинзориг
Энэ өвөл хэвлэгдсэн АРВАН ТАВАН шинэ ном

"Дугтуй дүүрэн өвөл". 

Энэ бол зохиолч Д.Урианхайн "Захиа" нэрт шүлэг билээ. Жил бүрийн өдийд энэ захиа хүн бүрт ирдэг.

“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид энэ өвөл уншигчдын гарт анхлан хүрч буй АРВАН ТАВАН номыг онцолж байна.


Ц.Дэлгэрмаа "Нүд чинь миний тэнгэр"

Шүлэг бичих гэдэг миний хувьд байнгын үйл хэрэг болсоор уджээ. Эдүгээ бид гэрээ хэрхэн цэгцлэх, хувцсаа хэрхэн сонгох, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх гээд амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийн талаар хэн нэгний бичсэн номоос суралцаж, судалдаг болсон. 

Харин шүлэг яруу найраг надад хэн гэдгийг минь, хэрхэн амьдарч явааг, цаашид хэрхэх ёстойг битүүхэн хэлж өгөх шиг болдог. Яруу найраг миний дотор оршиж, дотроос минь төрөх атлаа надаас салангид нэгэн хүч мэт ивгээгч мутраа сунгаж, дандаа эдгээн анагаадаг билээ. 

Хорин хэдхэн настайдаа “Яруу найраг бол миний шашин” гэсэн утгатай үг тэмдэглэлдээ бичжээ. Одоо бодох нь, сэтгэлийн жинхэнэ мөн тунгалаг чанарыг авч үлдэж, сэрээн сэхээдэг тэр ганц зүйл, магадгүй шашин шүтлэгээс илүү хүчтэй үйлчилдэг зүйл миний хувьд бол шүлэг найраг л бололтой. Тиймээс л шүлэг өөрийн эрхгүй гэнэн, өөрийн эрхгүй ухаалаг, өөрийн эрхгүй тунгалаг байдаг бололтой. Мэдээж шүлгийн тухай дахь дээр бичсэн үгс минь өөрийнхөө шүлгийн тухайд хэлсэн үг биш гэдгийг эрхбиш ялган тунгаах буй за. Яруу найраг миний хувьд ийм л эрхэм чухаг болохоор, сэтгэлийг долгисуулах атлаа барин тогтоож, гансран давласан усны эрэг мэт өөрийг минь хашин барьж, тэгсэн атлаа эвдэрч сүйрэхгүй асгараад халиад явчихгүй яг өөрөө өөртөө орших шалтгаан болдог болохоор ийнхүү бичнэм. 

“Нүд чинь миний тэнгэр” ном миний дөрөв дэх шүлгийн түүвэр болон мэндэлж байна. Хүн, байгаль, хайр хэмээх гурван үгийг дотроо тарни мэт шившин байж энэхүү номоо эмхэтгэлээ. Мөнхүү 2014 онд цөөн тоогоор хэвлэсэн "Дотоод тэнгис" шүлгийн номоосоо цөөн хэдэн шүлгийг шигтгэлээ. 

Яруу найраг ямагт шинэ байж, уншсан хүмүүний зүрх сэтгэлийг онон холбогдож чадваас өнө удаан амьдардаг жамтай. Түүн лүгээ адил та бүхний сэтгэл зүрхэнд ч  амилан сэрж, улам улам амьдрах болтугай, шүлгүүд минь.

(Ц.Дэлгэрмаа).


Ж.Отгонсүрэн "Психоаналитик сэтгэлзүй ба буддын сэтгэлгээний үүднээс шинжлэх нь” /Г.Аюурзаны романы жишээн дээр/

Өнөөгийн уншигчдын философи сэтгэлгээний эрэлтэд нийцүүлж, буддын гүн ухааны үндсэн ойлголт, сэтгэлийг танин барихуйн онол сургаал, гэгээрэл бясалгалын ач тусыг уран зохиолын агуулгаар дамжуулан тайлбарласан, олон нийтийн сэтгэлийн боловсролд хувь нэмэр болохуйц судалгааны бүтээл үгүйлэгдэж байгаа юм.

Г.Аюурзанын романуудын агуулгыг, буддын философи ба өрнөдийн сэтгэл судлалын (З.Фрейд, К.Юнг нарын) үзэл онолтой зэрэгцүүлэн үзэж, уран зохиолын агуулгаар дамжуулан уншигчдын философи сэтгэлгээ танин мэдэхүй хийгээд дотоод сэтгэлийн гүн рүү хандсан, ухамсрын сэрэхүйг, ухаарлын мөн чанарыг онцолсон энэ судалгаа нь салбартаа шинэлэг юм. 

Аливаа улс үндэстэнд тухайн бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Үүнийг постмодернизмд гипертекст гэдэг томъёолол дор авч үздэг”.

Нөгөөтээгүүр, өдгөө глобал түвшинд хэлэлцэх болсон экологийн асуудал уран зохиол шинжлэлд ч мөн хамаарах учиртай. Эко-критицизмыг буддын шүтэн барилдлагын үзэлтэй холбоотой болох санааг шинээр хөндөж "Бөөгийн домог", "Судасны чимээ", "Сахиуст хангайн нууц", "Шүгдэн", "Цагаан хар улаан", "Сүнсний томьёо" романуудын жишээн дээр тайлбарлажээ.


С.Дашдондог “Жаран жилийн шастир

Миний аав Самдангийн Дашдондог ажил амьдралынхаа тавь гаруй жилийг Монголын урлаг соёлын салбар, түүний дотор театрын урлагийн судалгаанд зориулсан юм. Аав маань амьдралынхаа сүүлийн өдрүүдэд уншигч танаа дахин өргөн барьж буй “Жаран жилийн шастир” номынхоо эхийг хэвлэлийн газар хүлээлгэж байсныг тод санаж байна. Энэхүү номд аавын маань театрын урлаг, шүүмж судлалыг хөгжүүлэхэд зориулсан нөр их хөдөлмөр, хүчин зүтгэл нэвт шингэсэн байдаг.

Жүжиг гэдэг нь бусад урлагийг бодвол нэг үдэш тайзнаа амилж амьдардаг тул тэрхүү бүтээлийг “толины” тусгал мэт цаасан дээр буулгаж үлдээх нь театр судлаачийн хамгийн чухал үүрэг байдаг. Тухайн цаг үеийн театрын урлагийн өмнө тулгамдаж байгаа асуудал, тодорхой жүжгийн талаар түүний бичсэн олон шүүмж судалгааны өгүүллүүд одоо хэр нь театрын уран бүтээлч, оюутан сурагч, энгийн сонирхогч нарын гарын авлага болсон хэвээр байна.

Аав маань театр судлаач гэдэг мэргэжлийг өмнөх үеийн сайн дурын шүүмжлэгчдийн түвшнээс хэдэн алхам урагшлуулж, жинхэнэ утгаараа Монголын мэргэжлийн театр судлалын үндсийг тавьсан анхны хүн билээ. Тэрбээр театр судлал гэж юу байдаг, яаж шүүмжийг бичдэг, шүүмжлэгч хүн ямар ёс зүйтэй байх ёстойг өөрийн амьдралаар харуулж чадсан хийгээд худлаа хоосон магтаалын үгэнд дургүй, үнэнийг эрхэмлэн, зусарч шүүмжлэлийг үзэн яддаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч байж ганцаар нэгэн үе театр судлалыг нуруундаа үүрч явсан юм.

Он улирах бүрд бид өнгөрсөн замаа, түүх намтраа эргэн үргэлжлүүлэн бичих бөгөөд тэр бүрд театрын амьдрал, манай хувьсгалт урлагийн амьдрал дотроос урган гарсан хүний нэг болох С.Дашдондогийн шүүмж судлалыг лавлахын адил сөхөн харах хэрэгцээ гарсаар байх болно. 

(Төрийн шагналт Лодонгийн Түдэв, 1980 он.)

С.Дашдондог өөрийн арав орчим ном, гурван зуу орчим шүүмж судалгаандаа шинэ цаг үе нь өнгөрсөн цаг үеийн үргэлжлэл гэдгийг онцлон үзэж, энэ үзэл дээрээ Монголын театрын орчин цагийн түүхийг бичиж үлдээсэн билээ. Мод, ургамлын хатаж хаягдсан үндсийг цуглуулж дахин суулгаж амилуулах лугаа адил аав маань манай театрын урлагийн эх үндсийг эрэн сурвалжилж, олж нээж, нэр нь мартагдсан уран бүтээлчдийн намтар түүхийг тодруулан сэргээхийн зэрэгцээ хамт ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан театрын зүтгэлтнүүдийн намтар түүхийг бүтээсэн юм. Албан ёсоор докторын эрдмийн зэрэг аваагүй ч тэрбээр бидэнд үлдээсэн судалгааны бүтээлүүдээрээ эрдэмтэн гэдгээ батлан нотолж түүний шүүмж судлалын ажлуудыг өнөөгийн судлаачид эрдмийн ажилдаа өргөнөөр ашиглаж байгаа нь үүний тод жишээ болж байна.

Аав маань бид бүхэнд театрын урлагийн эрдэмтэн, шүүмжлэгчийн их өвөө үлдээснийг дахин олны хүртээл болгож, аавынхаа ачийг өчүүхэн төдий ч гэсэн хариулж байгаа гэж бодохдоо сэтгэл өөдрөг байна. Хүнд хэцүү цаг үед театр судлаач гэсэн мэргэжлийн шалгуурын өндөр түвшнийг өөрөө тогтоож, түүнд хүрэх замыг тодорхойлж, мэргэжлээ хамгаалж үлдсэн гавьяатан гэдгийг онцлохын зэрэгцээ “Жаран жилийн шастир” нь ХХ зууны Монгол Улсын хөгжлийн нэгэн жарны түүхийн нийгмийн амьдрал болон театрын урлагийн үүсэл хөгжлийн замналыг шигтгэн хэлхэж нэвтэрхий толь болсон бүтээл гэдгийг эцэст нь тэмдэглэж байна. 

(Театр судлаач Дашдондогийн Батсайхан |Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, дэд профессор|)


Б.Дэлгэрмаа "Цаад эргийн давалгаа"

Навчсаар давалгаалсан намрын шаргал өдрүүд буцах шувуудын дуутай алсрах уйлган гэгэлгэн цагийн намжирга дор зүрх гэдэг нь дэнслүүхэн. Ус шуугисан урины гэгэлгэн өдрүүдийг үдэхэд сэтгэл цалгилж, жиргэлдэн ирэх удаах хаврын өдрүүдийг иртэл жиг суун, ажин түжинг чагнаархах хүлээлт гэдэг нь яруухан. Улирлын сэрүүнд таны сэтгэлд хань болон нөмөрлөхөөр усны цаад эргээс боссон давалгаан мэт түрхрэн шуугьж ирээд, эргийн элс хээлэн аяархан харих залуу авьяастны оргилсон халуун ч уг чанар даруухан шүлгүүд таны өмнө хуудас чичрүүлэн дэлгэгдлээ. 

Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч редактор, Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй", Ким Ионхагийн "Эх орон чинь дуудаж байна" зэрэг уран зохиолын даацтай бүтээлүүдийн орчуулагч Базаррагчаагийн Дэлгэрмаагийн "Цаад эргийн давлагаа" анхны шүлгийн түүвэр хэвлэгджээ. Сэтгэл дэлгэн тосно уу.


Г.Аюурзана “Монгол хүн” хэмээх цуврал ном

“МОНГОЛ ХҮН: ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БОДОЛ”. 

Монгол хүн гэж хэн бэ? Үүх түүх, уг удам, үндэстний хуваагдал, түүнчлэн өдөр тутмын амьдралд маань тохиолддог зүйлсийг ч үндэсний үзэл санаатай холбож, үндэстнийхээ оршихуйн тухайд сэтгэл зовниж явдаг хэн бүхэнд зориулагджээ.

“МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ЧАНАРУУД “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН”-Д”.

Монголчуудын эрхэм сайхан зан чанарууд түүхэн сурвалжид хэрхэн туссан тухай агуулгатай. Зохиогч эл бүтээлдээ “Нууц товчоон” бол монгол үндэстний “ёс зүйн библи” гэсэн санааг дэвшүүлжээ. Монгол Улс бүх талаараа дэлхийд тэргүүлж явсан үеийн сэтгэлгээгээр л бид үр удмаа хүмүүжүүлэх учиртай билээ. 

“МОНГОЛ ХҮН: ХУДАМ БИЧГЭЭС ГҮН СЭТГЭЛГЭЭ РҮҮ”. 

Монголчуудын бичиг үсгийн түүхийг арай өөр өнцгөөс харж, басхүү шинэ таамаг дэвшүүлэх гэж оролдохын хамт монгол туургатнаас төрсөн сэхээтнүүдийн тухай бичвэрүүдээр дамжуулан манай үндэстэн эрдэм боловсролыг эрхэмлэдгээрээ бусад нүүдэлчин ард түмнээс илт ялгарч байсан онцлогийг бахархан сануулахыг хичээсэн нь уг ном юм. 


С.Дашдондог "Дашдондог, театр хоёр"

Хөшөө тийш очих 

Хүний мөр балрахгүй” 

гэсэн Пушкины шүлгийн алдарт мөр бий. Уг нь Пушкинаас өмнө Европын Эртний яруу найрагчид энэ метафорыг бичиж байсан тухай судалгааны өгүүлэл уншиж байсан санагдана. Уран бүтээлч хүний хувьд хөшөө гэдэг нь тухайн хүний бүтээл туурвил бөлгөө. Энэхүү өмнөтгөлийг бэлдэхэд хамгийн түрүүнд санаанд орсон зүйл энэ байлаа. 

Урлаг судлаач, театрын шинжлэлтэн С.Дашдондог (1923-1996 он) Монголын театр, дуурь, бүжгэн жүжгийн 200 гаруй түүх, онол, арга зүй, шүүмж, өгүүлэл, жүжигчний хөрөг бичжээ. 

Дал, наяад оны сонин сэтгүүлийн хуудаснаа энэ бүхэн нь нийтлэгдсэн нь найруулагч, жүжигчид төдийгүй уншигч олныг соён гэгээрүүлэх үйлс мөн байв. Энэ бүхэн нь театр, дуурь, балетын он дарааллын бичиг, лавлах гэж хэлж бүрнээ болно. 

...Тайз бол уран зохиолын парламент юм.

С.Дашдондогийн энэ номыг эмхэтгэж байхад түүний архив дахь олон хавтас, баримт, гэрэл зургийн цуглуулгыг харж, ямар нягт нямбай судлаач байсан нь тод харагдаж байлаа. Бүр оюутан ахуйдаа оросын театруудад үзсэн жүжиг, дуурь, балетын танилцуулга, сэтгэгдэл тэмдэглэлээ бичсэн бор дэвтрийг үзээд сурч мэдэхийн төлөө ямар уйгагүй зүтгэж чин сэтгэлээсээ хандаж байсныг олж харсан юм. 

Оюутан ахуйдаа Оросын Эрдмийн Их Театр, Эрдмийн Бага театр, Вахтанговын, Маяковскийн, Моссовет, Москвагийн Уран сайхны театр, Ермоловын, Пушкины, Хүүхдийн театр гээд бүхий л нэр хүндтэй олон театрт Шекспирийн “Гамлет”, “Макбет”, “Лир ван”, Софокл “Эдип хаан” жүжгийг найруулагчдын олон янз бүрийн хувилбарыг үзэж сэтгэгдлээ бичсэн байх юм. Энэ үнэхээрийн том хичээл сурлага шүү. 

Бид янз бүрийн хугацаанд бичсэн С.Дашдондогийн бичвэрүүдийг “Гадаадын жүжиг манай тайзнаа”, “Үндэсний жүжгүүд”, “Жүжигчний ур чадвар”, “Дуурь болон балетын тухай” гэсэн дөрвөн бүлэг болгон эмхэтгэсэн. Энэ бүхний цаана нийтлэгдээгүй бичвэр, баримтат кино зэрэг олон бүтээл байгааг дашрамд хэлэх нь зүйтэй. Та бүхнийг түүний урлагийн ариун сүмд тухлан морилохыг урихын учир ийм. 

Хөшөө тийш очих 

Хүний мөр тасрахгүй”. 

(О.Содномпил).


Жанет Малколм "Сэтгүүлч ба алуурчин"

1970 оны эхээр АНУ-д сэтгэл сэртхийлгэм, аймшигт хүн амины гэмт хэрэг гарсан ба сэжигтэн өөрийгөө буруугүй хэмээн, нийгэм хоёр талд хуваагдан талцаж, үнэн мөнийг эрэн сурвалжлах сэтгүүлчийн байр суурь өгүүлэгдэж байжээ. Харин уг хэргийн мөрөөр мөшгөн, хожим шуугиан дэгдээсэн зохиол бичсэн сэтгүүлч үнэнийг тодруулж чадсан болов уу?Ер нь сэтгүүлч гэж хэнийг хэлэх вэ? Бодит үнэнийг эрэхийн тулд ямар ч аргаар хамаагүй сурвалжилга авахаас буцахгүй нэгнийг хэлэх үү, эсвэл ёс зүйг баримтлан тодорхой хил хязгаарын хүрээнд л тоглолт хийдэг нэгэн үү?

Уг бүтээл нь хүн амины “бодит гэмт хэрэг”-ээс сэдэвлэсэн зохиол хэдий ч харгис хэрцгий өрнөлтэй, айдас хүйдэст автуулам үйл явдлуудаар баяжуулаагүй юм. Зохиолч мэдээллийг тэнцвэртэй цуглуулж, үнэн мөнийг хайх явцдаа тулгарсан саад бэрхшээлийг сонирхолтой, егөөтэй өгүүлснээс гадна агуулгын хувьд шүүх ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, хүний мөн чанар, нийгмийн хандлага зэрэг өргөн цар хүрээг хамарчээ. Аливаа асуудлыг үнэн бодитой үнэлж дүгнэхээр хүмүүстэй уулзаж ярилцан, сурвалжилж, тал бүрээс нь задлан шинжилсний эцэст мэргэжлийн сэтгэл зүйч төдийгүй мөрдөн шиг гайхалтай ажиллаж туурвисан баримтат бүтээл юм. Гэхдээ хүүрнэл зохиолын хэв маягаар бичсэнээрээ уран зохиолын бүтээлд зүй ёсоор тооцогддог.

Зохиолд дурдагдах сэтгүүлчийн увайгүй үйлдэл, аймшигт гэмт хэрэг манай нийгэмд ч тохиож буй зүйлтэй нэлээн төстэйн дээр сэтгүүл зүйн хөгжил, мэргэжлийн ёс зүй, түүгээр зогсохгүй гэмт хэрэгтэнд хандах нийгмийн хандлага, чиг баримжаа хаана явааг тольдож болно. Эл номыг Б.Шижир эх хэлнээ орчуулжээ.


"Гүн утга" нэгдлийн "Үүдэл" цуврал

Уран зохиолын "Үүдэл" цувралын шинэ номууд хэвлэгдэн гарлаа. Энэхүү цувралаар өмнө нь Э.Төгсжаргалын "Тээгч сарууд" яруу найргийн түүвэр, Л.Лхагвасүрэнгийн "Тэврэгч" өгүүллэгийн түүвэр, Х.Нямхишигийн орчуулгаар "Хоёр үетэй үг" туркийн яруу найргийн антологи, Д.Сосорбарамын "Зүүдний ...дугаар хуудас" өгүүллэгийн түүвэр тус тус хэвлэгдэж, уншигчдад хүрсэн билээ. 

Намар, хэдийнээ өвсний толгойд асаж

Намхан хөтлөөр 

                ногоон морьтон алсарч байна.

Хот тойрон алхдаг хөх халзан тогорууд

Хоёр үрээ дагуулан 

          холыг зорихоор сэм бэлдэнэ. 

Үертэй голын булчигт 

                           морь хөл алдаж сэлсэн

Үргэлжилсэн борооноор эрвээхийс 

                           гунигаа дэрлэн нойрсжээ.

Цэцгийн ганган дэлбээ 

                 тогтоол уснаа салан гансарч

Цэг төдий нарны голгор нүдээр 

                 нисэж буй хараацай, хараацай…

Харин би энэ агшинд 

            олон намрын усан гунигаа мушгиж,

Ороолтоо сэгсрээд 

                    гэрийнхээ бүсэнд хавчуулав.

Хөлөө холгоогүй, хүнээ байгаагүй цагт

Өөртөө амгалан, 

               өрөөлд халгүй амьдарна. (Л.Баасансүрэн "Лит хуанлийн завсарт" түүврээс)

Энэ удаад шинээр:

№05 - Д.Цэнд-Аюушийн "Зүүгүй цаг" яруу найргийн түүвэр

№06 - Г.Хашбаатарын "Яруу феномен" яруу найргийн түүвэр

№07 - Г.Мишээлийн "Одоохондоо чи зүүдэлж байна" жүжгийн зохиолын түүвэр

№08 - Л.Баасансүрэнгийн "Лит хуанлийн завсарт..." яруу найргийн түүвэр номууд хэвлэгджээ.


С.Баатарцогт "Нохойн жиг"

Монголын утга зохиолын туужийн төрөлд 1990-ээд он болоод түүнээс өмнөх үеийн цөөн хэдэн зохиолчид дорвитой хувь нэмэр оруулж байсан билээ. Үүнд Д.Оюунчимэг “Тэнгэрийн цаг болоогүй”, Д.Норов “Тэжээвэр”, П.Баярсайхан “Нохойн хэвтэр”, Б.Цэнддоо “Голын гацааны тэртээх хавар”, Н.Бадамжав “Дайсику” гээд нэрлээд байвал нэлээдгүй урт жагсаал гарах нь тодорхой. 

Тэгвэл энэ өвөл зохиолч С.Баатарцогтын "Нохойн жиг" тууж шинээр хэвлэгджээ. Эл бүтээл "Нохой дагуулсан хүн", "Торгон нэмнээ", "Цасан цувцаа", "Зэрлэг амьтад", "Нохойн зүрх", "Орчих хийгээд үйдэхүйн уй" гэсэн хэсгүүдээс бүрддэг.

Максим Горькийн “Салхи хөдөлтүгэй” гэдэг шиг Сайнбилэгийн Баатарцогтын салхины “ЦАГ” цохилж эхэлжээ. Түүний хүүрнэл зохиолууд тэр тусмаа богино үгүүллэгүүд нь зөн совин, сэрэхүй, ид шид, нууцлаг чанаруудыг эрэлхийлсэн онцлогтой. Сайнбилэгийн Баатарцогт гэж авьяастай хүү миний дэргэдээс нисэх гэж байна. Тэр бол МУЗ-ын “ШИНЭ ЦОНХ”. Тэндээс ямархан салхи сэвэлзэхийг одоохондоо би гадарлана.

  (Утга зохиол судлаач Пүрэвхүүгийн Батхуяг)

С.Баатарцогт өмнө нь “Салхины үүсэл” /2016/ жүжгийн түүвэр, “Цохилж эхлэв” (хамтын бүтээл) өгүүллэгийн түүвэр,  “Цасан хуй” /2022/ тууж хэвлүүлсэн бөгөөд Тагтаа утга зохиолын шагналын хүүрнэл зохиолын төрөлд “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу” өгүүллэгээрээ шилдэг оролцогчоор шалгарч байсан билээ.


М.Батбаяр "Мөнгөн будда авсан өдөр"

Орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын “Мөнгөн Будда авсан өдөр” яруу найргийн түүвэр хэвлэгджээ. Тэрбээр “Бүгд өөрийн гунигтай” (2016), “Өртөөн дээр хэлэгддэг үгс” (2019) зэрэг яруу найргийн түүврүүд, "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" (2021) тэмдэглэл, найрууллын түүвэр, " Үй Хуагийн “Амьдрахуй”,  "Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот”,  Лиякөгийн “Дин тосгоны зүүд”, Чи Жижяньийн “Цасан хөшиг” зэрэг орчуулгын арав гаруй бүтээл хэвлүүлсэн билээ.

ЧУЛУУНЫ ТҮҮХ

Ханш нээсэн өдөр

Хаврын бүх зүйл шинэ 

Гагцхүү хүмүүсийн эргэх булшны

Чулуунууд л урьдынхаараа. 

Энэ чулуунууд эндээс буцсан хүмүүсийн

Эндэх ертөнцтэй холбоотой үлдсэн сүүлчийн тэмдэг

Түүнд цэцэг өргөх хүмүүсийн хувьд тэр

Тэвэрч мэгших эцэг, эх нь.

Ханш нээсэн өдөр 

Уулын энгэрт 

Хүн, чулуу хоёр

Удтал хамт зогсоно. 

Булш цөмөрч, чулуу урагшаа өхийж

Түших гэсэн шиг хүн өөдөөс нь бөхийсөн нь

Газар доороос хэн нэгнийг

“Гараад ирээч” гэж дуудан тонгойх мэт ээ. (Мө.Батбаяр "Мөнгөн Будда авсан өдөр" түүврээс)


Б.Алтанхуяг "Эртний Миссисипийн дуун"

Утга зохиолын судлал, шинжлэл редакциас эрхлэн гаргаж буй “Цөн” хэмээх цувралын III дэвтэр (нэг зохиолын шинжлэл) уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Энэ нь утга зохиол судлаач Б.Алтанхуягийн Уильям Фолкнерын “Баавгай” тууж, өгүүллэгүүдийн жишээн дээр хийсэн уран сайхны шүүмжийн бүтээл юм. 

“…Ямар ч байваас бие хүний төлөвшил, байгалийг ойлгох, хайрлан энэрэх сэтгэлийг уран зохиолоос эрж ахул “Баавгай” туужаас л хайх хэрэгтэй”. 


Салман Рушди "Дорно, Өрнө"

Салман Рушди бол Хорхе Борхесоос эхлэлээ  авч, Габриэль Гарсиа Маркесаар түүчээлсэн шидэт реализмын арга барилыг өнөө үеийн уран зохиолд үргэлжлүүлж буй зохиолч. Түүний бичсэн цор ганц өгүүллэгийн түүвэр болох “Дорно, өрнө” бол дорно өрнийн соёл иргэншлийн эрмэлзэл, алдаа, даяаршлын бүтэлгүйтлийг эргэцүүлсэн мета роман хэлбэрийн бүтээл юм. Тус номыг Н.Ганбат орчуулжээ.


Хэролд Блүм “Өрнийн канон

Америкийн уран зохиолын нэрт шүүмжлэгч, утга зохиол судлаач, Йелийн их сургуулийн профессор Хэролд Блүмийн (1930–2019) “Өрнийн канон” (1994) ном АНУ-д төдийгүй, хоёр мянганы зааг дахь дэлхийн уран зохиолын шүүмж судлалд хамгийн их анхаарал татаж, шуугиан дэгдээсэн бүтээлийн нэг. Учир нь судалгааныхаа гучаад жилийг зарцуулсан энэхүү бүтээлээрээ зохиогч дэлхийн үгийн урлагт сэтгэлгээний охь болсон хорин зургаан зохиолчийн хосгүй гайхамшигт уран сайхны ертөнц, тэдгээрийн дахин давтагдашгүй шинжийг сод бүтээлүүдэд нь тулгуурлан нотлон харуулснаараа сонгодог Өрнийн каноныг үнэгүйдүүлэх буюу задлах тийш хэлбийлгэж байсан хүн төрөлхтөний оюуны соёлд ихээхэн уршигтай үйл явц, энэ хүрээнд он удаан жил үргэлжилсэн маргаанд цэг тавьсан юм. 

“...Толстой, Достоевский хоёрыг шагшин биширсэн (хоорондоо эсрэг тэсрэг бөгөөтөл).. Вишгенштейн тэр хоёроос эмгэнэлд хандах өөрийн амбивалент хандлагыг олж харсан шиг байгаа юм...”

Блүмийн философи сэтгэлгээний онцлог, судалгааны итгэл үнэмшил нь объектдоо хандах хандлага, интер-претаци хийх арга зүй, бясалгалын хэв маягаараа тууштай бөгөөд хүчирхэг тул хялбар няцаагдахгүй. Тухайлбал, түүний үзэж байгаагаар гоо зүйн үнэт зүйл гэдэг нь ихээхэн харьцангуй ойлголт бөгөөд түүнийг “ойлгож хүртэх цорын ганц хэрэгсэл хийгээд гол шалгуур бол хувь хүн”. Гагцхүү хувь хүн тээж, хувь хүний таашаалд оршихуйн утга хэлбэрээ олдог тэрхүү үнэт зүйл халдашгүй дархлагдсан байх ёстой. Гоо зүйн үнэт зүйл нь зохиолын амьдрах чадварыг тодорхойлох амин чухал үзүүлэлт, хувь хүний дотоод ертөнцтэй уялдаатай тул тухайн хүний мэдрэхүй, хүртэхүйн түвшин шууд хүлээж авах боломжгүй тохиолдолд түүнийг итгүүлэн сэнхрүүлэх асуудал байх боломжгүй гэж үздэг. 

Шүүмжлэлийн арга зүйн хувьд мөн ялгаагүй, хамгийн чухал өгөгдөл нь “тухайн хүний бие хүн”. Блүм энэхүү бүтээлдээ нотлон харуулж байгаагаар Каноныг бүрдүүлэгч өрнийн агуу зохиолчид оюун санааны үнэт зүйлийн бэлэн тогтолцоог (шашин, үзэл суртал, ёс суртахууны гэх мэт) бүтээлээрээ нотлох гэж мэрийдэггүй, харин ч ээлжгүй няцаадаг. Үүгээрээ тэд бодол санаа нэгтнээ ямар нэгэн авралын үзэл суртал руу төвлөрүүлэхийг эрмэлздэггүй, байгалийн жам ёсоо дагаж эрсдэл үүрдэг. Ийм учраас үзэл суртал юм уу, ямар нэгэн үнэт зүйлийн хэвшмэл тогтолцоонд дулдуйдсан уншлага уран зохиолыг доош оруулдаг гэж тэр үздэг. Учир нь түүнийхээр аливаа үзэл суртал хийгээд шашин хүний нийгмийг харалган болгох нягууртай. 


Патрик Зюскинд "Тагтаа"

Германы зохиолч Патрик Зюскинд “Сүрчиг: Алуурчны түүх” романаараа уран зохиолын ертөнцөд танил дүр билээ. Харин оршихуй, нийгмийн дараас, ганцаардал, эрх чөлөөний тухай өгүүлэх “Тагтаа” тууж түүнийг дэлхийн уран зохиолд хоёр дахиа алдаршуулсан бүтээл юм. Эл номыг Б.Ундрах эх хэлнээ хөрвүүлжээ.


"Философи ба уран зураг"

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын 16-ны өдөр “Философи ба уран зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан, мөн илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлжээ.

“Философи ба уран зураг” эмхэтгэлд (Эмхэтгэсэн О.Болор-Эрдэнэ, ред. М.Золзаяа, УБ.,2023) ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС, МУИС, “Эрдэнэт цогцолбор” Дээд сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд зэрэг байгууллагын багш, судлаачдын урлагийн философи, уран зургийн талаарх 20 орчим илтгэл хэвлэгдсэн аж.


Л.А.Абрамян "Балар цагийн баяр ёслол ба домог зүй"

“Элэр балрын хүмүүсийг таньж мэднэ гэдэг огт очиж үзээгүй газраар аялж байгаатай адил” гэж шинэ үеийн философийн эцэг гэж хэлэгддэг Рене Декарт өнөөдрийн биднээс бараг дөрвөн зууны өмнө бичсэн юм. Уншигч таны өмнө дэлгэж буй энэ ном тийм аялалын эхлэл гэж хэлж болно. 

Энэ аялал сонирхолтой, адал явдлаар дүүрэн, бас хачирхалтай, тэхдээ эрдэм шинжилгээний ном. Элэр баларын баяр ёслол, домогзүйн учир начирыг олох гэж дэлхийн нэртэй, цуутай, тулхтай эрдэмтдийн олон хэлээр бичигдсэн 536 судалгаа шинжилгээний бүтээлийг судлан шинжилж, гэрч татаж, “Балар цагийн баяр ёслол ба домогзүй” бүтээлээ туурвижээ. Ер нь баяр ёслол гэж юу вэ? Юуны учир анх үүсэв ээ? Яагаад одоо ч гэсэн бидний дунд оршин тогтносоор байна вэ? 

Та ч гэсэн сонирхож байгаа биз дээ. Энэ номыг анх уншаад бүрээ бөмбөрөө нижигнүүлэн жагсаж явснаа (1960-аад пионер) төгсөлтийн баяр хэмээн хөгжилдөн дарвиж явснаа (1970-аад он) өөрийн эрхгүй дурсан санаж билээ. 

Балар эртний баяр ёслол нийт олны мөн эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэгш эрхтэй оролцдог байсан нь эдүгээ ч бидний үед уламжлагдан иржээ. 

Харин цагийн эрхээр гээгдэн хоцорсон бүхэн хүний оюун сэтгэлгээ, ёс суртахууны хөгжил дэвшлийн гэрч болон үлджээ. Хүн төрөлхтний өнөөдрийн оюун сэтгэлгээний түвшингөөр балар эртний болон домгийн сэтгэлгээг “басамжлан” бодвоос дэндүү балчирдсан хэрэг болохыг дурдатгах нь илүүц бус гэж хэлмээр санагдана. 

Тус бүтээлийг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, философич Ж.Отгонбаяр орчуулжээ. Мөн “Утга зохиол судлал шинжлэл” цувралаар хэвлэгдэх “Миф”, “Орчлон ертөнцийн үүсэл”, “Хоёр мөрний улсуудын домог”, “Японы домог үлгэрүүд”, “Энэтхэгийн домог” гээд дарааллаа хүлээсэн номын цуваа жагсан буйг “Баяр ёслолтойгоор” дуулгая. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.