Лондон Рэвью сайт дээр нийтлэгдсэн "Монгол хаан" жүжгийн шүүмжийг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Эх сурвалж: London Review
Шүүмжийг: Вартика
Гэрэл зургуудыг: Катя Огрин
Энэ амьдралдаа би хэзээ ч ийм сүр жавхлантай бүтээлийг тайзан дээрээс үзэж байсангүй. "Монгол хаан" жүжиг тэр чигтээ дээд зэргийн, өөлөх зүйлгүй, хараа булаам байсныг онцлууштай.
Лондонгийн хамгийн том театр болох Лондонгийн Колизейд энэхүү ер бусын бүтээлийг толилуулсан нь хамгийн тохиромжтой агаад оносон шийдвэр байлаа. Туульсын шинж чанарыг агуулсан өвөрмөц жүжгүүдээрээ алдартай тус театрын сүр жавхланг "Монгол хаан" бүтээл улам бүр нэмэгдүүлсэн юм. 1998 онд бүтээсэн “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэсэн тус жүжиг биднийг Хүннү гүрний үед аваачиж, төрийнхөө төлөө гаргасан шийдвэрүүдийн ээдрээтэй нөхцөл байдалд дундаа ээрэгдэж, хувь тавилантайгаа нүүр тулж буй хааны түүхээр аялах боломжийг олгоно.
70 гаруй жүжигчин, дуучин, бүжигчин, акробатчид, хүүхэлдэйн жүжигчдийн бүрэлдэхүүн хамт олон үзэгчдийн нүдийг хужирласан бүтээлийг шаглажээ. Чадварлаг дэглэлт бүхий бүжгүүд, ховсдом хөгжмийн симфониуд, хувцасны дэгжин онцгой байдал нь хараа салгахын аргагүй. Монголын үндэсний бүжиг, тэр дундаа үндэстэн ястнуудын онцлогийг шингээсэн хөдөлгөөн, дэглэлтүүд нь соёлын баялаг байдлаа нэмэгдүүлж, үзүүлбэрээ улам амттай болгожээ.
Монгол хаан: Урьд хожид тохиогоогүй үйл хэрэг
“Монгол хаан” нь Монголын театрыг "West End"-д анх удаа таниулснаараа түүхэн хуудсыг нээж, урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй чухал үйл явдлыг бүтээж чадлаа. Энэхүү үйл явдал нь барууныханд өөрсдийн соёлыг таниулж, мэдрүүлэх боломж олгоод зогсохгүй Монголын жүжгийн театрын шинэ эрин үе дэлхийд гарч ирж буйг илтгэн харуулсан билээ. Энэхүү жүжиг нь симфони найрал хөгжим, найрал дуу, Монголын үндэсний найрал хөгжим, хүүхдийн найрал дууг багтаасан өргөн цар хүрээтэй, олон төрлийн хөгжмийн найруулгатай байснаараа онцлог. Үүгээрээ Монголын хөгжмийн баялаг сан хөмрөгийг дэлхий дахинд таниулаад зогсохгүй, Барууны сонгодог хөгжмийн өнгө аясыг шингээж чадсан нь олон улсын сонсогчдод туйлын таатай, сонирхолтой байж чадсан юм. Херо Баатарын нямбай гэгч нь найруулах чадварын ачаар энэхүү театрын гайхамшигтай бүтээл нь зүгээр ч нэг үзүүлбэр бус, Монголын түүх болоод урлагийн гайхамшгийг сүр жавхлантайгаар харуулах гэрэлт туяа болон цацарч чаджээ.
Түүхэн бодит байдалд тулгуурлан бүтээсэн хувцас болоод хэрэглэлүүд нь "Монгол хаан"-ыг Лондонгийн Колизейн нэр хүндтэй тайзнаа Монголын соёлыг таниулахад асар ихээр нөлөөлж, өв соёлын өвөрмөц байдлыг мөнхлөх үнэ цэнтэй үзвэр болгов.
Хүмүүний оршихуй агаад мөн чанарын тухай гүн гүнзгий эрэл хайгуул
Зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн тус бүтээлийг олон хүн Монголын түүхэн дэх бодит дүрүүд бүхий түүхэн үйл явдлыг дүрслэн харуулна хэмээн андуу санаж явсан билээ. Тус зохиолд хүмүүний сайн, муу тал, өшөө хорсол агаад нигүүлсэл, хайр ба үзэн ядалт, төр улсын төлөөх ажил агаад хувийн хүсэл сонирхол зэрэг чухал сэдвүүдийг хөндсөн байдаг. Алдарт Чингис хааныг түүхэнд тэмдэглэгдэн гарч ирэхээс даруй мянган жилийн өмнөх буюу Хүннү гүрний тухай өрнөж буй үйл явдлаар дүрслэн үзүүлсэн нь бидний хэзээ ч үзэж хараагүй гайхамшгийн нүдний өмнө амилан гарч ирэх боломжийг олгов.
Хүмүүний оршихуй агаад мөн чанарын тухай гүн гүнзгий эрэл хайгуулын тухай агаад соёл, эрэн үеийг донсолгосоор ирсэн мөнхийн тэмцэл, ялалтын тухай гайхам бүтээл гэж үүнийг хэлнэ. Монголын хожмын алдар цуунд дарагдан хоцордог, тэр болгон хүмүүсийн гэрчилж үл чадах Хүннү гүрний тухай түүхийг гүн гүнзгий амьдруулж, бүтээж, тайзнаас давсан бүтээл болгон харуулж чадсан нь бахархууштай. "Монгол хаан" жүжиг нь түүх, хүмүүний сэтгэл хөдлөлийн нарийн утсыг хооронд нь чадмаг сүлжсэн гүн гүнзгий өгүүлэмжтэйгээс гадна, үзэгчдийг хүч чадал, эрх мэдэл, ёс суртахуун, өв залгамжлал агаад нэр хүндийн тухай эргэцүүлэн бодох боломжийг олгож байна.
Херо Баатарын найруулсан "Монгол хаан" нийслэл хот болох Лондонгийн хамгийн том театр болох Колизейд та бүхнийг сэтгэл татамд аялалд хамтдаа гарахыг урьж, Монголын түүх, соёлыг мэдрүүлэхээр тоглогдсон билээ. Тус жүжиг бол үзэгч та бүхний хувьд Монголын баялаг түүх, сүр жавхланг мэдрэх алдаж боломгүй бүтээл бөгөөд соёлын хил хязгаарыг даван үзэгчдийн зүрхэнд хүрч, булгилуулж чадсан бүтээл болжээ.