Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Б.Алтанхуяг | "Зуун уншигч ба ариун ном" өгүүллэг


Уран зохиолд шимтэгч уншигчдадаа зохиолч Балдоржийн Алтанхуягийн шинэ бүтээл "Зуун уншигч ба ариун ном" өгүүллэгийг хуваалцаж байна. Утга зохиол судлаач П.Батхуяг түүнийг "Монголын уран зохиолын “ШИНЭ ЦОНХНУУД”-ын нэг хэмээн үзэж мөн "Түүнээс ямархан салхи сэвэлзэхийг одоохондоо би гадарлана" хэмээн "Салхины үүсэл доторх шинэ цонх" эсээндээ тэмдэглэн үлдээжээ. Б.Алтанхуяг яруу найргийн төрлөөр “Зурмал нүдэт хэрээ”/2015/, “Шувуудын гүн ухаан”/2017/, "Шулмын шүлгүүд" /2019/, "Амь тавих сарууд" /2021/, “Сүнсний нөгөө тал” /2023/,  өгүүллэгийн төрлөөр "Муурын байшингуудын түүх" /2016/, "Эрээн муурын үхэл" /2022/, судлал шинжлэлийн төрлөөр “Уншихуйд автахуй” /2019/, "Эртний Миссисипийн дуун" /2023/ тэргүүт номуудыг хэвлүүлээд буй юм.


Балдоржийн Алтанхуяг

ЗУУН УНШИГЧ БА АРИУН НОМ

Би олон жилийн турш орон байрныхаа хаалга үүдийг дангинатал түгжээд сууж байхдаа цонхон цаана үерлэн шуугих их мөрний наранд гялалзсан гал улаан давалгааны очис дээгүүр нааш цааш харайлдан хөгжилдөх үй түмэн муурыг шохоорхож суугаад нэг л өдөр толинд туссан дүрээ эгц урдаас бус ардаас нь харж сурсан юм. Жигтэй зүйл үгүй агаад нэгэнтээ нойрноос сэрж чадалгүй зүүдлэн хөрвөөж буй аятай мэдрэмж төрөхийн сацуу түүндээ агдлуулан байх аваас мөнхийн хязгааргүй зүүдэнд хөвөгч завинд суун мөнөөх их мөрний дээгүүр үсрэн наадах олон муурыг зүсэн хязгаар тийш хөвөн одох авай. 

Тийнхүү мөнөөх хачирхалтай аялалынхаа талаар зөгий балыг нь сорчихсон үхлэм цэцгийн цаасан дэлбээ, аалзны уран торны гучин долоо дахь тойргийн нарийн утас, хүр хорхойн өндөглөж ахуйдаа ялгадас адил гулгиж орхисон шүлс, шар гэгээнээр аягалж тавьсан цайнаас савсах уур байгалийг зураглаж байхад нь адууны гүзээгээр соруулж авсан хоосон агаарыг нийлүүлэн байж нэгэн ариун ном бүтээв. Дараа нь гаднаасаа дангинатал түгжиж орхисон хаалгаа дотроос нь хөшиж онгойлгоод гадагш гарлаа. Номоо би эхний таарсан зуун уншигчид зарж тэдгээрийн нүүр, царай төрх хэрхэн гэрэлтэхийг харахсан гэж туйлын их хүсэв. 

Гэрээсээ яг долоон зуун наян гурван мянга алхаж голын хөвөөнд хүрэхэд ёроол нь эргийн хоосон сайраар тэнүүчилж, гулгидас адил бүгчим агаар хөлийн шагайгаар анхилсан газарт амьдралаа үрж буй цайвар ногоон мэлхийн чинээ цоорхойтой завь намайг хүлээж байлаа. Зогсож байсан газраа гурав тойрч өөрийн бичсэн номоо цүнхнээсээ гаргаж биеэ нар зөв гурав тойруулан ариулаад завинд сууж сэлүүрээ гартаа сулхан атгав. Хэрвээ их мөрний дундаас дөнгөж бүтээсэн энэ ариун номыг авахаар ямар нэгэн хар хүч сэлүүрээс минь лавхан атгаад авбал номоо бус өгөршсөн урт модыг алдсан нь дээр гэж санасан хэрэг. Аз таарахад арьсан биеэсээ хэрээний хоёр алд өд оёсон тэдгээр үзэшгүй амьтад тааралдсангүй. Их мөрөн элгэн хүрэн очис наранд гялбалзуулан намуухан долгиолж, салхины хоёр урсгалын дагуу үсрэн наадах муурнууд яг л ус дээр шарагдаж байгаа адил харагдана. Намайг мөрний цаад эрэгт хүртэл тэд үсрэн дэгдэж, усан дээр шарагдсан хэвээрээ байсан агаад нэгэнт аялалын ариун ном цүнхэндээ авч явсан тул тэднийг яран оддог мөнөөх завь харин үзэгдээгүй билээ. Магад тэр завь яг одоо зүүдэнд бус хөл, гар, уушиг, зүрх, ходоод зэрэг хэрэгтэй, хэрэггүй олон эрхтэн сүлд модны гоёлын чимэглэл адил хэлхээтэй яснаас зүүгдэж, модны орой дээрх таван хошуу адил мянган жил өгөршсөн булангийн тоосонд даруулж хэвтсэн шүүр шиг үстэй толгойг минь дааж ядах бие цогцсыг тээж яваа ч байж мэдэх юм. 

Ингээд би он удаан жилийн цаг хугацаанд дарагдаж тариан түрүүний уудам талбайд гээж орхисон жижигхэн бэлзэг шиг оюун санааныхаа мухарт булшилж орхисон мөнөөх байшинг олж харлаа. Уур хилэн ямагт мунхаг хүслээс эх ундарга авдаг шиг эхний зуун уншигчийг хайж олохоор аварга том царсан байшингийн дундуур, ариун ном цүнхэлсэн би вээр мөнөөх мунхаг хүсэл үгүйсэн бол яагаад ч зүглэхээргүй гудмуудын шавар шавхай дундуур уцаарлан байж гурван өдөр тэнэсэн юм. Хэн ч хачирхалтай аялалынхаа талаар зөгий балыг нь сорчихсон үхлэм цэцгийн цаасан дэлбээ, аалзны уран торны гучин долоо дахь тойргийн нарийн утас, хүр хорхойн өндөглөж ахуйдаа ялгадас адил гулгиж орхисон шүлс, шар гэгээнээр аягалж тавьсан цайнаас савсах уур байгалийг зураглаж байхад нь адууны гүзээгээр соруулж авсан хоосон агаарыг нийлүүлэн байж бүтээсэн номыг минь авахыг хүссэнгүй. Номоо гар дээрээ дэлгэж тавихад хүмүүсийн нүд над руу галзуу, солиотой хүн харж байгаа аятай гайхан ширтэцгээж, хуудсуудыг нь эргүүлэн ярьж эхлэхэд өвлийн үхмэл, хуурай саарал, аварга том зууханд гэнэтхэн шидийн хүчээр бяр заан хагалсан аварга царснууд сүрхийтэл асах шиг нүдэнд нь гал дүрэлзээд арилж өгнө. 

Би цөхрөнгөө барж гүйцээд царсан байшингийн сүүлчийн гудамны үзүүрт байх гурвалжин орой дээр нь тогтоон барьсан хэдэн амбаарын дэргэдэх зос нь халцарсан хашааны наана зогсчихоод уржигдархан золбин нохдод уруулан үхэж буй дууг нь мөрний цаадах гэрээсээ сонсож асан гахайны гэдэс дотрыг ховдоглон идэж байгаа жаалхүүгийн өмнө очиж номоо барилаа. Гэтэл тун санаанд оромгүй, ерөөсөө ч энэ хорвоод байж болохгүй, та бүхэн анирдаад чихээ хөлийнхөө уланд нуучихмаар тийм зүйлийг олж сонсов. Мөнөөх шавар шавхайд хутгалдаж, гахайн өмхий гэдсээр хооллож байсан, нулимаад зугтчихмаар өчүүхэн хүний сүг чинь “Таны гар дээр ямар ч ном алга байна шүү дээ” гэдэг байгаа. 

Үгүй дээ, бурхан өршөөг! Хэрвээ тэр жаал одоо санахад “Энэ гайхалтай номыг үзэж хараагүй юм байна. Надад өгөх зүйл алга. Та энэ золбин нохдод уруулж үхсэн өмхий гахайн гэдэс дотроор сольж болох сон болов уу” хэмээсэн аваас би дуртайяа зөвшөөрөхсөн. Тэгээд л номыг минь анхлан уншиж буй зуун уншигчийн царай, төрхийг мэдэж аваад ертөнцөд үзээгүй их аз жаргалын халгисан их баяр хөөртэйгөөр талийж одох байв. Даанч орчлон ертөнц надад тийм зол завшааныг хайрласангүй. Ном цүнхнээс минь төөнөж, гар дээр жингийн туухай адил хүнд оргиулан дарж байхад бусдын нүдэнд үзэгдэхгүй байна гэж юу гэсэн үг билээ. 

Аварга том царсан байшингаас гарч гэрийнхээ зүг явахаар, зөвхөн үхлийн цаламд ээрүүлсэн хүнд л байж таарах ядарсан биетэй, хөлөө солбин алхлаа. Бие махбод бус оюун ухаан минь туйлдаа хүртэл эцжээ. Тэрхэн мөчид байшингийн эхний гудамны мөн үзүүрт байх худалдаачнаас тарвас авахаар цүнхээ уудалтал хариугүй хэдэн мөнгөн зоос хурууны өндгөнд тэмтрэгдэв. Үүгээр нэг бөндгөр тарвас битгий хэл хамгийн жижигхэн хэмжээтэйг нь зуун мянга огтолсны нэгийг ч авч хүчрэхгүй. Гэтэл сайн санаат тарвасны худалдаачин ямар нэгэн зүйлээр сольж болохыг үүрэгдэв. Би яаран цүнхээ уудалж номоо гарган баритал худалдаачин бусад хүний адил гайхаж, хэсэгхэн хугацаанд царай нь эртний бурхадын урласан хүрэл хөшөөний сийлмэл дүрд хувирснаа удалгүй уяран гэрэлтэж, улмаа бүр тэнгэрийн наагуур татсан шил шиг тунгалаг болоод гар дээр минь нэгэн том тарвас тавиад мэхийв. 

Би тэндээс ангийн бүрээ татахад харсан зүгтээ санд мэнд хурдлах араатан адил бүх бие минь тулааны өмнөх дайчин баатар шиг эрч хүчээр дүүрэн алхаагаар хурдлан алхсаар завиндаа сууж мөрний нөгөө эрэгт байх гэрээ зорин сэлүүрдлээ. 

Хожим олон арван өнгөрсний дараа л би тэрхүү тарвасны худалдаачныг тарианы хуурай иш чадмаг сүлжиж босгосон овоохой, гайхалтай сайхан тарвас тариалдаг атал гудамжинд золбин нохдод уруулж үхсэн гахайн гэдэс дотор зажилж суусан ач хүүтэй, мөн өрөөсөн чих нь өтөж, өмхий үнэр ханхлуулсан нохойтой байсныг саналаа. Эцэст нь хэдэн цагийн турш оюун ухааныхаа эд эс бүхнийг онгичин байж нэрийг нь олов. Тэгээд л би өөрөөсөө тарвас худалдаж авснаа ухаарсан юм. 

Бүтээл ямагт өөртөө хүрэх замын удиртгал бөгөөд зүүд л түүний жинхэнэ замч байх учиртай.

(Балдоржийн Алтанхуяг).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.