UBLife Logo
Спорт

Саудын Арабаас "уйдсан" Жордан Хендерсон "Аякс"-д нэгдлээ

Саудын Арабаас "уйдсан" Жордан Хендерсон "Аякс"-д нэгдлээ

Англи хагас хамгаалагч Жордан Хендерсон Саудын Арабын "Аль Эттифак" клубтэй байгуулсан гэрээгээ зургаан сарын дараа цуцалж, "Аякс" багт тоглохоор шийджээ.

Тэрбээр Нидерландын багт хоёр жил хагасын хугацаанд тоглохоор тохиролцов.

33 настай Хендерсон өнгөрсөн оны 7-р сард "Ливерпүүл"-ээс 12 сая фунт стерлингийн үнээр "Аль-Эттифак"-д шилжин, долоо хоногт 700,000 паундын цалинтай гурван жилийн гэрээг байгуулсан.

Хендерсон Арабын багт "Ливерпүүл"-ийн ахлагч асан Стивен Жеррардын удирдлагад тоглож байсан ч, тэдний хослол төдийлөн амжилттай түүхийг бүтээж чадаагүй билээ.

Тэрбээр Саудын Арабын Про лигт ердөө 17 тоглолтод оролцсон.

Саудын Арабын Про лигийн багууд өнгөрсөн зун 750 сая фунт стерлингийг тоглогч худалдан авахад зарцуулж, 94 гэрээ байгуулсан. Францын од Карим Бензема 6-р сард гурван жилийн гэрээгээр "Аль-Иттихад"-д нэгдсэн ч өдгөө багтаа үлдэх эсэхдээ эргэлзэх болж, Европт тоглох боломжуудыг эрэлхийлж байна. Гэхдээ Хендерсон бол Арабыг орхиж буй анхны нөлөө бүхий тоглогч юм.

Нидерландын лигийн 36 удаагийн аварга буюу тус лигт хамгийн олон удаа түрүүлсэн "Аякс" энэ улирлыг асар тааруу эхлүүлж, хүснэгтийн ёроолд хүртлээ унасан ч, өдгөө лигийг тэргүүлэгч "ПСВ Эйндховен"-оос 23 онооны хоцрогдолтой, тавдугаар байрт бичигдэж байна.

Аналистууд эл шилжилтийг ирэх зун "Евро 2024" тэмцээнд оролцох Английн шигшээ багт дуудагдахын төлөөх Хендерсоны чухал нүүдэл гэж дүгнэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.