Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зорилго


 М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэнтэй дижитал банк, технологи, банкны салбарын шинэ трэндүүдийн талаар ярилцлаа. Энэхүү ярилцлага "Turning points-2024" сэтгүүлд нийтлэгдсэн болно. 


Мбанк албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд маш чухал жилийг үдэж байна. Энэ жилийн хувьд танай банкны эргэлтийн цэг болсон үйл явдлууд юу байсан бэ? 

-”М-Си-Эс” группийн хөрөнгө оруулалттай М банк нь Монголын 12 дахь буюу хамгийн отгон банк. Бид дижитал банк үүсгэн байгуулахаар зорьж, бизнес моделио ч үүнд чиглүүлэн ажилласан. Анх 2017 онд эхлүүлсэн төсөл маань явсаар 2022 оны хоёрдугаар сард албан ёсоор лицензээ авснаар эхэлж, үүнээс хойш банктай холбоотой систем хөгжүүлэлт, дотоод үйл ажиллагаа, процесс, хүний нөөцөө бүрдүүлэхээс эхлээд бүтээгдэхүүнээ нэг нэгээр нь зах зээлд гаргаад явж байна. Арилжааны банкны хувьд амин чухал хэрэгцээтэй, иргэдийн болон жижиг дунд бизнест зориулсан бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад байна. 2023 он бид арилжааны банкны хувьд сууриа бат цогцлооход зорьж, үүндээ ч хангалттай хүрлээ гэж харж байна. 

Бид иргэдэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан банкийг бүтээхээр зорьсон. Ялангуяа банкны бизнесийн хүртээмж нь хараахан хүрдэггүй зах зээлд хүрч ажиллахаар хичээж байна. Биет салбаргүй, бүрэн дижиталд суурилсан шинэ үеийн банк гэдэг нь манай гол онцлог. Энэ утгаараа харилцагчийн үйлчилгээ, аппликэйшний өнгө үзэмж, хүнд өгөх мэдрэмж, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахад дотно, тухтай байх, ямар давуу тал өгөх вэ гэдэгт бид голлон анхаардаг. Банкны уламжлалт хэлбэр буюу салбар дээр очоод нүүр нүүрээ хараад харилцахаас тэс ондоо мэдрэмж төрнө. Үүнийг бид халж, хэрэглэгчийн цаг завыг хэмнэхийн сацуу илүү хялбар, дотно, ойрхоноор яаж харилцаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэх вэ гэдэг хамгийн чухал. Манай банкны харилцагчдын тоо нэмэгдэж, хүртээмж ихсээд ирэхээр бидний бизнесийн давуу талууд илүү тодорхой харагдах болов уу. Цаг зав хэмнэхээс гадна нэгж бүтээгдэхүүний өртөгийг хэмнэж, харилцагчдад үзүүлэх давуу талууд тэр хэрээр ихэснэ гэж бид харж байгаа. 

Бид саяхан Visa International байгууллагын албан ёсны Үндсэн гишүүн банк (Principal Member) болсон. Ингэснээр бид олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч нартаа хүргэхэд бэлэн болж байна. М банкны харилцагчид 2024 оны эхээр гадаадад төлбөр тооцоо хийж болдог болно. Ингэснээр банкны үндсэн суурь, зайлшгүй байх бүтээгдэхүүнүүд маань бүрдэж буй. Үүнээс цааш инновац нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ юу байх вэ гэдэгт бид илүү төвлөрч ажиллана. 

 -Необанк гэх ойлголт дэлхий дахинд ч шинэ хэвээрээ байна. Дэлхийн зах зээл, банк санхүүгийн хөгжилтэй хөл нийлүүлэн шинэлэг хэв маяг, үйлчилгээгээр ялгарахад хэр хэцүү байсан бэ. Зах зээлийн орчин, харилцагчдын хүлээлт болон дассан сэтгэлгээг өөрчлөх зэргээр асуудлууд бий байсан болов уу?

-Бид өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд 220 мянган харилцагчтай болж амжсан байна. Манай аппликэйшнийг татаж, туршаад ашиглаж эхэлсэн ийм хэмжээний харилцагчийг татна гэдэг чамлахааргүй амжилт. Өнөө цагийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагатай уялдаж банкны үйлчилгээг авахдаа заавал салбар руу зорьж очих сонирхол маш бага болж байна. Хүмүүс дижитал үйлчилгээний давуу талуудыг олон салбарт мэдрээд үзчихсэн болохоор банкны үйдчилгээг илүү амар, хялбар болохыг хүссэн хүлээлт ч бас бий нь мэдрэгддэг. Тийм учраас энэ хувьсал цаг хугацааны л асуудал байсан. 220 мянган харилцагчийн тоог бид энэ хэрээр бидэнд итгэж буй итгэл гэж хүлээж авсан. Бид бусад банк шиг олон жилийн түүхгүй, салбаргүй гэдэг утгаараа М банк хаана байдаг юм, оффис гэж бий юу ер нь, хэн удирдаад ажиллуулаад байна вэ гэдэг эргэлзээ байх нь ойлгомжтой. Гэтэл бидэнд итгээд, бидний авчрах үнэ цэн, давуу талуудыг ойлгоод харилцагч болсон нь яалт ч үгүй маш том итгэл. Одоохондоо зарим хүн энэ яадаг банк вэ, аппликэйшнийг нь татаад харъя, юу ч гэсэн хэрэглээд үзье гэсэн хандлагатай байгаа байх. Туршаад, сонирхоод хэрэглээд үзэж байгаа энэ хандлага ч бидэнд амжилт мөн. Зарим зүйл нь таалагдаж байна, заримыг нь сайжруулах хэрэгтэй гэсэн санал сэтгэгдлүүдээ ч хэлдэг. Ийм саналыг бид үргэлж нээлттэй хүлээж авч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулсаар байх болно. 

-Дижитал банкны давуу болон сул талууд нь юу байна вэ?

-Аливаа бизнест гараанаас түрүүлж гарсны давуу талууд байдаг шиг сүүлдэж орсны давуу тал ч байдаг. Өөрчлөлт, шинэ трендүүдэд илүү мэдрэг, уламжлалын дагуу явж ирсэн зүйлсийн авахыг авч, гээхийг гээж үйлчилгээгээ илүү төгөлдөр болгох боломж талаасаа тэр. Өдгөө арилжааны банкууд бүгд л өөрсдийн аппликэйшнтай, сошиал сувгуудтай, цахим үйлчилгээтэй. Бид тэгвэл дижитал, необанк гэж буйн хувьд юугаараа ялгарах вэ гэдгээ эхлээд тооцсон. 

Зах зээлд 20-30 жил болсон банкуудыг харж, судлаад харилцагчид юу хүсэж байна вэ, банкны үйлчилгээг амар, хялбар авахад саад болж буй зүйлс юу вэ, түүнийг технологиор дамжуулан хэрхэн шийдэх боломжтой вэ гэдгийг чухалчлан үзэж бизнесээ эхлүүлж байгаа нь том давуу тал. Уламжлалт банкны нүсэр бүтэц, хялбар шийдэж болох үйлчилгээг шинэчлэх, дэлхийн банкны салбарт гарч буй шинэ систем, платформуудыг анхаасаа нэвтрүүлж, хурдтайгаар хөл нийлүүлж банкны үйлчилгээг шинэ түвшинд гаргах боломж бидэнд байгааг олж харсан. Энэ нь эргээд салбартаа, ялангуяа харилцагчдад маш том давуу талуудыг авчирна. Хүмүүсийн хүлээлт ч энэ зүг байна. Банк гэдэг хүнд сурталтай, нүсэр, хөшингө гэсэн ойлголтыг эвдэх хэрэгтэй байна л даа. Олон салбар ажиллуулахгүй, хүний нөөцийн хувьд харьцангуй цомхон бүтэцтэй зэргээрээ нэгж бүтээгдэхүүний өртөг багасаж, технологид суурилж буйн учир түргэн хувьсах чадвартай гэдгээрээ хэрэглэгчдэд очих давуу тал нь олон. 

-Монголчууд гар утасны хэрэглээний хувиар дэлхийн дунджаас дээгүүрт ордог. Энэ нь хэрэглэгчид бүтээгдэхүүн санал болгох зүгээс давуу тал болж байгаа болов уу. 

-Хэрэглээ талаасаа хүмүүс янз бүрийн аппликэйшн хэрэглэсээр дадал суучихсан. Тиймээс шинэ апп ашиглахад энэ юу билээ гэлгүйгээр үйлчилгээгээ аваад сурсан гэдэг нь том давуу тал. Бидний зүгээс өөрсдийн аппликэйшний өнгө үзэмж, хэрэглээний хялбар байдал, түүгээр дамжуулж өгөх мэдрэмж ямар байх вэ гэдэгт чухалчлан анхаарч байна. Дижитал банкны хувьд системээ бодож бүтээгдэхүүнээ хөгжүүлэх биш, харин харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагыг харгалзаж түүнд нь нийцүүлэх гэдэг нэн тэргүүний зорилт болдог. Харилцагч юу хүсэж байна вэ гэдэг дээр тулгуурлаж түүнд таарсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дахин загварчлах нь бидний гол философи байхыг багийнхаа залууст байнга сануулдаг. 

Бид хүмүүсийн өдөр тутмын амьдралын бүхий л хэрэгцээг хангасан “lifestyle bank” байхыг эрмэлзэж байгаа. Энэ хүрээнд дижитал эко системээ бий болгож, тэдгээрийг холбосон банкны суурь платформ буюу санхүүгийн супер апп болох зорилготой. 2024 онд бид энэ чиглэлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байна. Зөвхөн банкны үйлчилгээ гэлтгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээг хялбар, ухаалгаар шийдсэн хамтарсан бүтээгдэхүүнүүд гаргахаар ажиллаж байна. 

-Дэлхийн бусад необанкуудын адилаар М банк зөвхөн гар утасны апп, вэб сайт буюу онлайнаар дамжуулан хүргэх биет салбаргүй. Ингэхийн тулд технологийн маш хүчтэй ар тал, баг хэрэгтэй болох болов уу. 

-Манай багийн 70 орчим хувийг банкны салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн, 30-аас илүү хувийг IT-н чиглэлийн мэргэжилтнүүд эзэлж байна. Бид анхнаасаа технологийн соёлтой банк бий болгохоор зорьсон учраас IT мэргэжилтнүүд манай багт хамгийн түрүүнд орж ирсэн. Банкны систем дээр ажиллаж байсан гэхээс илүү IT туршлага, хувь хүний хандлага, хурдан юм сурдаг чанарыг илүүтэй харсан. Би өөрөө ч банкийг арай өөрөөр харж, банкны тогтсон соёл, хэв маягийг яаж өөрчилж, шинэчилж болох вэ гэдгийг хардаг. 

Банкууд олон улсад ашиглаж буй томоохон системүүдийг ашиглаад явах уу, эсвэл өөрсдөө хөгжүүлэх үү гэдэг сонголттой тулдаг. Энэ нь тухайн банкны стратеги, бизнесийн алсын хараатай шууд уялдна. М банкны хувьд үндсэн суурь талдаа олон улсад стандартын системүүдийг ашиглаж, фронт энд хэсгээ өөрсдөө хөгжүүлэх чиглэл барин ажиллаж байна. Энэ нь ч дижитал банкинд хамгийн оновчтой шийдэл байдаг. 

-М банкны хувьд энэ жилийн онцлох тоонууд юу байсан бэ. 

-Түрүүн хэлсэнчлэн харилцагчийн тоо дижитал банкны хамгийн чухал үзүүлэлтийн нэг. Зах зээлд шинээр гарч ирсэн банкны хувьд 220 мянган хэрэглэгчийг татсан гэдэг чамлахааргүй тоо. Хүмүүс манай банкны аппликэйшнийг сонирхож татаж аваад хэрэглэж байна, илүү их хүлээлттэй байна гэдэг нь бидэнд их урам өгч байгаа. Манай зарим голлох бүтээгдэхүүн явцын дунд нэвтрээд явсан. Жишээ нь, хадгаламжийн зөвшөөрлийг бид 2022 оны арванхоёрдугаар сард авч, хөгжүүлэлтийн процесс эхлээд энэ оны дөрөвдүгээр сард зах зээлд нэвтэрсэн. Одоо манай банкны үндсэн суурь бүтээгдэхүүнүүд бүрдсэн учраас харилцагчийн тоо цаашид нэмэгдээд явах хүлээлт бий. Манай зээлдэгчдийн тоо 17 мянгад хүрсэн. Хадгаламж байршуулсан хэрэглэгчийн тоо 7,900, картын харилцагч 18,100 болсон байна. 

-М банк маркетингаараа банкны салбарт цоо шинэ уур амьсгал авчирч байгаа. Мэдээж үүний цаана банкны өөрийн философи, үнэ цэн бий. Энэ тал дээр та юу хэлэх вэ? 

-Дижитал банкны өөрийн характер, гол онцлог нь хүмүүст ойр дотно байх, түвэггүй хялбар байх, бүтээгдэхүүн үйлчилгээ нь амьдралд ойрхон байх зэргээр илэрдэг. Тийм ч учраас систем хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахдаа ч хамгийн түрүүнд харилцагчаа хардаг, судалдаг. Уламжлалт банк гэдэг ойлголт өдгөө их өөр болж байна шүү дээ. 

Хүмүүс банкин дээр үйлчилгээ авах гэж очдоггүй. Банк бол ердөө дундын хэрэгсэл. Амьдралын өдөр тутмын хэрэгцээг хялбар болгодог, цаг хугацаа хэмнэдэг, найдвартай баталгаа болдог хэрэгсэл. Хэрэгсэл учраас түүний хэрэглэж буй хүнд л аль болох таарч тохирсон байхыг үндсэн зорилгоо болгоно. Ингээд бодохоор банк нүсэр, хөшингө, харилцагчаа өндөр дээрээс харсан мэт байж таарахгүй болж ирнэ. Харилцагчтай нэг түвшинд, найз шиг, хамтрагч шиг байна гэдэг манай гол философи. Энэ суурь санаа, ялгарал, үндсэн философийг зах зээлд таниулж,ойлгуулах ажлыг манай маркетингийн залуус маш сайн хийж чадсан гэж би хардаг. 

-Монголын банкны салбарын реформын гол ажил болох системийн нөлөө бүхий банкууд IPO гаргах ажил энэ онд явагдаж дууслаа. Энэ үйл явцыг таны хувьд хэрхэн харсан бэ? 

-Арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулсан энэ үйл явцыг реформын хувьд олон талаар эерэг нөлөөтэй гэж харж байгаа. Санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг хангаж байгаа банкны салбар цөөн хүний хараат байдлаас гарч, нээлттэй болж буй нь маш том дэвшил. Хөрөнгийн зах зээлийн хувьд ч эерэг мэдээ байж чадлаа. Хамгийн сүүлд хэзээ ийм том хэмжээний компаниуд IPO гаргасан билээ. 

Нөгөө талаас харахад, нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг хангах сүүлийн хугацаа энэ сараар дуусаж байгаа. Банкууд бүгдээрээ энэ шаардлагыг хангаж чадсан уу гэвэл үгүй болов уу. Энд олон асуудал гарч ирж байгаа байх л даа. Банк өөрөө хөрөнгө оруулагч татаж чадах томоохон субъект мөн үү гэвэл мөн. Гэтэл банк гэдэг маш том ассет учраас дотоодын хөрөнгө оруулагч нараар хангана гэвэл боломжгүй. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулагч татах хэрэг гарна. 

Гаднын томоохон хөрөнгө оруулагчид мэдээж хамгийн өндөр хувиар, таатай нөхцлөөр орж ирэхийг хүснэ. Гэтэл нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас хэтрэхгүй гэчихээр гадныханд таатай нөхцөл болж харагдахгүй байгаа юм. Нөгөө талаар бага хувиар олон хөрөнгө оруулагч татаж болох ч энэ нь бодит байдал дээр биелэхэд хүндрэлтэй учраас эргээд асуудал болж байна. 

Банкны реформыг хийхдээ хөрөнгө оруулагч талаас нь биш, эрсдэл талаасаа харсан сөрөг талууд гарч ирж байна гэж харж байгаа. Энэ реформ эцсийн дүндээ ямар зорилготой вэ гэдэгт асуултын тэмдэг олон байна. 

-Банкны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд хууль эрх зүйн зохицуулалтаас шалтгаалсан саад хэр их гарч байна вэ? 

-Тийм асуудлууд байсаар байна. Жишээ нь, харилцагчийг таньж мэдэх тухайд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор заавал харилцагчийн гарын үсгийг авах, биечлэн ирүүлэх гэх шаардлага нь дижиталаар бизнесээ хийж байгаа аливаа байгууллагуудын технологийн хурдыг сааруулж байгаа. Биетээр гарын үсгийг аваагүйгээс болж шүүх дээр аливаа бичиг баримт хүчин төгөлдөр биш болдог зэргээс эхлэн олон хууль журам хоорондоо хамааралтайгаар өөрчлөгдөх шаардлага бий. Мэдээж эрсдлүүд байхыг үгүйсгэхгүй. Бид үүн дээр Цахим хөгжлийн яамны бодлого, шийдвэрүүдийг тууштай дэмжиж байгаа. Гэхдээ дэлхий нийтийн хандлага, технологийн хөгжлөө дагаад хууль, журамд өөрчлөлт ороод явна гэдэгт итгэлтэй байна. 

-Та эдийн засгийн болоод санхүүгийн мэдээлэлд ойр байдаг хүний хувьд ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ? 

-Монголын уул уурхайн салбарын экспорт, тэр дундаа нүүрсний экспорт түүхэнд дээд хэмжээнд хүрч өссөнөөр эдийн засаг цар тахлын хүнд үеэс бодитоор өсөхөд томоохон дэмжлэг болж байна. 100 ам.доллар байсан нүүрсний үнэ 2022 оны хавар оргил үедээ 300 ам.доллар хүрч өссөн, түүнээс хойш үнэ буурч байгаа хэдий ч өмнөх жилүүдийн дунджаас өндөр түвшинд байгаа нь манай эдийн засагт эерэг дохио юм. Урсгал данс 2007 оноос хойш анх удаа ашигтай гарч, төлбөрийн тэнцэл мөн ашигтай гарснаар Монгол улсын валютын нөөц нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байх боломж бүрдсэн нь ирэх жилийн өөдрөгөөр харах шалтгаан болж байна. 

Оюу Толгой ордын гүний бүтээн байгуулалт дуусаж ирэх жил зэсийн баяжмалын гарц, чанар сайжрах зэрэг эерэг тоонуудаас харвал экспорт өндөр түвшинд хэвээр хадгалагдаж, ам.долларын ханш тогтвортой хадгалагдахад чухал нөлөө үзүүлэхээр байна. 2024 онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд, Монгол банк, Сангийн яам 5.5-7.0 хувьтай байна гэж таамагласан нь энэ жилийн уул уурхайн өсөлтийг дагасан эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдахаар байна. Энэ өсөлтийн үед айл өрхүүдийн, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн байдал сайжирч эдийн засгийн идэвхжил улам бүр нэмэгдэх болов уу гэж харж байна.

Олон улсын түвшний эрсдэлүүд хэвээр байгааг та бид мэдэж байгаа. Орос - Украйны дайн сунжирч, Хятадын үл хөдлөх салбарын тогтворгүй байдал үргэлжилж, АНУ-ын банкны салбарын хямрал зэрэг дэлхий дахины эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүд тодорхойгүй байдалд байсаар байна. Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа, олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийг буурах трендтэй таамаглаж байгаа аж. Дотоодын хувьд ирэх жил сонгууль болно. Энэ сонгуулиар томоохон намууд ямар мөрийн хөтөлбөртэй орж, тэр нь эргээд эдийн засагтаа яаж нөлөөлөх вэ гэдгийг бид тооцож чадахгүй байна шүү дээ. Популист амлалтууд өгч, инфляцаа хөөрөгдүүлэх эрсдэл ч бий. Утаа, түгжрэл, ханиад томуу зэрэг өвчлөл, түлш, эрчим хүчний асуудлуудаас болж нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Үүнд улстөрчид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг ч тодорхойгүй байна.

-Дэлхий дахинд банкны үйлчилгээ хөгжсөөр, цоо шинэ үйлчилгээ, чиг хандлагууд тогтож буй. Эдгээрийг та хэр дагадаг вэ, ойрын жилүүдэд Монголд нэвтрэх, биднийг хүлээж буй шинэчлэлүүд юу байгаа бол? 

-Зөвхөн банк гэлтгүй бүхий л салбарт технолгийн талаас харвал хоёр сэдэв голлож байна. Нэгд, AI буюу хиймэл оюун ухаан, нөгөө нь клоуд технологи. Энэ бол зайлшгүй ирэх ирээдүй, чиг хандлага учраас бид үүлэн технологид бэлэн байж, богино хугацаанд хөгжлийг гүйцэх хэрэгтэй гэж хардаг. AI буюу хиймэл оюун ухаан банкны салбарт нэвтрээд удаж байна. Улам бүр боловсронгуй болсоор байгаатай бид тасралтгүй суралцсаар байх хэрэгтэй. Ялангуяа харилцагчийн үйлчилгээнд том өөрчлөлтийг авчирч байгаа. Хиймэл оюуны тусламжтайгаар харилцагчийн ямар үйлдэл хийх гэж буйг урьдчилан таамаглаж, эрсдлийг нь үнэлж, зөвхөн тухайн хүнд тохирсон үйлчилгээ санал болгодог хэмжээнд очсон байна. 

Бидний хувьд дата, өгөгдлийг сайн цуглуулах, хамгийн гол нь үүнийгээ сайтар үнэлж, зөв тайлж уншиж, шийдвэр болон бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглах нь нэн чухал болж ирж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Б.Гантуяа: Нэн орчин үеийн урлагийг таниулахад бидэнд газрын зураг биш, луужин л хэрэг ...
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
санал болгох
1
10 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0