Гэрэл зураг дарахад хамгийн чухал зүйл бол гэрэлтүүлэг юм. Гэрлийг олон төрөлд ангилдаг. Байгалийн гэрэл, студи гэрэл гэх мэт. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ тусгайлан Америкийн гэрэл зурагчин Жимми Чиний байгалийн гэрлийн тухай зөвлөмжүүдийг хүргэж байна.
"Гэрэл бол бүх зүйл. Хэрэв та үүнийг яаж ашиглахаа мэдэхгүй байгаа бол ажиглах хэрэгтэй."
Байгалийн гэрэл гэж юу вэ?
Байгалийн гэрэл нь нар эсвэл сарны гэрэл, хүрээлэн буй орчноос ялгарч буй гэрэл юм. Нар тэнгэрт байх үед байгалийн гэрэл минут тутамд өөрчлөгддөг. Тийм ч учраас аль өдөр нар яг хаана мандах эсвэл жаргахыг урьдчилан мэдэрч тооцоолох чухал.

Хамгийн сайн байгалийн гэрлийг хэрхэн олох вэ?
Мэдээж цаг агаарыг урьдчилан харах мөн гэнэтийн өөрчлөлтүүдэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ямар уур амьсгалтай зураг дарахаар төлөвлөж байна вэ? Түүнд тохируулан өдөр төлөвлөх.

Хатуу, зөөлөн гэрэл гэж юу вэ?
Хатуу гэрэл гэдэг нь нартай өдөр тод харагддаг, тод, гүн сүүдэртэй гэрэл юм. Зөөлөн гэрэл гэдэг нь үүлэрхэг өдөр, сүүдэр нь илүү зөөлөн харагддаг гэрэл юм. Зөөлөн гэрэл нь хөрөг зураг дарахад тохиромжтой.
Өнгө
Хэдийгээр бид нарыг гэрлийн байнгын эх үүсвэр гэж боддог ч өдрийн цаг хугацаанаас хамаарч гэрэл температурыг үргэлж өөрчлөгдөж байдаг. Нар мандахад гэрэл илүү дулаан, шаргал өнгөтэй болно. Үд дунд гэрэл илүү хүйтэн, цэнхэр цагаан өнгөтэй байна. Үүнийг заримдаа цагаан гэрэл гэж нэрлэдэг. Нар жаргахаас өмнөх 30 минутыг "алтан цаг" гэж нэрлэдэг, учир нь гэрэл дулаан, алтан өнгөтэй байдаг. Цэнхэр цаг буюу бүрэнхий бол нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрт гэрэл гэгээтэй хэвээр байх үеийг нэрлэнэ.
Байгалын гэрлийг ашиглахад анхаарах зүйл
Хэрэв та нарыг дарах гэж буй зурагтаа багтаах гэж байгаа бол камераа нэн түрүүнд арчих хэрэгтэй. Энэ нь инээдтэй уншигдаж болох ч хамгийн чухал зүйл юм. Ихэнх хүмүүс гар утас эсвэл камераа арчаагүйгээс үүдэж гэрлийн сарнилтыг бий болгодог.
Хөрөг зураг авалт
Шууд гэрэлтүүлгээс илүү байгалийн гэрлийг хөрөг зурагт ашиглах нь илүү зөөлөн, гялалзсан дүр төрхийг бий болгодог. Дотор зураг авалтад байгалийн гэрлийг ашиглахаар бол зураг дарах гэж буй объектын цонх, хаалга гэх мэт байгалийн гэрлийн эх үүсвэрийн ойролцоо байрлуул. Урд гэрэл нь арьсны ямар ч асуудлыг гөлгөр харагдуулах бол хажуугийн гэрэл нь хэлбэр хэмжээг илүү тодруулдаг. Гадаа хөрөг зураг авах нь бага зэрэг хэцүү байж болох ч боломжгүй зүйл биш! Нар эгц дээрээс тусах үед объектын нүүрэнд хурц сүүдэр үүсгэх тул үд дунд зураг авалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Харин өглөө, оройд нарны гэрэл таны объект дээр илүү хүртээмжтэй, зөөлөн, жигд тусах магадлал өндөр байдаг учир ашиглахад тохиромжтой.
Бүтээгдэхүүний зураг авалт
Байгалийн гэрэл нь бүтээгдэхүүний гэрэл зургийг авахад тохиромжтой, учир нь хиймэл гэрэл нь өнгийг өөрчилдөг бол байгалийн гэрэл нь түүнийг хадгалахад тусалдаг. Хэрэв гэрэл хэт ширүүн байвал байгалийн гэрлийг зөөлрүүлэхийн тулд цонхны дээгүүр нимгэн цагаан цаас эсвэл даавуу байрлуулж болно. Хэрэв үүл нарыг бүрхэж, гэрэл уналтад орвол тугалган цаас, цацруулагч ашиглаж болно.
Хуримын гэрэл зураг
Олон хуримын гэрэл зурагчид байгалийн гэрэл ашиглахыг илүүд үздэг, учир нь энэ нь хиймэл гэрлээс илүү зөөлөн, романтик мэдрэмжийг өгдөг. Байгалийн гэрлээр зураг авах нь бага тоног төхөөрөмж шаарддаг ч энэ нь зурагчнаас маш их хөдөлгөөнийг шаарддаг.
Жимми Чиний байгалийн гэрлийг ашигласан гайхалтай 5 зураг




