Өнгөрсөн онд шатрын 3*3 Азийн бүсийн АШТ-ий Нээлттэй ангилалд хожигдолгүй түрүүлж, түүхэн амжилтад хүрсэн Их мастер С.Билгүүн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Гаргасан амжилтыг маань дэмжихгүй байхад цаашид мэргэжлийн тамирчны замналаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байгаагаа дурдан шатрын холбоонд хүсэлтээ уламжилж сонгон шалгаруулах тэмцээнээс нэрээ татсан" гэв.
Мөн энэхүү мэдэгдэлдээ "Юуны түрүүнд тамирчин хүн улс орноо төлөөлөх тэр дундаа Үндэснийхээ шигшээ багийг төлөөлөн уралдаан тэмцээнд оролцоно гэдэг том бахархал байдаг билээ. Шигшээ багт байсан хугацаандаа өөрийн замналын хамгийн том амжилт болох Азийн 3.3 бүсийн аварга болсон бөгөөд Монгол Улсаас 60 гаруй жилийн дараа энэхүү амжилтыг үзүүлсэндээ баяртай байдаг.
Үндэсний шигшээ баг гэдэг улс орноос цалин, тэмцээн уралдаан болон бэлтгэл сургуулилтын зардлаар хангагдаж эргээд бэлтгэлээ шамдан хийж амжилт үзүүлэх энгийн юм шиг хэр нь нэлээн том агуулгатай байдаг аж. Дан тамирчин дасгалжуулагчаас хамаарахгүй тухайн спортын холбоо болон бусад хүчин зүйлсийг ч хамруулах ёстой гэдгийг бага багаар ойлгосоор байна.
Бэлтгэлийн хувьд спортын онцлогоос шалтгаалж шигшээд байсан 1,5 жилийн хугацаанд маш цөөн тооны хамтарсан бэлтгэлд гарсан бөгөөд тухайн бэлтгэлүүд агаарт илүү сэргээлтийн шинж чанартай байсныг нуух шаардлагагүй.
Дасгалжуулагчийн тал дээр:
Манай улсын урдаа тавьдаг дасгалжуулагчид маань шигшээгийн цалин хөлснөөс гадна тэмцээн уралдаанд тогтмол заавал хамт явдаг шаардлагаас үүдэлтэйгээр энэхүү ажлыг авдаггүй ээ. Оронд нь илүү менежер талын хүн бичиг цаасны ажлыг нь цэгцэлж явах нь зүйтэй гэсэн холбооны ерөнхий бодлого ч хэрэгжээд нэлээн удсан байна. Тэгвэл энэ асуудлыг дараах байдлаар зохицуулж болох мэт. Шатрын холбоо мэргэжлийн тамирчдын амжилтад тус дэм болох үүрэгтэй. Зүгээр хэдэн тамирчдаа та нар одоо шигшээгийн тамирчид бид нарт хамаагүй өөрсдөө учраа ол гэх аястай хандахгүйгээр дасгалжуулагчийн цалин хөлсийг нэмж шилдэг багш нараа шигшээд авах эсвэл Монголд хийх бэлтгэл сургуулилтад зориулж дасгалжуулагч томилох гадагшаа уралдаан тэмцээнд дагаж явах менежерийг холбооноос цалинжуулах гэх мэт аргууд байж болох талтай. Аль алинд нь холбооноос сардаа тогтмол их биш зардлаар шийдэж болох мэт санагдаж байна. Бүүр цаашлаад гадаадаас дасгалжуулагч авах ч санаа санаачилга байж болно.
Бэлтгэл сургуулилтын тал дээр:
Тэмцээн уралдаан дөхөөд агаар салхинд гарч амрангаа бэлтгэл хийх гоё байдаг. Гэхдээ мэдээж яг үр дүнтэй бэлтгэл мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй. Илүү мэргэжлийн чиг хандлагатай, туршлагатай багш дасгалжуулагчдын гар доор, бэлтгэх хангах шилдэг болон өсөх ирээдүйтэй тамирчдыг урьж оролцуулсан байдлаар хийх нь зүйтэй болов уу. Цаашлаад гадаадын зуны өвлийн бэлтгэлийн кампуудад тамирчдаа явуулах ч боломж харагдаж байна.
Тамирчдын тал дээр:
Шигшээ баг гэдэг цалин аваад гоё нэр зүүхийн хэлбэр бишээ, харин ч хүлээх хариуцлагын хэмжээ ихсэж бэлтгэл сургуулилтаа сайжруулж амжилт үзүүлэх ёстой гэсэн хүлээлт дагаж ирж байдаг юм шүү. Бэлтгэл сургуулилтаас гадна сургалт семинар, үзлэг оношилгоо, нэгдэл уулзалт зэрэг бусад ажлууд гарч ирэх бөгөөд шатарчин надад хамаагүй гэлгүйгээр шигшээгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж тамирчин хүний сахилга батыг харуулж дасгалжуулагч удирдлагууддаа хүндэтгэлтэй хандаарай. Мэдээж тэмцээн уралдааны тал дээр санхүүгийн хувьд ч тэр сэтгэлзүйн хувьд ч тэр эрсдэл багатай болоод ирэх болохоор шигшээгийн шатарчид та бүхэн маань амжилт арвинтай байна гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэрбээр онцолсон юм.