Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Залуусын заавал унших 10 ном


Би ном унших дуртай. Яагаад гэвэл хэнд ч ярьж боломгүй нандин мэдрэмжүүд, төсөөллүүд номоос л ундарч гардаг юм шиг санагддаг. Мөн хаанаас ч олж авамгүй төлөвшлийг ном суулгаж өгдөг. Ингээд энгийн нэг уншигчийн үүднээс өнөөгийн залуустаа эерэг нөлөө түгээх зорилгоор залуу хүний заавал унших арван номыг жагсаалаа. Та бүхэн хадгалж аваад уншаарай. <3

 Дори идэр дүүдээ 

Би энэ номыг уншсандаа одоо хүртэл талархаж явдаг. Чиглүүлж зөвлөх ах эгч байхгүй байсан болохоор ч тэр үү энэ л ном миний ертөнцийг харах цонх болж байлаа. Энэ ном бол кино, урлаг, уран зураг, хувь хүний суурь боловсролуудын суурийг багцалсан,  нэрт нийтлэлч Баабар гуайн бичсэн “Дори идэр дүүдээ” юм. Тэрбээр уг номоо анх 1990-ээд оны дундуур гаргаснаас хойш хэд хэдэн удаа нэмж засварлан хэвлүүлсэн байдаг. Дори идэр дүүдээ ном бол "орчин үеийн боловсролтой залуус гучин наснаасаа өмнө ямархуу зүйлстэй танилцсан байх ёстой" талаарх ном юм. Өөрөөр хэлбэл боловсролтой болохын тулд хаанаас эхлэх ёстойг, ямар ямар чадваруудад суралцах ёстойг, ямар ямар бүтээлүүдтэй танилцаж, ямар ямар үзэл ойлголтуудтай танилцсан байх ёстойг Баабар гуай өөрийн амьдрал, туршлага дээрээ тулгуурлан залууст зөвлөжээ. Польш руу 18-тай байхдаа их сургуульд явж, үеийн польш хүүхдүүдээс байгалийн ухааны хичээлүүдээр дутахгүй байсан ч ерөнхий боловсролын тал дээр хол хоцорч байгаагаа ойлгосноос хойш өөрийгөө олон талаар хөгжүүлэхэд шамдсанаа тэрбээр энд дурдсан нь бий. Энэ номд жагсаасан зүйлс бол дор хаяж 10 жил судлах зүйлсийн тойм юм.

Алхимич

Эхлээд уншихад үлгэрийн ном мэт санагдах боловч амьдралын минь хөтөч ном байсныг сүүлд мэдсэн. “Алхими” гэдэг үгийн утга нь хүн аливаа зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм. Алхими бол байгаль дээрх хамгийн хүчирхэг зүйл ч гэсэн тийм ч төгс зүйл биш юм. Энэ нь солилцооны үндсэн дээр явагддаг бөгөөд алхими хэрэглэхийн тулд заавал үүнтэйгээ тэнцүү зүйл солилцох шаардлагатай. Хэрэв хэн нэгэн нь ямар нэгэн зүйлийг олж авмаар байвал, тэрээр ижил хэмжээний зүйлийг буцааж өгөх ёстой. Энэ онол нь алхимийн үндсэн ухагдахуун болох “тэнцүүлэх солилцоо” юм. Өөрөөр хэлбэл энэхүү ном нь тэр чигтээ ертөнцийн зүй тогтол, амьдрал гэх зүйлийн утга учрын тухай юм.

Цойлогсод 

Энэхүү ном нь Еврей хүмүүс хэдий цөөхүүлээ ч хэрхэн дэлхийг цойлов? Цаад үндэс шалтгаан нь юу вэ? гэх асуултаас улбаатай бичигдсэн гэхэд болно. Ерөнхийдөө Еврей хүн төрсөн цагаас эхлэн зөв арга барилаар гэр бүлийн хүмүүжил авч, дэргэдээсээ зөв үлгэрлэл харж өсдөг. Тэд багаасаа л санхүүгийн зохион байгуулалт болон менежментэд суралцсан байдаг. Хамгийн гол нь тэд сурах чадварт  өөрийгөө сургаснаар ямар нэг нарийн мэргэжил, технологи, инженерчлэл, санхүү, хууль зэрэг хүн төрөлхтний чухал удирдахуйн чиглэлд хамгийн сайн мэргэшдэг. Үүн дээр нэмээд чөлөөт сэтгэхүйтэй, асуудалд эрүүлээр ханддаг, биеийн болон сэтгэлзүйн хувьд эрүүл, эрч хүчтэй, нээлттэй бусадтай хамтарч чаддаг гээд сайн чанарыг эзэмшсэн байдаг ажээ. Мэдээж алдаж болно гэвч дахиад л шинээр эхэлнэ. Нэг нь биш ч нөгөөх нь амжилттай болох нь дамжиггүй энгийн тооцоолол л Еврей үндэстнийг, хүнийг Цойлоход хүргэдэг юм байна.

Үзэхийн хязгаар

Үүрээр наран мандахыг үзэх, бороон дуслууд газар шингэхийг үзэх, од цацран цацран тэнгэртээ харвахыг үзэх, цас түрэн яргуйн дэлбээ бултайхыг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ гэнэт намар ирэхийг үзэх...үзэх, үзэх, үзэх... Үзсэн бүхний хязгаар, үзэх бүхний хязгаар, эцсийн эцэст нь үхэж үзэх!... Үзэхийн хязгаар ном миний дотоод гэрлийг, юм болгоныг үзэх эхлэлийг тавьж өгсөн гэхэд болно. Хэн бүрд яриад байдаггүй тэр л нандин мэдрэмжүүд, хүүхэд насны дурсамжууд хэзээ ч юм гээчихсэн хүүхдийн гэнэн нүдийг минь сануулсан нандин бүтээл байгаа юм. Уншигч та бүхэнд ч бас таалагдана гэж найдаж байна.

Анне Франкийн өдрийн тэмдэглэл


Өсвөр насандаа хүүхэд бие хүнээ цогцлоон дотоод ертөнцөө бүтээдэг болохоор их ганцаардмал байдаг юм шиг байгаа юм. Би ч гэсэн тэр насандаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Аавдаа гомдсон гомдол, анхны хайрын догдлол гээд бүхий л зүйлээ дэвтэртээ бичдэг байсан. Тэр үедээ "Анне Франкийн өдрийн тэмдэглэл" номыг олж уншаад хачин их баярлаж билээ. Тэртээ зуун жилийн өмнө яг надтай адилхан охин дэвтэртээ бүхий л зүйлээ бичээд сууж байсан гэхээр их сонирхолтой байсан хэрэг л дээ. Тэрээр “Цаас ямар ч хүнээс илүү тэвчээртэй гэж би үе үе боддог юм” гэж бичсэн байдаг. Тийм ээ ихэнх тохиолдолд цагаахан цаас ямар ч хүнээс илүү тэвчээр заадаг. Энэ мэт том сургамжуудыг Анне Франкийн өдрийн тэмдэглэл номоос ойлгож байлаа. Хэд ч уншсан уйдамгүй хамгийн үнэнээрээ нандин бүтээл.


Баян аав ядуу аав

“Баян ба ядуу аав” нь хөрөнгө оруулалт болоод мөнгөний менежментийн тухай шилдэг номын нэгээр нэрлэгддэг. Энэхүү номыг Америкийн зохиолч, бизнесмен  Роберт Кийосаки бичсэн бөгөөд тасралтгүй зургаан жил дэлхийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан юм. Бидний ихэнх нь хэрхэн мөнгө олох тухай мэддэг ч олсон мөнгөө зөв зохистой зарцуулж, удирдах талаар ойлголтгүй байдаг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь ердөө өмч хөрөнгө болоод өр төлбөрийн ялгааг ойлгож, тэнцвэрийг олоход оршдог ажээ. Ядуу аав үргэлж “Би энэ барааны үнийг төлж хүч хүрэхгүй юм байна” гэж хэлдэг бол баян аав “Яавал би үүнийг худалдан авч болох вэ” гэж боддог. Энэ л ялгааг залууст болон эцэг эхчүүдэд ойлгуулах гэсэн шилдэг бүтээл.

Бяцхан Хунтайж

Хүн бүр өөрийн ертөнцтэй чухам тэрхүү ертөнцөө яаж тордож авч явах нь танаас шалтгаална. Гэхдээ үүнийг ухаарсан нь хэд байдаг вэ? Өөрийгөө дахин давтагдашгүй гэдгийг ойлгож таньсан нь хэд байдаг вэ? Би лав цөөн гэж бодож байна. Номын зохиогч ч гэсэн цөөн гэж бодсон болов уу… Тийм ч учраас өөрт байгаа амьдралыг үнэлээсэй гэсэндээ энэхүү номыг хүүхдүүдэд бус томчуудад зориулсан гэж боддог. Мөн адил эхэндээ алхимич ном шиг үлгэрийн мэт санагдах боловч маш гүн утгыг агуулсан чухал ном.

Сонгомол эсээнүүд  

Энэхүү ном нь Францын агуу их сэтгэгч Мишэль дө Монтэний өнөөгийн иргэншил төлөвшихөд онцгой үүрэг гүйцэтгэсэн, хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэн дэх хосгүй гайхамшигт үзэгдэл гэгддэг гол бүтээлээс дээжлэн орчуулсан байна. Монтэнь эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн уран зохиолд “Эсээ” хэмээх төрөл зүйлийг бий болгосон ба “Les Essais” буюу “Туршицууд” хэмээх утгатай франц үгнээс гаралтай аж. Монтэний бүрэн эсээ нь нийт 3 дэвтэр, 107 эсээнээс бүрдэнэ. Эдгээр 107 эсээнээс хамгийн чухал, сонирхолтой гэсэн 35 эсээг сонгон монголчилжээ. Монтэний эсээ нь Сенека, Теренций зэрэг Эртний Ромын яруу найрагчдын шүлгүүдийн мөрөөс хэдэн зуугаар нь эшилсэн, олон зуун баримт, түүх, ярианд түшиглэн өөрийн үзэл бодлоо баталсан гайхамшигт туурвил билээ.

Сиддхарта

 

"Хувь заяа гэж бүх юм нь дахин дахин тохиолдсон нэг л үргэлжилсэн тойрог юм. Амьдрал гэж ийм л юм. Бүх юм болж дуусаад л нөгөө зовлонгууд нь дахин давтагдана." Ухаарал эргэцүүллийг хоршуулсан гайхалтай бүтээл болох Сиддхарта нь манай  эриний өмнө амьдарч асан эгэл жирийн нэгэн хүн нас нөгчсөнөөсөө хойших хоёр мянганы хугацаанд ч мартагдаж үл алга болох нөлөөллийг үлдээсэн нь түүний амар амгаланд хүрэхээр зорьсон эрэл хайгуул, хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой мэт. Ингээд бодоход хөгжлийн ямар үе шатанд ирснээс үл хамааран оюун ухаант хүн төрөлхтөн оршин буй бүхий л цаг хугацаандаа амар тайван сэтгэлийн үүдэл шалтгааныг эрэн хайх ажлаа зогсоож байсан удаагүй мэт. "Сиддхарта" ном бол зохиолч Херманн Хессен тэр л эрэл хайгуулын нэгэн илрэл, түүнээс ургасан үр жимс юм.

4 биш 4 


С.Анудар 4 биш 4 номдоо өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөөрөө товч тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлсэн юм. Хальт уншихад ойлгомжгүй боловч залуу хүний нүдээр энэ нийгэм яаж харагддаг вэ гэдгийг тод томруунаар дүрсэлсэн сод бүтээл.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Уржигдар
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
2
0
0
0
0