UBLife Logo
Урлаг

Д.Ганцэцэг: “1984” зохиолыг уншаад “Үнэнч хүн гэж хэн юм бол” гэж эргэлзэх болсон

Д.Ганцэцэг: “1984” зохиолыг уншаад “Үнэнч хүн гэж хэн юм бол” гэж эргэлзэх болсон

“Жүжигчин хүн агшин зуурын ертөнцөд хаанчилдаг. Түүнийг танихгүй гэх нь түүний жүжиглэхийг хараагүй, зүрх сэтгэлээ шингээн тайзнаа амилуулсан баатруудтай нь хамт зуу зуун удаа үхэж үзээгүй гэсэн үг” хэмээн Альбер Камюгийн “Сизифийн тухай домог” бүтээлд өгүүлдэг. Бид Жорж Оруэллийн “1984” жүжгийн Жулиягийн дүрээр ээлжит агшин зуурын хаанчлалдаа зэхэж буй гавьяат жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа. 


-Жорж Оруэлл “1984” зөгнөлт романаараа тоталитар нийгмийн тогтолцоог үзэл санааны хувьд булшилсан гэгддэг. Харин энэхүү алдарт зохиолоос сэдэвлэсэн жүжиг Монголын өнөөгийн нийгмийг хааш нь дагуулах бол?

-Сонирхолтой хэр нь хариулахад хэцүү асуулт байна. “1984”-ийг тулхтай уншсаны дараагаар “Үнэнч хүн гэж хэн юм бол” гэж эргэлзэх болсон. Урьд нь би энэ талаар боддоггүй байж. Хүний үзэл бодол, хандлага, эргэцүүлэл арав арван жилээр өөрчлөгдөөд байх шиг мэдрэгддэг юм. Монголчууд дөчин нас хүрэхээр “Одоо л нас тогтож, хувирахгүй боллоо” гэдэг шүү дээ. Харин ч дөчин насандаа өдийг хүртэл баримталсан үзэл хандлага маань буруу байж дээ гэх эргэлттэй учирвал илүү сонирхолтой ч юм шиг санагддаг. Тэгэхээр “1984” жүжиг өөрчлөгдөхийг хүссэн хүмүүст зориулагдаж байгаа.

-Ном уншсаны дараах халуун мэдрэмжээрээ шинэ юм оролдвол урьдынхаасаа сайныг бүтээчих ч юм шиг. Өмнөхөөсөө илүү чадваржиж байгаа мэт мэдрэмж төрдөг шүү дээ. Тэр зурвасхан зориг хийж бүтээхэд түлхэц өгдөг. “1984” романыг дахин уншихад ямар мэдрэмж төрсөн бэ?

-2017 онд Отгонтэнгэр их сургуулийн хуульчийн ангид ороход Амараа багш маань Жорж Оруэллийн “1984”, “Амьтны ферм” хоёрыг унш гэсэн. Тэр үед эдгээр номыг уншихдаа эрх зүйчийн үүднээс хандаад л өнгөрсөн юм. Хожим М.Батболд найруулагч Оруэллийн зохиолыг уншаарай гэхэд нь өнөөх л мэдрэмжээ саначихаад “Яана аа, улс төрийн тухай л өгүүлдэг, уйтгартай ном шүү дээ” гэж бодсон. Гэхдээ юу гээч, уран бүтээлчийнхээ хувьд эрсдэлтэй алхам хийх нь өөрөө бас нэгэн хувьсал юм билээ. Хүн бодохгүй, сэтгэхгүй нэг хором ч байдаггүй шүү дээ. Тэгтэл энэ зохиолд Жулия болоод тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүст бодохыг нь хүртэл хориглочихсон. 

-Зохиолын үйл явдал өрнөж байгаа орон зайд бол бодно гэдэг сэтгэхүйн гэмт хэрэг шүү дээ?

-Би яаж бодохгүйгээр орших вэ? гэдгээс жүжгийн бэлтгэл ажил маань эхэлсэн. Тэгээд тайзан дээр гартлаа өөрийн үзэл санаа, бодлоо илэрхийлэхгүй байхаар шийдлээ. Найруулагч миний тархи, би найруулагчийн гар хөл болж ажиллах гээд оролдъё. Хэрэв энэ мэдрэмж надад тэмтрэгдэж байвал тайзан дээр Жулиягийн дотоод сэтгэлийг илэрхийлж чадна байх гэж бодсон юм. Гурван өдөр энэ зарчмыг барьж ажиллахад цаанаасаа хүлээтэй, уйлах гээд ч байх шиг их хэцүү юм билээ. 

-Бачимдсан уу?

-Бачимдсан. Зохиолоо уншихаар дотор маань муухайгаар давчдаад байсан. Би Фрэдди Мэркюригийн киног үзэж дуусчхаад баяр бахдалд давчдаж байснаа мартдаггүй юм. Театрт ганцаархнаа үзэж таарсан болохоор гэрэл асахаас өмнөх тэрүүхэн зуурт хашхираад амжсан. Энэ мэдрэмж “Чимээгүй хашхираан”-ыг бүтээсэн зураачийн сэтгэл зүй, мэдрэмжтэй л дөхөм болов уу.

-Зохиолч С.Жаргалсайхан “Театр бол найруулагчийн "эдлэн газар” гэж хэлсэн байдаг. Танд театрын тайз бачимдмаар хязгаарлагдмал орчин шиг санагддаггүй юу?

-Хүмүүс эцсийн бүтээгдэхүүнийг л үзэж байгаа учраас тэдэнд жүжигчний ажил амархан санагддаг болов уу. Жишээлбэл, “1984” жүжгийн сургуулилалт гэхэд оролцож байгаа хүн бүр энэ зохиолыг багадаа гурван удаа уншихаас эхэлнэ. Дараа нь жүжгээр ямар санааг хэлэх гэж байгаагаа хэлэлцэж, тохирно гээд олон шат дараатай бэлтгэл ажлууд явагддаг. Жүжигчин мэдээж найруулагчийн гар хөл, сэтгэл зүрх. Гэхдээ найруулагчаас зөрж болохгүй гэсэн ойлголт байдаггүй. Тайзан дээр өөрийнхөө санаснаар харуулж, найруулагчийг хүлээн зөвшөөртөл нь тоглож чадах юм бол ямар ч жүжигчинд хүсээд байгаа эрх чөлөөг нь өгдөг л байхгүй юу. Эхлээд би өөрийнхөө бодож олсонд үнэмших ёстой. Дараа нь найруулагчийг үзэл бодлоосоо урватал нь өөртөө итгүүлэх шаардлагатай. Тэгэхээр жүжгийг найруулагч, жүжигчдийн сэтгэн бодох чадварын нэгдэл гэж боддог. Энэ хоёр эсрэг тэсрэг үзэл нэгдэж чадвал сайн бүтээл төрөх юм болов уу. Би хувьдаа тайзыг эрх чөлөөт талбар гэж ойлгодог. 

Том ах гэдэг энэ зохиолын үзэл санаа. Бид монгол хүний эрхэмлэх үнэт зүйлийг ончтой тодорхойлж, түүнийгээ “Том ах”-аар өргөмжлөх ёстой ч юм шиг санагддаг.

-Та Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ээс Жорж Оруэллийн “1984” рүү шилжиж байна. Хүн төрөлхтний бүтээсэн үгийн урлагийн охь дээжист гарцаагүй нэрлэгдэх хоёр том бүтээлд ойрмогхон дүр бүтээхээр зэхэж байна шүү дээ. Завсарламаар санагддаг уу, эсвэл бүтээлээс бүтээл рүү нүүгээд л байхыг боддог уу? 

-Би 2000 онд УДЭТ-т ажилд орсон. Тэгэхэд манай үеийнхэн нэг дор хамтдаа ажиллаж байлаа. Ёстой л завсарлагагүй ажилласан үе гэвэл тэр л дээ. С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, Д.Ганцэцэг дөрвөөс хэн нь амарч байсан бэ гэвэл Д.Ганцэцэг. Гэхдээ бүгд л тасралтгүй гол дүрд сонгогдон ажилладаг байлаа. Д.Ганцэцэгийн хувьд, ерөөсөө хүүхэд төрүүлэх гэж л амарсан байдаг юм. Өдгөө бол тэр үетэй харьцуулахад уран бүтээлээс уран бүтээлийн хооронд амьсгал авах зайтай ч болж, харин илүү үнэ цэнтэй бүтээлд ажиллахыг хүсэж байна. “Гэм зэм”-д тоглохоосоо өмнө 5-6 сар бэлдсэн. Түүнээс хойш хэдийн хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ зуурт Мөрөөдлийн театрын “Шөнө буусан аадар” жүжигт тоглоод амжлаа. Жүжгийн тайз жүжигчнийг байнгын формтой байлгадаг юм шүү дээ.

-Драмын жүжигчнийг үзэгчдийн халуун мэдрэмж, судлаачдын тэмдэглэл сэлт л дараагийн үед авчирдаг болов уу гэж санах юм. Харин танд дэлгэцэнд илүү олонтоо дүрээ үлдээж, мөнхрөх хүсэл төрдөггүй юу?

-Кино жүжигчин үзэгчийн тухайн агшин дахь сэтгэл хөдлөлийг халуунаар нь мэдэрч чадахгүй. Бодож болохгүй гэсээр атал тархинд бодол урсан орж ирээд л, хориотой хэр нь дурлаж сэтгэл, тархи хоёр маань хэрхэн зөрчилдөж буйг сандал дээр сууж байгаа хүн хөдлөнгөөс харж надтай хамт шатаж байгааг мэдрэх нь л надад сайхан байдаг. Жүжгийн үеэр үзэгч бас нэг дүр болж жүжигчидтэй амьд харилцаа өрнүүлдэг юм.

-“1984” жүжигт гарах үйл явдал, систем манай нийгэмтэй холбогдох уу?

-Улс төрийн ямар тогтолцоотой байхаас үл хамааран эрх мэдлийг хэн атгаж байна, тэр хүн үнэнч, шударга байхгүй бол тухайн дэглэмийг өөрийн эрхшээлд болгон хувиргачих юм шиг санагддаг. Хэдий өдгөө бид ардчилсан засаглалтай ч эрх чөлөөний хувьд тодорхой хэмжээгээр хумигдаж л байна шүү дээ. 

-Том ах маань сайн хүн байж л бид эрх чөлөөгөөр бүтэн амьсгалах нь ээ. Гэхдээ эл зохиолын том ах домог зүйн дүр юм биш үү. Хүмүүст өөрийнхөө оршин байгааг байнга мэдрүүлдэг ч, хэний ч нүдэнд бодитоор харагддаггүй биз дээ?

-Том ах гэдэг энэ зохиолын үзэл санаа. Бид монгол хүний эрхэмлэх үнэт зүйлийг ончтой тодорхойлж, түүнийгээ “Том ах”-аар өргөмжлөх ёстой ч юм шиг санагддаг. Хуульчаар сурч байхад ангийн маань хүүхэд “Ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгэм” гээд байх юм. Үндсэн хуулиараа мал бол эх орны үнэт баялаг гэж дархалчихсан. Тэгэхээр бид малаа хүнээсээ илүү дээдэлдэг юм биш үү” гэж ярьсан нь санаанд тодхон үлджээ. Үнэхээр л хүн нь үнэт баялаг байж, малаа хариулна биз дээ. Би ээж болсноосоо хойш “Үнэ цэнтэй зүйл маань хүүхэд. Хүүхдүүдийнхээ төлөө зөв гишгэх ёстой” гээд нэг зүйлд хөшүүрэгдээд байх болсон. Монголчуудын оюун санаанд хөшүүрэг болох ийм нэгдмэл үнэт зүйл үгүйлэгдэж байна. 

-Та өөрийнхөө амжилтыг ямар үзүүлэлтээр үнэлдэг вэ?

-Гурван жилийн өмнө Америкийн уран илтгэгч Том Хопкинсийн “Амжилтад хүрэх албан ёсны гарын авлага” номыг найз маань орчуулаад би редакторлаж байлаа. Саяхан дахиж уншаад амжилтын талаар тулхтай эргэцүүлэхэд хүрсэн. Заримдаа бид амжилт гэх хийсвэр юманд хэтэрхий дөнгөлүүлээд, хийрхээд байгаа юм болов уу гэж бодогддог. Үнэндээ, өглөө сэрчхээд нарыг харж инээмсэглэж байгаа маань амжилтын эхэн ч байж магад. Ер нь хүн эрүүл байх нь л хамгийн том амжилтын үндэс юм билээ.

Бодож болохгүй гэсээр атал тархинд бодол урсан орж ирээд л, хориотой хэр нь дурлаж сэтгэл, тархи хоёр маань хэрхэн зөрчилдөж буйг сандал дээр сууж байгаа хүн хөдлөнгөөс харж надтай хамт шатаж байгааг мэдрэх нь л надад сайхан байдаг. Жүжгийн үеэр үзэгч бас нэг дүр болж жүжигчидтэй амьд харилцаа өрнүүлдэг юм.

-Өнөөгийн нийгмийн байдлаас үүдэн сэтгэлийн эрүүл мэнд гэх асуудал хүчтэй хөндөгдөх болжээ. Та сэтгэлээ эрүүл байлгахын тулд, сэтгэхүйгээ гэмтээчихгүй авч явахын тулд юуг чухалчилдаг юм бэ?

-Би ганцаардлыг өөрийгөө таних боломж гэж боддог. Тиймээс өөртэйгөө ярьж, бодлоо эргэцүүлэх дуртай. Хүүгээ гомдоочихсон юм болов уу ч гэдэг юм уу ямарваа нэгэн санаа зовнил мэдрэгдвэл шууд л асуучихдаг юм. Асуудлыг хэзээ ч дотроо бодоод өнгөрөөдөггүй. Хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаг. Надад ямар нэгэн эвгүй бодол төрвөл заавал хэлж байж санаа амардаг зантай. Гарц, гаргалгаа олдохгүй үе бишгүй л шүү дээ. Тийм тохиолдолд өөр хүний өнцгөөс асуудлыг таних гэж эрмэлздэг. Миний амьдралд учирсан хамгийн ухаантай хүн бол аав. Зарим асуудлыг “Хэрвээ аав маань байсан бол яаж шийдэх бол” гэх өнцгөөс эргэцүүлнэ. Бас “Нөхөр маань яаж шийдэх байсан бол” гэж ч бодно. 

Би хоёр хүүдээ ч хэлдэг, багшилж байгаагийн хувьд, оюутнуудаа ч шахдаг юм. “Ном унш” гэж. Ном унших нэг ёсны оюун ухаан, сэтгэл зүйн бясалгал. Ном хүнийг бодит байдлаас түр ч болтугай ходуулж дөнгөдөг. Н.Сувд багшийн хэлдгээр “Чи зовж ядарч байвал надаас илүү зовлонтой, ядарсан хүн байгаа даа гэж бодоорой” гэх үгийн утга номтой л холбогддог. Энэ үг нөхрийн маань захидаг байсан “Зовлонд хатамж, жаргалд сэрэмж” гэсэн үгтэй утгын хувьд нийцдэг юм. Достоевскийн “Дорд үзэгдэгсэд”-ийг унших бүрийдээ уйлаад л, хүн ингэж амьдардаг юм байх даа гэж боддог байсан учраас шантрах юм уу, зовох цагт “Дорд үзэгдэгсэд” номын дүр бодогдоод аяндаа амьдрах хүсэл төрдөг. Одоогийн хүүхдүүд сиймхий л гарвал утсаараа тоглохыг хичээх юм. Тоглох яах вэ, түр зуурын л өдөөлт. Харин би уншсаныхаа дараагийн хоёр гурван өдөрт тэр номоор бүтэн амьсгалдаг. 

-Таныг гайхамшигтай үйл хэрэг, орон зайд урин дуудсан ном гэвэл ямар бүтээлийг нэрлэх вэ?

-Хүүхэд байхдаа уншсан номуудаас Майн Ридийн “Хурлийз бүсгүй”. Би бүүр Аврора гэдэг бүсгүйд дурлаад түүн шиг л эмэгтэй болох сон гэж хүсдэг байлаа. Б.Батрэгзэдмаа эгчийн “Очир эрхшээгч”-ийг нэрлэе. Тэр романыг Рэгзээ эгчийн чихэнд хэн нэгэн, эсвэл далдын хүч ч юм уу шивнээд бичүүлчихсэн юм шиг санагддаг. “Очир эрхшээгч” намайг жингүйдүүлж, ховсодсон болохоор яг дараалаад хоёр уншсан. Дараахан нь Рэгзээ эгчтэй театрт таараад баяр хүргэж байлаа. Саяхан түүнийг амьсгал огтолсон тухай харамсалтай мэдээ дуулаад ганцаараа их хямарсан. 

-Б.Батрэгзэдмаа агсан Монголын драмын урлагт олон жүжгийн зохиол бичиж үлдээсэн гэдгээрээ мөнхөд дурсагдана байх аа. “Хаалганы өмнө”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Би хүсэхгүй байна”, “Дурласан хүн” гээд л тоочвол олон доо. Заримыг нь тэр өөрөө ч найруулсан санагдана?

-Өвөрмөц зохиолч шүү дээ. Урлагийн мэргэжил сонгосон хүмүүсээс би зохиолч нарыг үнэхээр шүтдэг юм. А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Маша бол миний анхны сонгодог гол дүр. Чеховын зохиолыг ч, Б.Баатар агсны найруулгыг ч бүрэн ойлгохгүй олны дунд манараад л явж байсан үе л дээ. Олон жүжигчдийн багана хүрээлчихсэн учраас би дундаас нь аргагүй гарч ирсэн. Чехов бол ухаж ойлгох хүн. Бас хэзээ ч бүрэн гүйцэд ойлгогдохгүй зохиолч. Монголын зохиолчдоос, С.Жаргалсайхан, Ц.Балдорж нарыг нэрлэе. Бас Х.Наранжаргал эгчийн “Сэтгэлд нууцлагдсан амраг” зохиолд дуртай. Д.Батбаяр гуайг бол жүжгийн зохиолын гол хүн гэж хэлж болно. Эмэгтэй зохиолчид эмэгтэйн сэтгэл зүйг илүү товойлгодог бол эрэгтэйчүүд эр хүний дотоод сэтгэлийг нээж бичдэг. Тэр ч утгаараа эмэгтэй зохиолчийн бүтээлд тоглохоор илүү хүч, сонирхол төрүүлдэг. 

-Та бас зохиолч Баабарын “Бооцоо” жүжигт тоглож байсан шүү дээ?

-Баабар гуай их сонин ертөнц байсан. “Адмон”-ы Р.Энхбат ах ивээн тэтгээд Ардын жүжигчин Б.Мөнхдорж гуай найруулаад, “Бооцоо” дүр бүтээсэн анхны жүжиг маань юм. “Бооцоо” жүжиг миний оюун санаанд ч өөрчлөлт авчирсан, хувь хүн маань өөрчлөгдөхөд ч маш том түлхэц болсон гэж боддог. Баабар гуайтай анх уулзахад ярьж байгаа өнцөг нь хэвшмэл биш санагдсан. Үнэхээр л гоё оюун ухаан.

-Таныхаар авьяас гэж юуг хэлэх вэ?

-Минийхээр, авьяас гэдэг мэдрэмж. Б.Баатар найруулагчийн хэлснээр “Хүүхдийн мэдрэмж хамгийн үнэн байдаг”. Л.Лхаасүрэн багш маань “Хүүхэд шиг үнэн, итгэмтгий, гэнэн мэдрэмжээ л битгий алдаарай. Тэр алдагдвал авьяас дуусна шүү” гэдэг байсан. Тэгэхээр авьяас гэдэг мэдрэмжийн дээд илэрхийлэл. 

-Таныг анхлан харсан маань дэлгэцийн бүтээл байж таарсан. “Жинжиймаа” киноны Хонгорзулын дүр одоо ч сэтгэлд тодхон. Дуулах үедээ хүн болгоныг уйлуулсан байх. Хонгорзул маань өдгөө өөрчлөгдсөн болов уу?

-Өөрчлөгдөхгүй яах юм бэ? Д.Ганцэцэг тэр үеэс хойш хоёр хүүхдийн ээж болж, өчнөөн уран бүтээлд дүр бүтээсэн. Гэхдээ... (бодлогошронгуй). Багш маань “Үргэлж анхны дүрдээ тоглох гэж байна гэдэг мэдрэмжийг нандигнаж байгаарай” хэмээн захидаг байлаа. Хонгорзулын тайзан дээрх сандрал тоглолт бүрийн өмнө надад ирдэг. 

-Эмэгтэй хүүхдүүд аавдаа дотно байдаг. Таны хувьд, ааваараа хамгийн их бахархсан нь хэзээ байв? 

-Гуравдугаар курст байхдаа “Адам, Ева” жүжигт тоглох болж, ангиараа үсээ хусуулсан юм. Аав маань “Миний охины үс нь хэчнээн ч урт ургаа вэ, жинхэнэ монголжингоо болж. Охиндоо сайхан дээл оёулж өгнө” гээд ярьж байх үед нь үсээ хусуулж таарав. Ааваасаа нуугдаж явсаар байгаад амралтын өдөр хожимдоод сэрчихгүй юу. “Энэ юун халзан толгой вэ” гээд л хашхираад явчихлаа. Тэрнээс хойш аавтайгаа уулзаж чадахгүй бултаад л яваад байлаа. Тэгтэл нэг өдөр яалт ч үгүй хоёулхнаа үлдэж таараад, автобусны мөнгө авах шаардлагатай байсан тул уулзахаас аргагүй болов. Үг ч эвлэхгүй зогсож байтал “Толины чинь доод талд автобусны мөнгө үлдээчихсэн. Аваач” гэхээр нь “Баярлалаа, аав” гэчхээд ухасхийтэл араас дуудаад “Малгай өмсөөрэй” гэсэн. Хайр нь дотроо, хал нь гаднаа. Энэ мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.