Фэйсбүүк бол түүхэн дэх хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд снэпчат (Snapchat) хэрэглэгч өсвөр насныхан, залуу үеийнхэн хурдтай нэмэгдэж байна. Тэгвэл фэйсбүүк компани снэпчатийн онцгой цэсүүдтэй ижил төрлийн нэмэлт филтерүүдийг хэрэглэгчдэдээ санал болгохоор зэхэж буй.
Фэйсбүүк өнгөрсөн аравдугаар сард Facebook Live-ийн Хэллоуиний масктай филтерүүдээр энэ төрлийн шинэчлэлээ эхэлсэн билээ. Снэпчат зураг болон бичлэгт график чимэглэлүүд нэмдэг трендийг амжилттай эхлүүлсэн. Зарим филтерийг хаана ч ашиглах боломжтой бол газар зүйн байршилтай холбоотой филтерүүд зөвхөн тухайн бүсдээ л нээлттэй байдаг. Тухайлбал Аризонагийн Феникст явагддаг Ким Командогийн Шоуны хөтлөгч Ким “Arizona” филтерийг нэвтрүүлгйн үеэр цөөнгүй ашигладаг.
Фэйсбүүк компани тун удахгүй зургандаа хүрээ болон бусад филтерүүдийг нэмж болдог Камерын эффект нэмэх гэж байгаа юм байна. Энэхүү эффектүүдийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд эхний ээлжинд Их Британи, Мексик, Тайван, Колумб, Ирланд орны хэрэглэгчдэд хүрэх аж.
Та хүрээгээ өөрийн хүссэн загвар дизайнаар зохиомжилж хийснийхээ дараа фэйсбүүк рүү оруулж, баталгаажихыг нь хүлээнэ. Таны хийсэн хүрээ, филтер фэйсбүүкийн дизайны шаардлагад хангасан, бодлого чиглэлд нийцсэн тохиолдолд баталгаажиж, ашиглахад бэлэн болно.
Снэпчаттай адил та тодорхой байршил, тусгай арга хэмжээнд зориулан хүрээ үүсгэж болно. Бизнесийн зорилготой фэйсбүүк хуудас ажиллуулдаг хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилахын тулд зорилтот хүрээг үүсгэж ч болох юм.