UBLife Logo
Боловсрол

“Gap year”-ийн давуу болон сул талууд

“Gap year”-ийн давуу болон сул талууд

Мэргэжил сонголт гэдэг хүний амьдралын томоохон чухал мөчүүдийн нэг билээ. Тиймдээ ч элсэлтийн шалгалт дөхөөд ирэхээр ихэнх төгсөх ангийн сурагчид айж түгшдэг. Элсэлтийн шалгалтаас ч айна, мэргэжил сонгохоос ч айна. Эдгээр түгшилт, асуудлаас болоод сурагчид "Gap year" авах буюу нэг жилийн чөлөө авах нь ихэссэн. Тэгэхээр эцэг эхчүүд болон ирээдүйгээ төлөвлөж буй сурагч нартаа зориулаад  "Gap year"-ийн талаар мэдээлэл хүргэе.

Gap year гэж юу вэ? 

Gap year гэдэг нь завсар зай гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагч өөрийн хүслээр жил өнжиж өөрийгөө танин мэдэх, цаг хугацаа гаргахыг хэлж байгаа юм. Энэ хугацаандаа тухайн сурагч олон төрлийн ажил туршиж үзэх, нийгэмтэй харилцах зэрэг өөрийн дуртай зүйлийг олж мэдэх гэх мэт олон давуу талтай.

Gap year авах шалтгаанууд 

Америкийн Гап (GAP) холбооноос дараах судалгааг гаргасан ба сурагчдын "Gap Year" авдаг шалтгаануудыг үзүүлэв. Нийт судалгаанд оролцсон сурагчдын: 

92% нь амьдралын туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх 

85% нь аялах, өөр орны соёлтой танилцах 

51% нь ирээдүйд юу суралцахыг хүсэж байгаагаа олж мэдэх 

48% нь сайн дурын ажил хийхийн тулд 

41% нь өөр орны хэл сурахын тулд 

29% нь ажлын туршлага хуримтлуулахын тулд 

11% нь бусад шалтгаанаар "Gap Year" авдаг гэж хариулжээ.

Gap year-н давуу талууд:

Өөрт тохирсон мэргэжлээ олох 

Төгсөх ангид бүх зүйл давчуу байдаг. Элсэлтийн шалгалтад санаа зовох, өдөр бүрийн давтлага гээд л… Яг юунд зориулж давтлага хийгээд байгаагаа ч ойлгохгүй явсаар нэг л мэдэхэд мэргэжил сонголт болсон байдаг. Gap year авах нь өөртөө хугацаа олгож байна аа гэсэн үг. Хугацаа өгснөөрөө өөрийгөө таньж мэдэх, чагнахаас эхлээд тохирсон мэргэжлээ сонгож чадна гэсэн үг. 

Шинэ чадварууд эзэмших 

Жишээ нь чи зураач болмоор байж болно тэгвэл энэ л үед хүссэн зүйлээрээ дадлагажих, суралцахад тохиромжтой цаг.  

Биеэ дааж төлөвших

"Gap year" авсан оюутнуудын 41 хувь нь амьдралын туршлага хуримтлуулах зорилготой гэх өөр нэгэн судалгааны дүн бий. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэд цагийн ажил хийх, аялах, сайн дурын ажил хийх шийдвэрийг түгээмэл гаргадаг. Тухайлбал, Их Британид завсар жил авсан хүмүүсийн 83 хувь нь ажил хийж, 56 хувь нь аялж, 36 хувь нь сайн дурын ажил хийж байжээ.  Үүнээс харахад сургуулиас завсарлага авах нь тухайн хүнд бодит амьдралтай нүүр тулах, бие даасан хүн болж төлөвшихөд нь тусалдаг аж.

Gap year-н сул талууд:

Эхлэл цэгээсээ гарахгүй байх эрсдэлтэй

Дахиад нэг жил байгаа гэдэг бодол дээр үндэслэн өөрийгөө тайвшруулж, тухайн жилдээ юу ч хийхгүй байгаа тохиолдолд хүүхэд нэг жил, хоёр жил өнгөрсөн ч эхлэлийн цэгээсээ гарахгүй гацах эрсдэлтэй байдаг. Аль эсвэл бүтэн нэг жилийг дэмий өнгөрөөчхөөд сүүлийн ганц сарын хугацаанд бэлдэж, ямар ч үр дүнд хүрэхгүй байх тохиолдол ч бий. Тиймээс хувь хүн өөрөө зорилгоо яс тодорхойлж чадсан тохиолдолд л gap year ашигтайгаар үйлчилнэ. Хэрвээ сурагч өөрийнхөө мэргэжлийг сонгож, заасан цаг хугацаандаа шаардлагатай оноонуудаа авч, бэлдэж чадсан бол нэг жил өнжихийг зөвлөхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.