Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий


Урт аяллын дараа гэртээ ирэхээр нэг их хоосрол мэдрэгддэг үү? Би чинь нээрээ ингэж амьдардаг бил үү? Амьдрал ингээд л нэгэн хэвийн үргэлжлэх юм уу? гээд хачин их гунигладаг шүү дээ. Магадгүй бид өдөр тутмын амьдралдаа зогсонги амьдардаг юм шиг. 30 хоног найзуудтайгаа аймгаас, аймаг дамжиж аялахдаа өдөр бүр адал явдалтай учирч, шинэ зүйл сурах хэчнээн сайхан байсан  бэ? Нар мандах, нар жаргах бүгд амьд... Харин гэртээ ирэхэд бүх зүйл өөр шүү дээ. Мэдээж тав тухтай ор, ариун цэврийн өрөө минь тааламжтай ч гэлээ өнөө л дөрвөн хана угтаж байгаа юм чинь. Тэгээд л аяллын дараах гутрал буюу аугаа их хоосролыг мэдэрсэн. Яг энэ үедээ "Into the Wild" киног үзэж таарсан юм. Ерөнхийдөө постерийг нь хараад мэддэг байсан ч үзмээр санагддаггүй байсан юм л даа. "Аан нэг америк залуу ганцаараа аялдаг гэсэн" гээд тоодоггүй ч гэх юм уу. Тэгж явж байгаад яг зөв цагтаа үзчихсэн гэж бодсон шүү. Өнөөх аугаа их хоосрол дээр чинь хачин давчидмаар хэр нь тайтгарсан мэдрэмж мэдрэгдээд уйлсан.  

Киноны хувьд ярих юм бол нийт 2 цаг 28 минутын турш үргэлжлэх энэхүү киног Кристофер МакСандлесс (Christopher McCandless)-ийн бодит түүхээр Жон Крарауер (Jon Krakauer) зохиол бичиж  non-fiction буюу намтар зохиол жанраар хийжээ. 

Үйл явдлын тухайд Коллежоо амжилттай төгсөөд их сургуульд элсэн ороод удаагүй байгаа Крис хэмээх залуу хүү бүх зүйлээ орхиод онгон дагшин Алескаг зорихоор шийднэ. Түүний хувьд элэг бүтэн гэр бүл, сургууль гээд бүх зүйл байсан. Гэхдээ энэ нь зөвхөн нийгмийн тодорхойлолтоор "бүх зүйл" гэдгийг санаарай.

Киноны бодит дүр Кристофер МакСандлесс Аляскад өөрийнхөө зургийг дарсан нь.

Түүний дотор хорвоо ертөнцийг таних агуу их хүсэл оргилж байсан. Мэдээж энэ хүслийг нь түүний эцэг эх олгохгүй хорьж цагдана. Крис ч зориглож бүх бичиг баримтаа хайчлаад, хадгаламжид байсан 24,000 доллараа хандив болгон өгөөд, эхэндээ машинтайгаа, сүүлдээ машинаа орхиод байсан бүх мөнгөө шатааж, үүргэвчээ үүрээд Алескад хүрэхээр зориглон явна. Яг л киноны нэрийн дагуу зэрлэг онгон байгаль руу ганцаараа явна. Түүнд байсан зүйл нь түүний үүргэвч, Жэк Лондон, Лев Толстой зэрэг дуртай зохиолчдынх нь зохиол, идэж болох зэрлэг ургамлын талаарх ном, усны сав. Өөртөө шинэ нэр (Alexander Supertramp) хүртэл өгөөд, гэр бүл байхгүй гэж танилцуулах тэрээр 20-р зууны бүтээл гэж өөрийн нэрлэх “ажил мэргэжил буюу карьер”, сургууль, гэр бүлээ орхиод жинхэнэ “харсан зүг”-рүүгээ явна.

Крис энэхүү орхигдсон автобусыг Аляскаас олж орон гэрээ болгон амьдардаг байсан.

Алеска хүртэлх замдаа олон хүмүүстэй уулзаж, тэр хүмүүстэйгээр богинохон ч гэсэн хэсэг хугацааг өнгөрүүлээд дахиад л ганцаараа цааш явна. Учир нь аяллын турш, Алескад очоод нас барах хүртлээ тээж явсан түүний аз жаргалын талаарх философи, ойлголт, төсөөлөл нь аз жаргалыг хүмүүсийн хоорондын харилцаа, нийгмээс бус харин Бурханы бүтээсэн, бидний эргэн тойронд байгаа онгон байгалиас олж болно гэсэн бат итгэл байсан. Харамсалтай нь  тэрээр үхэхийнхээ өмнө л аз жаргал чухам яг хаана байсныг ойлгох бөгөөд энэ кино бүхэлдээ түүний ном дээрээ бичиж үлдээсэн “Happiness is only real, when shared” өгүүлбэрт зангилагдана.

Хэдий харамсалтай боловч хэрвээ энэ аяллыг хийгээгүй байсан бол аз жаргал хаана байсныг ойлгохгүйгээр нэг насыг туулах ч байж болох юм. Хүмүүс энэ амьдралдаа ямар нэг чухал асуултыг тавьж, түүнийхээ хариултыг хайж явдаг. Крисийн хувьд үхэх хүртлээ мэдээгүй ч үхэхийнхээ өмнө тэр хариултыг олсон болохоор сэтгэл амар явсан байж болох юм. Тэгээд бодлоо бид яг юуны төлөө амьдардаг юм бол? Хариулт нь миний хувьд "АГШИН". Бид мөнгөний төлөө, өдөр хоногуудын төлөө амьдардаггүй юм байна. Бид агшин зуурын үнэт мэдрэмжийн төлөө амьдардаг юм байна. Яг л Крис нар мандахыг харахдаа яаж догдолсон шиг тэрхүү баялаг мэдрэмжүүдийг мэдрэх гэж амьдардаг юм байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
Өчигдөр
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.