Хайх зүйлээ бичнэ үү

Women Who Dare ярилцлагын булангийн шинэ дугаарт Оюу Толгой компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Таныг урилаа. Хүмүүст тэрбээр Харвард болон Оксфордын их сургуулийн төгсөгч, дэлхийд алдартай менежментийн зөвлөх үйлчилгээний McKinsey & Company компанид ажиллаж байсан монгол эмэгтэй, “Сиддхарта” номын орчуулагч гэх мэт ажил мэргэжил, боловсрол, сонирхлоороо танигджээ. Харин Ж.Тана бидэнтэй ярилцаж суухдаа өөрийгөө төрөлхийн сониуч нэгэн хэмээн тодорхойлсон юм. 


- Анх таны медиум блог дээрээ бичсэн “Амжилтад хялбархан хүрэх 3 алхам” нэртэй бичвэрийг уншиж Маккинзид ажилладаг монгол эмэгтэйн талаар мэдэж авч байлаа. Бичвэрийг уншаад таныг нарийн төлөвлөгч юм гэж бодож байв. Ер нь том, жижиг гэлтгүй ажлыг хэрхэн төлөвлөдөг вэ?

- Бага багаар туршиж явсаар нэг мэдэхэд төлөвлөх нь миний тогтсон арга барил болчхож. Үүнийг би өмнөө тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрэх хамгийн ойлгомжтой бөгөөд хялбар зам гэж боддог. Төлөвлөгөөг алгасвал үр дүнгүй, хий дэмий цаг үрж буй мэт санагддаг. Төлөвлөгөөгөө маш тодорхой жижиг алхмууд болгож хуваагаад түүнийгээ гүйцэтгэсэн байхад хүрэх боломжгүй зорилго, мөрөөдөл гэж байхгүй. Миний өнөөдрийг хүртэл гүйцэлдүүлсэн бүхэн сайн төлөвлөгөө, гүйцэтгэлийн үр дүн гэж хэлнэ. Гэхдээ хүн бүр төлөвлөдөг байх албагүй л дээ. Хувь хүний зан чанар, темпераментийг шинждэг янз бүрийн тестүүд байдаг. Жишээ нь, манай хуучин ажил MBTI сорилыг их ашигладаг байсан. Энэ тестээр би “төлөвлөгч” зан чанартай гэж гарч байсан. Тэгэхээр төрөлхийн төлөвлөгч хүмүүст төлөвлөх нь ашигтай, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ зарим хүмүүст төлөвлөлт бүтээмжийг нь унагаж, хавчин боож байгаа мэт санагдуулж болно. Тиймээс ажлыг мэдрэмжээрээ эсвэл нарийн төлөвлөгөөний дагуу хийдэг үү гэдгээ олж мэдээд өөрт аль тохиромжтой арга барилыг сонгох нь зүйтэй болов уу. 

Төлөвлөх нь өмнөө тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрэх хамгийн ойлгомжтой бөгөөд хялбар зам гэж боддог. Миний өнөөдрийг хүртэл гүйцэлдүүлсэн бүхэн сайн төлөвлөгөө, гүйцэтгэлийн үр дүн.

- Би нэлээд дээр Hidden Brain подкастын Facts Aren’t Enough дугаарыг сонсож байгаад нэг санааг шүүрдэж авсан юм. Бидний өнөөдрийг хүртэл итгэж үнэмшсээр ирсэн зүйл ихэвчлэн бусдаас ирсэн мэдээлэлд тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл, бид эргэн тойрны орчин, хүмүүсээс олж авсан мэдээлэлд тулгуурлаж “өөрийн гэсэн” тогтсон итгэл үнэмшилтэй болсон байдаг гэж “Ташаа мэдээллийн эрин” номын зохиогч Кэйлин О’Коннор ярьсан нь бий. Тэгвэл Ж.Тана гэдэг хүн ямар хүмүүсээр хүрээлүүлж өссөн бэ, таны одоогийн харах өнцөг, үнэт зүйл төлөвшихөд хэн хамгийн их нөлөөлөв?

- Хүний төлөвшлийн суурь гэр бүлийн орчноос ихээхэн шалтгаалдаг. Манай аав ээж хоёр боловсролыг их эрхэмлэдэг хүмүүс болохоор бага байхын намайг хичээлээ сайн хийгээрэй, өөр зүйлд битгий санаа зов гэж захидаг байсан. Тэрнээс гадна манай ээж угийн ажилсаг, нямбай хүн байдаг. Тэмдэглэлийн дэвтэр дээр байнга бичиж тэмдэглэнэ. Хувцас хунар, бичиг баримтаас эхлээд бүх зүйл нь эмх цэгцтэй. Ээжийнхээ энэ зан чанарыг өвлөж авсан гэж боддог. Харин ах маань төрөлхийн сониуч хүн. Миний огт харж, сонсож байгаагүй зүйлийг аль хэдийн олж мэдээд хэлж өгдөг байлаа. Манай гэр бүлийн гишүүдийн энэ чанарууд намайг аливааг сониуч нүдээр харж, байнга суралцдаг, хайрцгаас гадуур сэтгэх гэж хичээдэг, төлөвлөдөг хүн болгож төлөвшүүлсэн байх. 

- Тэгвэл их сургууль, ажил дээр гарахад хэн танд сэтгэлд үлдсэн үг хэлж байв?

- Харвардын их сургуулийн төгсөх курст байхад манай нэг профессор “Та бүхэн дөрвөн жилд дунджаар 32 хичээлийг судаллаа. Манай сургуулийн хичээлийн каталогид хэдэн мянган хичээл байгаа. Тиймээс мэргэжлийнхээ талаар бүрэн дүүрэн сурчихлаа гэж ташаарч бүү бодоорой. Энэ бол дөнгөж эхлэл. Насан туршдаа суралцах суурь л тавигдсан” гэж захисан нь санаанаас гардаггүй юм. Нээрээ л би мэргэжлийнхээ зах зухаас мэдээд төгслөө гэдгээ тэр үед ухамсарласан. Хамгийн гол нь сурах арга барилыг зааж өгсөн болохоор насан туршдаа суралцаж болох нь гэдэг итгэл төрсөн.

Аливаад ул суурьтай хандах, тасралтгүй суралцах, сониуч зангаа гээхгүй байх хандлагыг сургуулийн орчноор дамжуулж олгодог гэдэгт би итгэдэг.

- Таны Харвард, Оксфордод суралцсан туршлага олон ярилцлагад дурдагдсан байна лээ. Тиймээс дэлхийн шилдэг сургуульд сурсан тухай гэхээсээ боловсролын талаар таны үзэл бодлыг сонсмоор байна. Орчин цагт хүмүүс хүссэн мэдлэг, ур чадвараа бие даан эзэмших боломжтой Үүнийг дагаад заавал их сургуульд суралцах албагүй гэж боддог хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа байх. Тэгвэл бид заавал боловсрол эзэмших хэрэгтэй юу, ер нь орчин цагт боловсролыг ямар нүдээр харах вэ?

- Боловсролоор дамжуулж олж авдаг хоёр чухал зүйлийн нэг нь мэдлэг, нөгөө нь хандлага. Гэхдээ орчин үед шилдэг их сургуулиудын хичээлээс эхлээд бүхий мэдээлэл интернэтэд нээлттэй байдаг болсон тул мэдлэгийг хаанаас ч олж авч болно. Харин аливаад ул суурьтай хандах, тасралтгүй суралцах, сониуч зангаа гээхгүй байх хандлагыг сургуулийн орчноор дамжуулж олгодог гэдэгт би итгэдэг. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүсийн хүрээлэлд орж байж хандлага төлөвшдөг. Гэртээ суугаад ганцаараа суралцах уу, эсвэл ижил хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй нэгдэж хамтдаа сурах уу эсвэл мэдлэгийг үнэхээр сайн амилуулж чаддаг багшаас сурах уу гэдгээ бодолцох хэрэгтэй. Зөв орчинд орсон хүн мэдлэг, хандлагыг нэгэн зэрэг олж авч чадна.

- Тантай санал нэг байна. Марк Мэнсон саяхны нэгэн YouTube бичлэгтээ энэ талаар хөндсөн байсан. Онлайн орчинд хүмүүс өөрөөсөө өөр үзэл бодол, хандлагатай хүмүүсийг өчүүхэн ч болов тэвчиж чадахаа больсон бөгөөд зөвхөн үзэл бодол, хэв маяг нийлдэг хүмүүстэйгээ холбогдож, нэг бодлын “бөмбөлөг” дотор амьдардаг болсноороо их ганцаардмал болжээ гэсэн байсан. Үүнийг боловсролын агуулгад буулгаж үзвэл бидний үзэл бодол, мэдлэг, хандлагыг сорих олон талт орчин байх нь хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлдэг юм шиг санагдлаа. 

- Түүхээс харсан ч тэр академик орчин нь тухайн цаг үеийнхээ хамгийн дэвшилтэт үзэл санаатай, өөрчлөлтийн түүчээ болсон хүмүүсийн нэгдэл байсаар ирсэн. Мэтгэлцээн, үзэл бодлын олон талт байдал хүнд яах аргагүй өсөн дэвших гүүр болдгийн баталгаа энэ болов уу. 

- Та “Сэхээтэн” подкастад оролцохдоо “Ойлгомжтой, шат дараатай карьерын замнал” гэж дурдсан байсан. Карьераа төлөвлөх тал дээр та залуу үеийнхэнд юу зөвлөх вэ? Энэ талаар тодруулж асууж буй шалтгаан нь залуус бид хэтэрхий олон сонголт дунд төөрчхөөд байгаатай холбоотой. Сонголт олон байх тусам юмс төвөгтэй болдог. Энд нэг инфлюнсер гоё харагдаад, тэнд ч нэг хуульч мундаг санагдаж залууст мэргэжлээ сонгох, цаашдын карьераа тодорхойлоход амаргүй болсон. Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх л даа. 

- Би карьер төлөвлөлтийг гурван үе шаттайгаар хардаг. Нэгд, суралцах үе, хоёрт, өөрийгөө тодорхойлох, гуравт, карьертаа төвлөрөх үе гэж хувааж болохоор санагддаг. Өсвөр насны хүүхдүүд их сургуульд орохоосоо өмнө мэргэжлээ сонгох ёстой юм шиг мэдрэмжийг эргэн тойрноосоо авдаг, түүнээс болоод яардаг. Гэтэл миний хувьд их сургуулиа төгсөөд, ажил дээр гарсан эхний таван жил тэр чигтээ “суралцах шат” байсан. Сонголтоо хийхдээ ч насан туршдаа ажиллах мэргэжил гэх дарамт өөртөө өгөхгүйгээр олон зүйл сурч, туршиж үзсэн. Залуус тодорхой нэг мэргэжил сонгоод их сургуульд орсон байж болно. Гэсэн ч нэг мэргэжил дотроо олон мэргэшилтэй, түүнийг дагасан боломжууд байдгийг мартаж болохгүй. Жишээ нь, инженер мэргэжилтэй хүн уул уурхай, барилга, гэх мэт төрөл бүрийн салбараас сонгож ажиллаж болно. Эсвэл аль нэг салбарыг сонирхдог хүн тэр салбартаа төрөл бүрийн мэргэжлээр ажиллаж болно. Тэгэхээр салбар, мэргэжил, тэр болгоны огтлолцол дээр байгаа боломжуудыг туршиж үзэж байж ирээдүйн карьераа тодорхойлно. Үүнийг нэг төрлийн аялал гэж бодох хэрэгтэй. 

Салбар, мэргэжил, тэр болгоны огтлолцол дээр байгаа боломжуудыг туршиж үзэж байж ирээдүйн карьераа тодорхойлно. Үүнийг нэг төрлийн аялал гэж бодох хэрэгтэй.

Хэдийгээр би эдийн засагч мэргэжлээр төгссөн ч уул уурхайн салбарт ажиллах сонголт хийсэн. Уурхай дээр ч, хотын оффист ч ажиллаж үзлээ. Тухайн салбарын талаар сайтар ойлголттой болчихоод цаашид эндээ ажилласаар байх эсэхээ бодож, “өөрийгөө тодорхойлох” үе шат руу орсон. Өөрийгөө тодорхойлох цаг хугацаа болон орон зайг өөртөө өгөхийн тулд магистрт суралцахаар шийдсэн. Суралцах явцдаа би уул уурхайгаас өөр салбарыг төдийлөн мэддэггүйгээ, туршиж үзэх зүйл бүр их байгааг ойлгосон. Өөрийгөө тодорхойлох нэмэлт хугацаа шаардлагатай гэж үзээд менежментийн зөвлөх үйлчилгээний Маккинзи компанид ажилд орж байлаа. Маккинзи төрөл бүрийн салбар, байгууллага, асуудал дээр ажилладаг болохоор яг надад тохирсон орчин байв. Ингэж таван жил ажилласныхаа дараа төвлөрөх үе шатдаа орсон. Бодлогын түвшинд ажиллахыг хүсдэгээ олж харсан. 

Одоогийн ажил минь анх ажлын талбарт гарахдаа хөл тавьсан уул уурхай салбар, бодлогын түвшинд ажиллах алсын хараатай минь огтлолцож байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид карьер минь яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Орчин цагт карьерын замнал хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор заавал минийх шиг байх албагүй. Богино хугацаанд суралцаад, тодорхойлоод, төвлөрөөд, дахин дахин өөр мэргэжил, салбар сонгоод энэ үе шатуудаа давтаж болно. Тиймээс мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа залууст яарах хэрэггүй гэж зөвлөе. 

Дуртай зүйлээ олсон бол насан туршдаа түүгээрээ явах ёстой гэж хүмүүс эндүүрдэг. Карьер гэдэг бол хүнтэй үерхээд таарч тохирохгүй бол больдогтой адил. Өөрчлөгдөх боломжийг өөртөө олгох хэрэгтэй.

- Залуус passion буюу хүсэл, сонирхлоо дагаж карьераа сонгох гэж хичээдэг болжээ. Гэхдээ амьдрал дээр 100 хувь хүсэл сонирхлоо дагаж карьераа сонгох боломжгүй. Үүн дээр нэмээд тухайн зүйлээ сайн чаддаг байх хэрэгтэй гэж нэг карьер көүч зөвлөж байсныг саналаа. Та эдгээрийн алинд нь тулгуурлаж карьерынхаа сонголтоо хийж байв? 

- Хүн олон сонголт дунд төөрөх магадлалтай тул ямар ч байсан сонголт хийж, түүнийгээ туршиж үзэхээс өөр аргагүй. Би их сургууль төгсөхдөө юу хийхээ мэдэхгүй, ямар ч төсөөлөлгүй байсан. Тухайн үед миний анхаарал хандуулж, чухалчилдаг зүйл нь хэзээ нэгэн цагт Монголдоо очиж, хөгжилд нь хувь нэмрээ оруулах байв. Мөн Оюу Толгойн гэрээ зурагдаж, уул уурхайн салбар бужигнаж эхэлсэн үе тул энэ салбарт ажиллаад үзье гэж бодсон хэрэг. Түүнээс би уул уурхайн салбарыг дурлаж сонгоогүй, яагаад гэвэл сонирхдог гэдгээ мэдэх боломж ч байгаагүй. Ямартай ч сонголтоо хийж, дотор нь ажиллаж үзсэн. Хүн ер нь гарт баригдахгүй зүйлийг хайж дэмий цагаа үрэхийн оронд алив нэг зүйлийг барьж аваад хийгээд үзчих хэрэгтэй. Тэр дотроос дуртай, чаддаг зүйлээ олно. Хоёрдугаарт, дуртай зүйлээ олсон бол насан туршдаа түүгээрээ явах ёстой гэж хүмүүс эндүүрдэг. Карьер гэдэг бол хүнтэй үерхээд таарч тохирохгүй бол больдогтой адил. Өөрчлөгдөх боломжийг өөртөө олгох хэрэгтэй. 


- Ээж болох нь эмэгтэй хүний карьерт хэрхэн нөлөөлдгийг харуулсан Экономистийн саяхны нэг нийтлэлийг хараад танаас үүнийг асуумаар санагдлаа. Эмэгтэйчүүд хүүхдээ өсгөхийн тулд хэсэг хугацаанд карьераасаа завсарлага авах шаардлагатай болдог. Энэ нь зарим эмэгтэйчүүдийг карьер эсвэл гэр бүлийнхээ аль нэгийг сонгоход хүргэж байх шиг санагддаг юм. Учир нь, ээж болсон эмэгтэйчүүд олон ачаа үүрэх шаардлагатай болдог. Энэ талаар “Нийгэм эмэгтэйчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаарддаг” гэж олонд түгсэн хэлц хүртэл бий. Энэ талаар та ямар бодолтой байна вэ, эмэгтэйчүүдэд тавьдаг энэ хатуу стандартыг бид хэрхэх ёстой вэ?

- Нэн тэргүүнд энэ асуудалд нийгмээрээ хэрхэн хандаж байгаагаа анзаарах хэрэгтэй. Бид үнэхээр эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлээсэй гэж хүсэж байна уу эсвэл эмэгтэйчүүд ажлын байранд чухал үүрэгтэй гэж бодож байна уу эсвэл эмэгтэй хүн бүрт бүрэн сонголт олгоё гэж зорьж байна уу. Энэ асуудалтай шударгаар нүүр тулах ёстой. Том зургаар нь харвал энэ хувь хүнээс шалтгаалах зүйл биш, харин ч улс орны эдийн засагт нөлөөлөхүйц нийгмийн том асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ.

Би ээж болоод жил гаран болж байна. Төрөхдөө Маккинзи дахь ажлаасаа гараагүй байсан юм. Хүүхэдтэй болсны дараа гэр бүл, хамт олонтойгоо ойр, тусалж дэмждэг орчинтой нийгмийг эрхэмлэдэг хүн гэдгээ ойлгосон. АНУ өндөр хөгжилтэй, дэлхийн тэргүүлэгч орон боловч дотор нь олон жил амьдарсны эцэст хувь хүнд илүү суурилсан, хэт капиталист нийгэм гэдгийг мэдэрсэн. Ээж болсны дараа жижиг гэлтгүй зүйлс анзаарагддаг юм билээ. 

Хүүхэдтэй болсны дараа гэр бүл, хамт олонтойгоо ойр, тусалж дэмждэг орчинтой нийгмийг эрхэмлэдэг хүн гэдгээ ойлгосон. АНУ өндөр хөгжилтэй, дэлхийн тэргүүлэгч орон боловч дотор нь олон жил амьдарсны эцэст хувь хүнд илүү суурилсан, хэт капиталист нийгэм гэдгийг мэдэрсэн.

Жишээ нь, манай компани хангамж сайтай, хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд ээлтэй гэдгээрээ алдартай хэдий ч тэнд ажиллангаа бага насны хүүхэд өсгөхөд хэцүү санагдсан. Маккинзигийн ажилтнууд ихэнхдээ долоо хоногийн 3-4 өдөр нь өөр хот руу томилолтоор явж ажилладаг, тийм учраас хүүхэдтэй эмэгтэйчүүдэд төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг. Жишээ нь, томилолтоор явлаа гэхэд ээжийн саасан сүүг тухайн өдөрт нь гэрт нь хүргүүлэх шуурхай үйлчилгээтэй. Гэтэл жирэмсний амралтын дээд хугацаа болох 5 сараа дуусаад томилолтод явахад тэр сүүг хэн хүүхдэд минь уулгах юм бол гэж бодогдож миний ухаан санаанд буухгүй байсан. Гэтэл жирэмсний амралтын хугацаа болон энэ үйлчилгээ нь Америктаа жишиг болдог гээд боддоо. Учир нь, Америкт жирэмсний амралт, хүүхэд өсгөх чөлөөг төрөөс олгодоггүй. Хангамж сайтай зарим компани цалинтай хүүхэд асрах чөлөө олгох замаар байгууллагын түвшинд энэ асуудлыг шийддэг. Гэсэн ч хүүхэд асрах чөлөөний хугацаанд цалин олгодоггүй компаниуд олон бий. Ихэнх компани амаржсан эмэгтэйн ажлын байрыг таван долоо хоногоос дээш хадгалдаггүй. 

Намайг амаржихад ээж маань ирж нялх биетэй надад дэм болж, нөхөр минь ч халамжилж байлаа. Гэхдээ би Монголдоо очиж гэр бүл, дотны хүмүүстэйгээ ойр байхыг хүссэн. Ээж болсон хүнийг ойлгож, дэмждэг соёлтой нийгэмд байх нь ямар их үнэ цэн вэ гэдгийг мэдэрч байгаа юм. Одоо нөхөр, хоёр талын ээж аав, ах эгч дүү нарын дэмжлэгтэйгээр хүүхдээ өсгөж байна. Эмэгтэй хүн, ээж бүр хангалттай дэмжлэг, туслалцааг авах хэрэгтэй юм билээ. Тэрнээс би чадна, чадах ёстой гэж хүчлэх шаардлагагүй. Монголд хүүхэд төрүүлсэн эмэгтэйн ажлын байрыг хоёр жил хадгалж, “цалинтай ээж” бодлогыг хэрэгжүүлдэг нь зөв, үүнийг цаашид улам сайжруулах хэрэгтэй. Энэ тал дээр Америк шиг хэт капиталист биш, Европ, Скандинавын орнууд шиг хүндээ ээлтэй бодлогыг хөгжүүлээсэй гэж боддог. 

Америкт жирэмсний амралт, хүүхэд өсгөх чөлөөг төрөөс олгодоггүй. Хангамж сайтай зарим компани цалинтай хүүхэд асрах чөлөө олгох замаар байгууллагын түвшинд энэ асуудлыг шийддэг. Гэсэн ч хүүхэд асрах чөлөөний хугацаанд цалин олгодоггүй компаниуд олон бий. Ихэнх компани амаржсан эмэгтэйн ажлын байрыг таван долоо хоногоос дээш хадгалдаггүй.

- Та Маккинзид байхдаа менежер хүртэл дэвшиж ажилласан. Баг удирдаж ажилласнаар суралцсан хамгийн чухал зүйл юу байсан бэ?

- Удирдлагын түвшинд ажиллахад хамгийн чухал нь юу хүсэж байгаагаа тодорхой болгох юм. Үүн дээр нэмээд хүмүүст ажлаа хийх орон зай, эрх мэдлийг өгөх нь ямар чухлыг ойлгосон. Тэгж байж хүмүүс даргынхаа хэлснийг л хийдэг биш, ажилдаа эзэн болж явна. Багийнхаа хүмүүст “Энэ 10 ажлыг хийгээрэй. Би хяная” гэвэл мэдээж амар. Гэхдээ бодит үр дүн хүсэж байвал очихыг хүссэн цэг, тэр цэгт очиход тухайн ажилтны гүйцэтгэх үүргийг тайлбарлаж, даалгаврыг өөрийнхөөрөө хийх боломжийг олгох нь илүү оновчтой. Зарим байгууллагад дээрээс доош чиглэсэн, захирал төвтэй ажиллах хэв маяг анзаарагддаг. Захирал үүнийг хүссэн, захирал үүнийг хий гэж хэлээгүй, зөвшөөрөөгүй гэх хандлага байгууллагад давамгайлахаар хүмүүс хөдлөхөөс айдаг, хөдлөөд ч яах юм гэж боддог. Жаахан юм хийчхээд дээшээ “шидэж” даргынхаа зөвшөөрлийг хараад суучихдаг. Яг үнэндээ удирдах түвшний хүмүүс ажлыг гардаж хийдэггүй, нөхцөл байдал, нарийн ширийнийг сайн мэдэхгүй учраас оновчтой шийдвэр гаргаж чадахгүй, гаргатлаа хугацаа алдаж, ажил гацаадаг. Товчоор, ажлаа мэддэг хүнд нь шаардлагатай эрх мэдлийг нь өгч, нөгөө хүн нь ч ажилдаа эзэн болоод явбал сайн шийдвэрийг богино хугацаанд гаргадаг. Харин удирдлагын түвшинд ерөнхий чиглэл, хүлээлт заавал байх ёстой. “Чи өөрөө мэдээд хий” гэж хэлчхээд хийгээд ирэхэд нь “Надад таалагдахгүй байна” гэж хэлж болохгүй. 

Хүмүүст ажлаа хийх орон зай, эрх мэдлийг өгөх нь ямар чухлыг ойлгосон. Тэгж байж хүмүүс даргынхаа хэлснийг л хийдэг биш, ажилдаа эзэн болж явна.

- Таныг төрөлхийн сониуч хүн юм гэдгийг олон зүйлээс анзаарлаа. Таныг “Сиддхарта” номыг орчуулан монгол уншигчдад хүргэснийг мэдэх юм байна. Яагаад энэ номыг орчуулах болов?

- Херманн Хессегийн "Сиддхарта" зохиолыг би есдүгээр ангидаа анх хичээл дээрээ уншиж байсан. Багшийнхаа зөвлөснөөр нэг, хоёр сарын турш бүлэг бүрээр нь нухацтай уншиж, ангидаа хэлэлцүүлэг өрнүүлж, эссэ бичсэн юм. "Сиддхарта" миний уншдаг сонгодог уран зохиолуудаас ялгаатай байсан. Амьдралын утга учир, үнэ цэн, хүн хоорондын харилцаа гээд өмнө нь бодож байгаагүй зүйлсийг эргэцүүлэхэд хүргэсэн. Тэрнээс гадна би буддын шашинт гэр бүлд өссөн атлаа энэ шашны талаар суурь ойлголт муутай гэдгээ ойлгосон. Эмээ минь маани уншиж, бурхандаа мөргөдөг, ганданд очиж ном уншуулахыг харж байсан ч цаад философи, утга агуулга, түүхийг нь огт мэддэггүй байлаа. Сиддхартагийн замналыг уншаад буддын философи, амьдралын утга учир, гэгээрэл гэх мэт ойлголттой танилцсан. Хичээлээсээ ирээд уншсан зохиолынхоо талаар ээж авдаа ярьж өгөх, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцах гэж их үзнэ ээ (инээв). Тэр үед энэ хоёр өөрсдөө уншиж, тэгэхдээ монгол хэл дээр уншиж байж минийх шиг гүн ойлголттой болох юм байна гэж бодогдсон. Тэгээд арваннэгдүгээр ангиа төгссөн жил төв номын санд бүтэн зуны турш сууж "Сиддхарта"-г орчуулаад цомхон хүрээнд хэвлүүлж байлаа. Сүүлд ковидын үеэр Эрдэмт Паблишингийнхаа найзуудтайгаа хамтарч, дахин хянан засварлаад албан ёсоор хэвлүүлсэн. 

- Хувийн чанартай асуултуудыг үүгээр дуусгаад одоо хашиж буй ажлын тань талаар ярилцъя. ТУЗ-ийн гишүүн гэхээр ямар ажил хийдэг юм бол гэж манай уншигчид бодож байгаа болов уу. Хүлээдэг гол үүрэг, өдөр тутмын ажил тань хэрхэн явагддаг талаар бидэнтэй хуваалцаач?

- Засаглалын хувьд аливаа байгууллагын гүйцэтгэх ажилтнуудын дээр Төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл бол байгууллагын үнэт зүйл, зорилгыг том зургаар нь тодорхойлох, түүнийхээ дагуу байгууллагыг амжилттай ажиллуулахад чиглүүлэх, гүйцэтгэх удирдлагуудад хяналт тавих үүрэгтэй. ТУЗ-ийн гишүүд өдөр тутмын ажилд оролцохгүй, оронд нь ээлжит болон ээлжит бусаар хуралдаж, компанийн менежментэд үүрэг өгч, хяналт тавина. ТУЗ-ийн гишүүний ажлыг ерөнхийд нь тайлбарлахад ийм байна. Оюу Толгой компанийн хувьд Рио Тинто, Монгол Улсын Засгийн газар гэсэн хоёр том хувь нийлүүлэгчтэй. Би Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн учраас компанийн үнэт зүйлийг тодорхойлохдоо Монгол Улсад ирэх үр өгөөж, ач холбогдлыг байнга бодож, чиглүүлэх дуу хоолой нь болох учиртай. Рио Тинто компани дийлэнх буюу 66 хувийг эзэмшихийн сацуу Оюу Толгойн менежментийг хариуцдаг тул Засгийн газрыг төлөөлсөн гурван гишүүн хяналт тавих сөрөг хүчний хувиар ажилладаг гэж ойлгож болно. 

- Ойрын хугацаанд таны төвлөрч буй гол ажил юу вэ?

- ТУЗ-ийн гишүүд дотроо хороодод хуваагдан зарим асуудалд түлхүү анхаарч ажилладаг. Оюу Толгойн ТУЗ нь санхүү аудитын хороо, хүний нөөц - сургалтын хороо, хамтын ажиллагааны хороо, үйл ажиллагааны хороо гэсэн дөрвөн хороотой. Би хүний нөөцийн хороо болон хамтын ажиллагааны гишүүн. Одоогоор хоёр чиглэлд түлхүү анхаарч байна. Нэгд, монгол ажилчдын үнэлэмж, карьерын өсөлтийн асуудал. Оюу Толгойд ажиллаж буй монгол залуусын мэдлэг, ур чадвар хангалттай боловч адил ажил хийж буй олон улсын мэргэжилтнүүдээс бага цалин авдаг. Хөдөлмөрийн зах зээл хурдтай шинэчлэгдэж байгаа учраас хүн хүнээр нь харьцуулахаас илүүтэй цогцоор нь харсан бодлого шаардлагатай байна. Энэ бол нэг компанийн асуудал биш, Монголын хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хандлагыг тодорхойлоход чухал нөлөөтэй. Бид дэлхийн жишиг компани болохын тулд жишиг болсон хүний нөөцтэй, тэднийгээ бүх талаар дэмждэг байх хэрэгтэй. Хоёрт, Оюутолгойн кампийн нөхцөл байдлыг сайжруулах, шинэчлэлийн ажлыг яаравчлуулахад анхаарч байна. Өмнө нь Оюу Толгойд ажиллаж байсан болохоор уурхайн ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулах дээр өндөр ач холбогдол өгдөг. 

Би Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн учраас компанийн үнэт зүйлийг тодорхойлохдоо Монгол Улсад ирэх үр өгөөж, ач холбогдлыг байнга бодож, чиглүүлэх дуу хоолой нь болох учиртай.

-Та Оюу Толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад удаагүй байгаа. Урт хугацааны дараа эх орондоо эргэн ирж суурьшиж байна шүү дээ. Дунд нь ороод ажиллахад Монголын нийгэм, хүмүүс хэр их өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна?

- Мэдээлэл жигд, хүртээмжтэй хүрдэг болсон нь хамгийн түрүүнд анзаарагдсан. Тийм болохоор монгол залуус мэдээлэл сайтай, дэлхийн хэмжээнд сэтгэж, боломжоо хардаг болсон байна. Энэ бол миний олж харсан том өөрчлөлтүүдийн нэг. Үүнтэй зэрэгцээд гадагшаа явах сан гэдэг хүмүүсийн бодол улам нэмэгдсэн юм шиг санагдлаа. 30-аас доош насны залуучуудын дийлэнх нь ямар нэгэн байдлаар гадагшаа гарахыг хүсдэг гэсэн статистикийг харсан. Мэдээж гадагшаа яваад юм үзэж, шинийг суралцаж, тухайн нийгэм, улс ямар байдгийг мэдэх хэрэгтэй. Гэлээ ч монгол залуус минь эх орондоо эргээд ирэх сэтгэлээ хадгалж яваасай гэж хүсдэг. Гадаадад удаан байхад гэр бүл, хамт олны уур амьсгал, халуун дулаан харилцаа үгүйлэгддэг. 


- Төрийн болон хувийн томоохон компаниудын шийдвэр гаргах түвшинд чадварлаг эмэгтэйчүүд нэмэгдэж байгаад баяртай байдаг. Мөн тэр хэрээр хэсэг бүлэг хүмүүсээс ирэх дарамт, сөрөг сэтгэгдэл их байдаг байж мэднэ. Таныг ТУЗ-ийн гишүүнээр томилогдоход ийм зүйл ажиглагдав уу?

- Олон нийтийн хандлага янз бүр л байсан. Тэр дундаа хүмүүсийн хүлээлт өндөр байгаа нь надад мэдрэгдсэн. Олон улсын компанид ажиллаж байсан туршлагатай залуу хүн гэдэг утгаараа өөрөөр ажиллах байх, шинэ уур амьсгал оруулна гэсэн хүлээлт ажиглагдсан. Нөгөө талаар залуу эмэгтэй хүн гэх сөрөг хандлага мэр сэр ажиглагдсан. Магадгүй нийгмээрээ удирдах хүн, ТУЗ-ийн гишүүн гэхээр нас тогтсон, эрэгтэй хүн байдаг гэх хэвшмэл ойлголттой байгаад тэрнээс нь зөрөхөөр шүүмжилсэн нүдээр хараад байдаг болов уу. 

Эмэгтэй хүн хэн нэгнээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэвэл тэр нь та өөрөө.

- Таны бодлоор ямар эмэгтэйг Woman Who Dare гэх вэ?

- Эмэгтэйчүүд хэн ч хэлээгүй байхад хэн нэгнээс зөвшөөрөл асуух ёстой юм шиг мэдрэмжийг тээж явдаг. Тэр эмэгтэй хэчнээн мундаг, боловсролтой, ур чадвартай байхаас үл шалтгаалаад байнга хэн нэгнээс “зөвшөөрөл” авах ёстой юм шиг санагдана. Надад ч бас тийм үе байсан. Тэгэхээр эмэгтэй хүн яагаад, хэнээс гэж асууж эхлэх мөчөөс л зориглож, зүрхэлж эхэлдэг байх. Угтаа хэн нэгнээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэвэл тэр нь та өөрөө юм. Товчхондоо, өөртөө зөвшөөрөл өгч чаддаг, тэрнээсээ айдаггүй эмэгтэйг л Woman Who Dare гэж хэлнэ дээ. 

- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батцэрэн 2024.04.07 66.181.191.223

Мундаг ажилч хичээнгүй оюунлаг бүсгүй байна ажилд нь амжилт хүсье

0 Хариулах