Английн "Челси" клуб энэ улирлыг бэртэл гэмтлийн хямралд нэрвэгдсэн таагүй дүр зурагтайгаар үргэлжлүүлж байна. Тэд уг нь Европын тэмцээний эрх авах боломжтой гэгдэж байгаа ч улирлын туршид барьцгүй тоглож байгаа юм.
Тухайлахад, өнгөрсөн бямба гарагт унах бүсэд бичигдэж байгаа "Бөрнли"-гийн эсрэг талбайдаа хүний илүүтэй тоглоод ч баралгүй 2:2-оор тэнцсэн билээ.
Тэд энэ долоо хоногт "Манчестер Юнайтед"-ийг талбайдаа хүлээн авч тоглох хэдий ч Маурисио Почеттиногийн багаас хэд хэдэн гол тоглогчид нь эзгүй байна.
Тодруулбаас, одоогийн байдлаар Мало Густо, Бен Чилвелл, Роберт Санчес, Трево Чалоба, Ромео Лавиа, Карни Чуквуемека, Леви Колвилл, Рис Жеймс, Кристофер Нкунку, Уэсли Фофана, Лесли Угочукву гээд бүтэн багийн гарааны бүрэлдэхүүнтэй тэнцүү тооны тоглогч бэртэлтэй байгаа юм.
Мөн "Челси" клубийн Эмнэлгийн албаны захирал Димитриос Калогианнидис гэр бүлийн шалтгаанаар 14 жилийн дараа багаа орхихоор шийдэж, энэ тухайгаа албан ёсоор зарлаад буй.
Тиймээс "Челси"-гийн удирдлагууд өнөөгийн хямралаасаа гарахын тулд эмнэлгийн албаныхаа дараагийн удирдагчид дор хаяж 250,000 фунт стерлингийн цалинг санал болгож байна. Харин дэмжигчид нь "Челси" клубийг дуулиан шуугиантайгаар орхин явсан Эва Карнейрог эргүүлэн авчрахаар цахим хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн ажээ.
Зарим дэмжигчид хэдийн цахим хуудаснаа түүнийг эргэн ирээч хэмээн гуйсан, уриалсан утга бүхий агуулгыг нийтлээд байна.
Карнейро 2016 онд "Челси"-г орхин явахдаа өөртэй нь зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр тухайн үеийн дасгалжуулагч Жозе Моуриньогийн эсрэг шүүхэд гомдол гаргасан билээ. Шүүх хурлийн өмнө талууд хувийн тохиролцоонд хүрснээр эл хэрэг шийдэгдсэн юм.