UBLife Logo
Спорт

Сүмо: Монголын шинэ од Онокацү Б.Чойжилсүрэн

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Сүмо: Монголын шинэ од Онокацү Б.Чойжилсүрэн

Японы сүмо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын Зуны тэмцээнд жюүрёо зиндаанд дэвшин барилдах бөхчүүдийн нэрсийг зарлахад Ономацү дэвжээний Онокацү хэмээх Б.Чойжилсүрэн байлаа. 

Тэрээр Nippon Sport Science University их сургуулийн оюутан байхдаа 2022 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртсэн. Энэ амжилтаараа макүшита зиндааны 15-аас барилдах эрх авч, гурван башё (5:2, 6:1, 5:2) барилдаад сэкитори болж байгаа юм. Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 23 настай. 185 см өндөр, 151 кг жинтэй. Бага сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ. 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон тэмцээнд амжилттай оролцож, Японы Канагава мужийн сургуулийн багш нарын хараанд өртөж, 2016 оны хавар нь урилгаар ирсэн.

Онокацү сэтгүүлчдэд “Маш их баяртай байна. Одоо цолтой бөх болсноо сайн мэдрэхгүй байгаа ч цаашдаа улам хичээх болно. Монголд байгаа гэрийнхэндээ хэлтэл аав уйлж байсан. Өнгөрсөн тэмцээнд үзүүрлэсэн Оносатотой их сургуульд хамт барилдаж байсан анд. Түүнийг хэрхэн барилдаж байгааг хараад баярлахын зэрэгцээ бага зэрэг атаархах мэдрэмж төрсөн. Түүнтэй нэг дохён дээр барилдахын тулд улам их бэлтгэл хийх ёстой” гэж ярьжээ. 

Харин Ономацү ояката “Туршилтын хугацаанд башёд барилдахгүй ч бүх хүч чадлаараа бэлтгэл хийж байгааг нь харж байлаа. Анх тэмцээнд орохдоо нэг барилдчихаад л “Хэр барилдсан бэ” гээд асуугаад хүрээд ирдэг, үнэхээр сүмод хайртай залуу” гэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.