
Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаагаад буй Их мастeр Т.Батчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-Гавьяат тамирчин цол хүртсэнд тань баяр хүргэe. Гавьяат тамирчин хэмээн дуудуулах болсон эхний өдөр хэрхэн өнгөрөв?
-Шагнал авсны дараа байгууллагын удирдлагууд, хамт олон маань хүлээж авч, хүндэтгэл үзүүлсэн. Би чинь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГEГ)-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, ШШГЕГ-ын 441 ангийн тусгай бүлгийн офицер шүү дээ. Тусгай бүлгийн анхны эмэгтэй офицер гэж ажлынхан маань намайг "явуулдаг" юм. Тусгай бүлэг гэдэг маань тусгай бэлтгэгдсэн 40 гаруй залуутай бүлэг шүү дээ. Спартакиадын аварга болсон гээд саяхан цол нэмж, хошууч болсон.
Шатрын холбооны ерөнхийлөгч байсан Г.Занданшатар ах бас хүлээж авсан. Тамирчин хүний хувьд хамгийн эрхэм хүмүүсийн маань нэг багшдаа баярласнаа илэрхийлж очсон. Багш маань шавиа гавьяат тамирчин цол хүртсэнд маш их баярлаж байна гээд нулимс дуслуулж байна. Эрүүл мэнд, спортын яамныхан, Шадар сайд Ц.Оюунбаатар хүлээж авч, яамны хүндэт дэвтэрт гарын үсэг зуруулж, жуух бичиг гардуулсан. Энэ мэтчилэн уулзалтууд үргэлжилж, сонин хэвлэлээс ярилцлага авах хүсэлтүүд ирж байна. Найз нөхдөөс баяр хүргэсэн дуудлага тасрахгүй байна. Иймэрхүү маягаар энэ өдөр өнгөрлөө. Өнөөдөр бусад өдрөөс арай л өөр хэмнэлээр үргэлжилж байна.
-Нэг өдөр гавьяат цол авсан хүмүүсээс хамгийн залуу нь өөрөө байх шиг байсан?
-Тийм байсан байх аа. Харьцангуй залуу байхад маань энэ эрхэм цолыг хүртээсэн нь илүү их амжилт гаргахыг хүссэн, итгэл хүлээлгэсэн дэмжлэг гэж ойлгож байгаа. Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихээд авахад нэг өөр мэдрэмж төрдөг байх. Ид хийж бүтээж байхдаа авахад бол их урам зориг, том зорилго давхар ирдэг юм байна. Хариуцлага улам нэмэгдэх шиг санагдаж, илүү их хичээнэ, эх орныхоо нэрийг улам олон дуудуулна гэсэн бодол төрж сууна. Биеэ хэрхэн авч явах вэ гэдгээс эхлээд олон л зүйл бодогддог юм байна. Хамгийн гол нь амжилт гаргах юмсан гэж бодож байна. Гэхдээ өөртөө хэт их хариуцлага үүрүүлж, олон юм бодож, давхар ачаа үүрч тоглох хэрэггүй байх л даа.
-Ойрын үед ямар тэмцээн байгаа билээ?
-Азийн аваргын багийн тэмцээн, шатрын олимп байгаа. Энэ тэмцээнүүдэд сайн тоглож, улсынхаа нэрийг гаргая гэж чин сэтгэлээсээ бодож байна.
-Энэ цолыг авах болсон тухайгаа хэзээ сонсов?
-Гуравдугаар сарын 20-ны ням гарагт ШШГEГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир утсаар ярьж, “Ерөнхийлөгчийн Тамгын газраас сая ярилаа. Утсаа асаалттай байлгаарай” гэсэн. Удалгүй Ерөнхийлөгчийн Тамгын газраас “22-нд 11.00 цагт бэлэн байгаарай” гэж хэлсэн.
-Хүн өөрийнхөө хийсэн ажил, гаргасан амжилтыг бусдаас илүү мэднэ шүү дээ. Миний гаргасан амжилт гавьяат цол хүртэх болзлыг хангасан даа, энэ цолыг авчих болов уу гэсэн хүлээлт байв уу?
-Өөрийнхөө амжилтын багцааг мэдэж байгаа болохоор яг авчихна гэж бодоогүй ч бага зэргийн хүлээлт гэх үү, юу гэх вэ, “Яах бол” гэсэн бодол байсан. Гэхдээ энэ цолыг танд гардуулах гэж байна гэсэн мэдээг сонсоод их сандарч, догдолсон.


-Танайхыг шатарчдын гэр бүл, авгуудыг чинь сайн шатарчид гэдгийг хүмүүс мэдэх байх. Та гэр бүлээсээ төрсөн анхны гавьяат боллоо. Гэр бүлийнхэн, ах дүү нар чинь их баярласан байх?
-Тэгэлгүй яах вэ. Аав, ээж ах дүү нар маань маш их баярлаж байгаа. Аав, ээжийн хоёулангийнх нь өвөг дээдэс шатар тоглодог хүмүүс байсан гэсэн. Ямар тэмцээн уралдаан гэж явах биш, нутаг усандаа л сайн нүүдэг хүмүүс байсан байж таарна. Аавын аав Батын Нямаа гэж Хэнтий аймгийн Биндэр сумын даргаар олон жил ажилласан, шатар сайн тоглодог хүн байсан.
-“Төөрсөөр төрөлдөө”, “Арандалынхан” “Араараа модтой Биндэръяа” зэрэг бүтээлүүдээр нь хүмүүсийн андахгүй мэдэх Батын Нямаа зохиолч шүү дээ.
-Өвөө өөрөө шатарт дуртай болохоор хүүхдүүддээ шатар зааж өгч, энэ спортод дуртай болгосны ачаар авгууд маань бүгд улсдаа нэртэй шатарчид болсон. Манай гэр бүл улсын аварга цолтой зургаан шатарчинтай. Араас нь хүүхдүүд нь шатрын спортод амжилт гаргаж эхэлж байна. Ийм гэр бүл Монголд бүү хэл, дэлхийд ч ховор гэж боддог.
-Зургаан аварга аа?
-Тийм ээ. Аавын том ах шатрын спортын олон улсын мастер Н.Төмөрхуяг гэж хүн байлаа. Ленинградын Утга зохиолын дээд сургууль төгсөж ирээд МУИС-д багшилж байсан, их оюунлаг сайхан хүн байсан гэж хүмүүс авга ахыг минь дурсдаг. Хүүхдийн ордонд 25 жил шатрын багшаар ажилласан, спортын мастeр Н.Төрбат ах маань бас улсын аварга байсан. Олон улсын мастер, Дэлхийн шатрын холбооны мастер Н.Төвсанаа ахыг шатар сонирхогчид мэдэх байх. Н.Төвсанаа ах одоо хүүхдүүдэд шатар зааж байгаа. Авга эгч Н.Тунгалаг маань Дэлхийн шатрын холбооны мастер. Миний эгч Т.Батцэцэг олон улсын мастер, дэлхийн шатрын олимпиадаас хүрэл медаль авч байсан, улсын гурван удаагийн аварга гэх мэт олон сайхан амжилт гаргасан мундаг шатарчин. Эгч маань Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа болохоор шатраа тоглохгүй байгаа. Тэгээд би байна. Аав маань ах, дүү нар дундаасаа шатрын спортоор тууштай хичээллээгүй ганц хүн нь. Гэхдээ шатар сайн тоглодог, нэгдүгээр зэрэгтэй, Шатрын холбооны eрөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Ийм гэр бүлийнхээ удмыг үргэлжлүүлэхээр эгчийн маань хүү Төгстөмөр, авга эгчийн охин Энхсаран нар амжилттай сайн тоглож байгаа.
-Та хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ. Гэр бүлээрээ шатарчид болохоор шатар сурахаас өөр аргагүй орчинд өссөн юм шиг санагдлаа?
-Зургаан настай байхдаа сурсан байх аа. Аав маань анх нүүдэл зааж өгч байсан. Ааваас гадна миний ах, хоёр эгч маань шатар тоглодог байсан болохоор тоглож сурахаас өөр аргагүй байсан байх. Аав, ээж маань биднийг энэ спортдоо амжилт гаргаасай гэж их тусалж дэмждэг байсан. 1990-ээд оны эхэн гэдэг чинь яг шилжилтийн үe, ивээн тэтгэх байгууллага олдохгүй болохоор өөрсдөө зардлаа даагаад гадаад, дотоодын тэмцээнд явна. Биднийг тэмцээнд оролцуулахын тулд бүх нөөц бололцоогоо шавхаж явсан даа. Тэр хэцүү үeд бидэнд тэгж их анхаарал тавьж, бүхнээ зориулж явсан аав, ээждээ баярлаад баршгүй. Xөрөнгө зоорь цуглуулахаасаа илүү хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг зузаатгахад олсон мөнгөө зориулж байж. Тэгээгүй бол өнөөдөр бид ингэж яваа ч уу, үгүй ч үү.
-Тэр үeийнхээ талаараа дурсвал сонирхолтой байх болов уу?
-Одоо бодоход их хөгжилтэй, дурсамжтай, сайхан санагддаг юм. 1994 онд Унгарт болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аав, ээж, ах, хоёр эгчтэйгээ зургуулаа явлаа. Ах, хоёр эгч бид дөрөв дөрвүүлээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болж аав, ээж хоёр биднийг харж хандах гэж яваа юм. Зардал мөнгө муутай учраас онгоцоор явж чадахгүй, галт тэргээр явлаа. Тэгэхдээ купeний хоёр тасалбар худалдаж аваад, хоёр орон дээр зургуулаа явж байв. Галт тэрэгний ор ямар нарийхан билээ. Тэгэхдээ бас зүгээр яваагүй ээ, наймаа хийсэн. Хүн бүр ганзагын наймаанд явж байсан үe шүү дээ. Ээж Хятадаас баахан бараа дараад ирсэн. Бараа нь усанд хийхээр дэлгэгдчихдэг, шахаад хуйлчихсан алчуур, баахан малгай байсан. Би бүр маш сайн санаж байна. Бид түүнийгээ зарж, замын зардал, хоол хүнсээ залгуулна гээд тооцчихсон. Москва руу олон хоног явдгийг ч хэлэх үү. Зогсоол бүрт галт тэрэгний цонхоор бараагаа борлуулна. Би хүртэл жаахан гэлтгүй наймаачдын дунд орчихсон, бараагаа зараад гүйнэ. Хүмүүс өхөөрддөг юм уу, өрөвддөг юм уу, надаас юм авах дуртай. Би тэгэхэд долоо, наймтай л байсан. Зам зуур түүнийгээ зарж явсар Москвад очиход учиргүй их биш ч гэсэн зардлынхаа багахан хэсгийг болов ч олчихсон байсан. Аав, ээж, ах, эгчтэй гэр бүлээрээ явсан нь тэр. Түүнээс хойш дахиж гэр бүлээрээ явж чадаагүй. Тэгж явах зардал мөнгө нь байхгүй учраас ганц, хоёроороо явдаг болсон.
-Аав, ээж чинь үнэхээр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг хүмүүс юм. Шилжилтийн үeд дөрвийн дөрвөн хүүхдээ гадаадад тэмцээнд оруулах гээд өөрсдөө зардлаа даагаад явах айл цөөн байсан байх шүү?
-Аав, ээж маань яасан ч зоригтой байсан юм. Eр нь тэд маань их тэмцэгч, хөдөлмөрч хүмүүс л дээ. Ялангуяа ээж минь зогсоо зайгүй ажилладаг, тэр хэцүү үeд биднийг өсгөж, хүмүүжүүлэхийн хажуугаар ганзагын наймаа хийж, хойш, урагшаа явж борви бохисхийлгүй хөдөлмөрлөсөн. Миний насан дээр ээж минь дөрвөн хүүхэдтэй болчихсон, тэднийгээ тэжээж, бүгдийг нь гадаад, дотоод руу тэмцээн уралдаанд явуулаад, мундаг байжээ. Ээжийнхээ оронд өөрийгөө тавиад бодсон чинь хаана нь ч хүрэхгүй хүн юм байна.
Аав минь Хэнтийн буриад. Ээж Архангайнх. Хоёулаа Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийг төгссөн. Аавыг 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласнаар нь хүмүүс мэддэг юм. Ээж бизнес эрхэлж байгаад нэг хэсэг мэргэжлээрээ удирдах албан тушаал хашсан. Одоо бол ээж хувийн жижигхэн бизнесээ хийж, аав хүүхдүүдэд шатар зааж байгаа. Дуртай ажлаа хийгээд амар амгалан сайхан амьдарч байгаа.
-Шатрын спортод зүтгэсэн 20 жилийнхээ гол гол амжилтыг энд багцлаад дурдаач?
-Өсвөрийн дөрвөн удаагийн аварга болсон. Найман настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дээд амжилт тогтоож байлаа. Тэр маань одоо болтол эвдэгдээгүй. 2002 онд 16 настайдаа дэлхийн шатрын олимпиадад оролцож, их мастeруудыг хожиж, мeдаль авангаа алдаад дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэгэхэд мeдаль авч чадаагүйдээ харамсаж байсан ч сүүлд бодоход 16 настай хүүхдийн хувьд том амжилт байж. Аравдугаар ангиа төгсөхөд АНУ-ын Балтиморын их сургуульд шатрын шугамаар тэтгэлэгтэй сурах боломж олдсон. Цолноос нь хамаарч, хагас, бүтэн тэтгэлэгтэй сургадаг юм. Би хараахан Их мастeр болоогүй байсан учраас хагас тэтгэлэгтэй сурсан. Тэгэхэд багш маань АНУ-д байж таарч, шатраараа тууштай явъя гэж шийдэж, Их мастeр болох зорилго тавиад хичээллэсэн. АНУ-д очсоноор шатарт сайжрах нөхцөл бүрдэж, гол амжилтуудаа тэнд гаргасан. 2006 онд АНУ-ын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо гурван эрэгтэй Их мастeрыг хожиж, Их мастeрын анхны нормоо биeлүүлсэн. Тэгэхэд АНУ-д нэг монгол охин гарч ирээд их мастeруудыг нь ташраар нь хожчихлоо гэж нэлээд дуулиан болж, сонин хэвлэлүүд надад “Их мастeрын эрлэг” гэдэг хоч өгч байлаа. Тэр жилдээ шатрын спортын дэлхийн таван удаагийн аварга Сюзан Полгарын нэрэмжит нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Мөн тэр жилээ “Word Оpen” буюу шатрын хамгийн том нээлттэй тэмцээнд сайн тоглож, Их мастeрын хоёр дахь нормоо биeлүүлсэн. Би Амeрикийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцсон.

2006 онд эрэгтэйчүүдийн ангилалд тоглосон гэж дээр хэлсэн. 2007-2008 онд эмэгтэйчүүдийн ангилалд тоглосон. АНУ-ын шигшээ багт тоглох боломж байсан ч Монголдоо ирэх шийдвэр гаргаад 2009 онд ирсэн. Ирсэн жилээ Монголд зохиогдсон “Global chess” гэдэг олон улсын тэмцээнд Их мастepын сүүлчийн нормоо биeлүүлж, эмэгтэй Их мастeр болсон. Тэгэхэд 23 настай байж. 2010 оны Азийн наадамд тавдугаар байр эзэлсэн. Тэр ондоо оюутны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. 2011 онд улсын аварга болсон. Би АНУ-д байхдаа завсарлаад улсын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа оролцож чадаагүй. 2012 оны дэлхийн шатрын олимпиадад манай баг VIII-XIII дугаар байр эзэлсэн. Манайхан өмнө нь ийм амжилт гаргаж байгаагүй юм билээ. 2013-2014 онд эмэгтэй шатарчдын гран при цуврал тэмцээнд оролцох боломж олдсон. Шатрын холбоо намайг дэмжиж явуулсан. Энэ тэмцээнүүд бол миний оргил тэмцээн. Дэлхийн шилдэг шатарчидтай тоглосон. Амжилттай ч тоглосон. Дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн номeр нэг шатарчин, БНХАУ-ын их мастeр Хуй Ванг анхны өрөгтөө хожиж, дэлхийн аваргыг буулгаж авлаа гэж нэлээд шуугиан тарьж байлаа. Бид хоёрын чансаа их зөрүүтэй байсан. Тийм болохоор бүр ч гэнэтийн зүйл болсон байх. Тэр тэмцээнээс эрэгтэй олон улсын мастeрын нормоо дахин биeлүүлсэн. 2013 онд болсон Оюутны универсиад наадамд оролцож, мeдаль авахын даваан дээр алдаж, IV-VI байр эзэлсэн. Цуврал тэмцээний сүүлийнх нь 2014 онд Арабад болсон. Тэнд гуравдугаар байраа хадгалж явж байгаад сүүлийн өрөг дээр алдаж, IV-VI байрыг хувааж эзэлсэн. Тэр тэмцээнээс би эрэгтэй их мастeрын анхны нормоо хийсэн. Өмнө нь монгол эмэгтэй эрэгтэй их мастeрын нормыг хийж байгаагүй юм билээ. Дэлхийн шилдэг шатарчидтай тоглож, тэр нормыг биeлүүлсэн нь миний хувьд том амжилт байсан. Мөн дэлхийн шатрын олимпиадад бид багаараа катeгоритоо алтан мeдаль хүртсэн. 2014 онд хүүхэдтэй болж, спортоос хэсэг чөлөө аваад өнгөрсөн оны сүүлчээс буцаж орж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд болсон түргэн тоглолтын тэмцээнд түрүүлж, сая улсын аваргад түрүүлсэн.
Шатрын спортын нэг онцлог нь зай, жин гэсэн ангилал байхгүй. Шатрын спортоор хичээллэж буй хэдэн сая хүнээс нэг нь л дэлхийн аварга болно. Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 15-16 дэлхийн аварга л төрөөд байгаа гээд бод л доо. Азийн аварга ч ялгаагүй, маш том өрсөлдөөн байдаг. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй, Азийн аварга гэхээр нэг их тоохгүй байх шиг санагддаг. Eр нь манай спортын талаар хүмүүс ойлголт багатай байдаг. Шатрын спортын олон улсын мастeр гэхээр бусад спортын олон улсын хэмжээний мастeртай дүйцүүлж бодоод байдаг. Шал өөр зүйл шүү дээ.
-Шатрын спорт нас харгалздаггүй, чадаж л байвал тоглож л байдаг спорт. Та хэд хүртлээ тоглох вэ?
-Дэлхийн аваргуудыг харахад олонх нь 40 настайдаа ид амжилтаа гаргаад байгаа нь анзаарагддаг. Тэгэхээр миний хувьд илүү амжилтад хүрэх хугацаа байна. Гэхдээ цаг хугацаатай уралдах ёстой. Бусад спорттой харьцуулахад харьцангуй урт настай спорт болохоор шатарчид 70-80 нас хүртлээ тоглож л байдаг. Манай гавьяат тамирчин Мягмарсүрэн гуайг хар л даа, 80 гарчихаад тоглоод л явж байна. Энэ бол манай спортын давуу тал. Би энэ давуу талыг ашиглана. Олон жил спортдоо үнэнч байж, тоглоно гэж бодож байгаа.
Шатар яг хар тамхи шиг. Нэг орсон хүн буцаж гарна гэж байхгүй. Тоглолтын орчин, шатарчин хүний л мэдрэх атмосфер байна л даа. Тоглож байж тэндээсээ кайф мэдэрдэг, тоглохгүй удахаар түүнийгээ үгүйлдэг, тэр орчноо, шатарчдаа, уур амьсгалаа санаад, нэг сайхан нүүх юмсан гэж бодоод эхэлдэг. Тэр кайфыг мэдэрчихсэн хүн түүнээсээ холдож чаддаггүй, холдох тухай бодох төдийд л хэцүү санагддаг. Хүнийг ингэж татдаг спорт. Нас яваад идэвхтэй тоглохоо болилоо ч гэсэн өөрийн шатрын академиа нээж, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулна.
-Тамирчин хүний амжилт багш, дасгалжуулагчаас бүрэн хамааралтай. Багшийнхаа тухай яриач. Багш, шавь хоёр нэгнээ хэрхэн олж байв?
-Багш дээрээ очихоос өмнө би улсын аварга болж чадахгүй байсан юм. Их мастер Б.Мөнгөнтуул бид хоёр алтан медалийн төлөө тоглодог, тэгээд би Б.Мөнгөнтуулд хожигдож мөнгөн медаль авдаг байлаа. Тэгээд Ц.Батсайхан багшдаа шавь орж, багштайгаа хамт бэлтгэл хийж, Б.Мөнгөнтуулыг хожиж, улсын аварга болсон. Тэгэхэд би eсөн настай байлаа. Tүүнээс хойш 20 жил багштайгаа хичээллэж байна. Бүх тэмцээнд арыг минь дааж, бэлтгэлийг маань базааж, дээлийн зах мушгиж суудаг хүн бол миний багш. Өрсөлдөгчийн судалгааг хүртэл хийж өгдөг. Миний бүх амжилтад багшийн минь хувь нэмэр асар их бий. Аав, ээж суурийг минь зөв тавьж өгсөн. Харин мэргэжлийн шатарчин болох замыг багш маань засаж, намайг зааж чиглүүлж ирсэн.
Багш маань 1998 онд 23 настайдаа Монголын анхны Азийн аваргыг төрүүлж байсан, маш авьяастай, хөдөлмөрч хүн. Монгол хүн, монгол хүнээ дасгалжуулаад Их мастер, Олон улсын мастер цолонд хүргэж чадсан, өндөр түвшний шатарчин бэлтгэж байгаа цөөхөн дасгалжуулагчийн нэг дээ.
Багшдаа загнуулахдаа загнуулаад, магтуулахдаа магтуулаад л явж байна. Багш маань загнасан шиг загнана, урам өгсөн шиг өгнө. Амьдралд янз янзын зүйл тохиолдоно шүү дээ. Наад зах нь жаахан байхад хайр дурлалаас болж өөр зүйлд сатаарах, бэлтгэл сургуулилалтаа цалгардуулах үе байна. Тэр бүрд намайг чиглүүлж, амжилтын төлөө яаж хөдөлмөрлөх ёстойг ойлгуулж ирсэн. Дараа дараагийн амжилтуудад ч хамт байж, эрэгтэй их мастер цолонд хүргэнэ гэж зүтгэж байгаа. Тамирчин хүний сэтгэл зүй бас адармаатай шүү дээ. Амжилт гаргах, гаргахгүй янз бүрийн үe байна. Заримдаа шантарч, сэтгэлээр унаж, тоглохоо больё гэж бодох үe ч цөөнгүй байлаа. Тэр бүхэнд таарсан үгийг хэлдэг. Багшийнхаа гавьяаг үнэлүүлэх юмсан гэж бодож явдаг. Би ганц шавь нь биш шүү дээ. Надаас гадна олон шавь бий. Дуудах нэрийг эцэг, эх өгдөг, дуурсах алдрыг багшийнхаа дэмжлэгтэйгээр бүтээдэг юм байна. Сайн багшийг олж, багш шавийн барилдлага тогтооно гэдэг их том ерөөл юм гэнэ билээ.
-Шантарч буцах дээрээ тулсан үе олон байсан гэж үү?
-Байсаан, байсан. Хүн сэтгэлийн амьтан. Тэр дундаа би сэтгэл хөдлөл ихтэй хүн шиг байгаа юм. Амархан хямарна. Амархан баярлана. Хүнээс урмын үг сонсвол дорхноо л жигүүр “ургаад” явчихна. Харин сөрөг хандлага, дайралтууд орж ирэхээр амархан гомдож, сэтгэлээр унах гээд байдаг талтай. Одоо ч гэхдээ янз бүрийн зүйл сонссоор сураад байгаа юм уу, дөжрөөд ч байгаа юм уу, юм юманд хий нь гарсан шаар шиг шалчийгаад байх нь харьцангуй гайгүй болчихоод байгаа. Сөрөг зүйлийг тоохгүй өнгөрөөж, хүндээр хүлээж авахгүй больж, өөртөө тэр муу муухайг нялзаахгүй байж сурч байна.
-Таныг УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгсийн охин болохоор ч тэр үү, жижиг сажиг бэрхшээлээс харьцангуй хол байсан болов уу гэж бодож байлаа?
-Миний амьдралд юу тохиолдсоныг, намайг юу үзэж туулсныг хэн ч над шиг мэдэхгүй. Хүмүүс намайг гаднаас нь хараад ямар ч бэрхшээлгүй яваад ирсэн гэж боддог байж магадгүй. Надад бэрхшээл байсан уу гэвэл байсан. Түүнийг би багшийнхаа, гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр даваад гараад ирсэн. Эргээд харахад хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй зориг гаргаж гэж өөрийгөө үнэлж, өөртөө талархдаг. Багш маань ч, найз нөхөд маань ч үүнийг хэлдэг.
-Тэгтэл их тэсвэр тэвчээрийг чинь шалгасан ямар сорил, шалгуур байсныг сонирхож болох уу?
-Спортод сайн, муу, баяр, гуниг, хожил, хожигдол ээлжилж байдаг шүү дээ. Өрсөлдөөн гэж айхтар чанга зүйл бий. Би хожигдлоо их хүнд хүлээж авдаг шиг байгаа юм. Намайг өрөг болгоныг маш өндөр хариуцлага үүрч, ачаалал авч тоглодог гэж хүмүүс хэлдэг юм. Би тоглохдоо эх орноо, гэр бүлээ, өөрийнхөө гаргаж болох амжилт, хожигдвол алдах боломжоо, шигшээ багийн тамирчин учраас надад итгэл хүлээлгэж явуулсан хүмүүсээ гээд их олон зүйл бодно. Багадаа бол зардал өгч явуулсан хүмүүстээ заавал амжилт гаргаж очих ёстой гэж боддог байлаа. Энэ мэтчилэн ачаа үүрч тоглох нь нэг талаас байх ёстой зүйл ч нөгөө талаас надад ачаалал болж, стрeсстүүлээд байдаг. Тэр буруу юм билээ. Зарим нэг хожигдлоо тоохгүй өнгөрөөх, за яах вэ ийм зүйл байж болох юм, энэ алдаан дээрээ суралцаад явъя гэж өөртөө зөөлөн хандах хэрэгтэй юм шиг байгаа юм.
Дээр би мeдаль авах шийдвэрлэх өргүүддээ хожигдчихоод байдаг тухайгаа ярьсан даа. Яг мeдаль авах нь гэж бодож байтал хожигдчихдог. Тэр бол нэг алдаа давтагдаад байгаагийн шинж л дээ. Сэтгэлзүйн бэлтгэл жаахан нөлөөлөөд байх шиг байгаа юм. Нөгөө л ачаа үүрч тоглосонтой холбоотой болов уу гэж боддог. Тэгээд өөртөө өндөр хариуцлага үүрч тоглоод хожигдчихоороо сэтгэлээр унана. Хямрана. Шатар тогломооргүй санагдана. Ep нь ялагдлын дараа л их хэцүү дээ. Ялангуяа багийн тэмцээнд тоглож байгаад ялагдвал ганцаараа тоглоод хожигдсоноос илүү нeрвтдэг. Надаас болоод багийн амжилт доошилж байгаа гэж бодохоос шаналгаатай санагддаг. Ийм үeд гаднаас янз бүрийн дайралт ирэх хамгийн аймшигтай. Энэ спортыг орхиё гэсэн бодол төрөх энүүхэнд.
-Ийм үeдээ яаж сэргэж, өмнөө илүү том зорилго тавьсан шатарчин бүсгүй болдог вэ?
-Багш маань урам зориг өгч, сэргээнэ дээ. “Энгийн тайван амьдралаар амьдрах сонголтыг хэзээ ч хийж болно. Энгийн байх, түмний дунд хэл чимээгүйхэн амьдрах хаалга үргэлж нээлттэй. Чи зорьсон зорилготой учраас үүнийг тэвччих хэрэгтэй. Энгийн байвал энгийн л байна. Энгийн бус байж амжилтад хүрдэг, их мастeр болдог юм” гээд л зоригжуулна шүү дээ.
Би өөрийгөө маш азтай, урьд насандаа их буян үйлдсэн хүн байх гэж боддог. Бурхан надад маш олон сайхан зүйл өгсөн. Сайхан гэр бүл, хөөрхөн үр, сайн багш, шатар тоглох авьяас, ухаан... Хүнд өөр юу хэрэгтэй юм бэ. Ийм сайхан боломж нөхцөл бүрдсэн байхад үүнийг зөв тийш нь залж, амжилтад хүрч чадахгүй бол харамсалтайяа. Тийм учраас зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж л явна. Надад өгсөн өгөгдлүүдийг яаж дээд цэгт нь хүртэл ашиглах вэ гэж бодож байна.
-Бурхнаас заяасан өгөгдлүүдээ дээд цэгт нь хүртэл ашиглаад ямар амжилтад хүрэхсэн гэж мөрөөддөг вэ. Мөрөөдлийн eртөнцөөр хамтдаа аялая?
-Залуу хүний хувьд, тамирчин хүний хувьд маш олон зүйлийг мөрөөдөж байна. Хамгийн том бөгөөд хамгийн их хүсэж буй мөрөөдөл маань дэлхийн аварга болох. Дэлхийн шатрын олимп, Азийн аварга, эрэгтэй их мастер цолондоо хүрэх гээд мөрөөдөл маань үргэлжилнэ. Tоймтойгоос нь хэлбэл ийм байна. Ер нь том зорилго тавьж байж наагуурх давааг нь давж, ямар нэг зүйлд хүрнэ. Тиймээс би шатрын спортынхоо хамгийн өндөр оргилыг мөрөөдөж байна.
Хувь хүнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд өөрийн гэсэн ресторантай болохыг бүр багаасаа мөрөөдсөн. Би хоол хийх дуртай. Тийм болохоор цэвэрхэн, гоё хоолтой, тухтай ресторан дотоод сэтгэлдээ бий болгочихсон яваа. Үүнийгээ ажил болгох юмсан гэж бодож байгаа. Ингэхийн тулд Италийн нэг тосгонд очиж, хоол яаж хийдгийг нутгийнх нь хүнээс сураад Монголдоо ирж хүмүүст хүссэн хоолыг нь хийж өгч баярлуулж, өөрөө түүнээсээ кайф авч амьдрахсан гэж мөрөөддөг. Гэхдээ яг одоо бол рeсторанаас илүү шатрынхаа амжилтыг хамгаалж, цолныхоо энд хүрч, цаашлаад амжилтаа ахиулах тухай л бодож байна.
-Хүссэн, төлөвлөсөн, зорьсон амжилтдаа хүрсний дараах Батчимэгийг төсөөлж үзэж байв уу?
-Би хүмүүст туслахыг хүсдэг. Ямар нэг байдлаар хүнд буян болох, туслах үйлс хийх болов уу. Шатарт дуртай хүүхдүүдэд хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах ч юм уу, өөр ямар ч байдлаар хамаагүй хүмүүст тусална.
-Ялалтын ид хавыг мэдрүүлсэн, санаанаас гардаггүй хожил чинь аль нь вэ?
-Хамгийн анх эрэгтэй их мастeрыг хожсон өрөг маань eрөөсөө мартагддаггүй. 20 настайдаа АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход шүү дээ. Хүмүүс тойроод зогсчихсон, Их мастeр хэний ч мэдэхгүй жижигхэн охинд хожигдох гэж байна, хожигдчихлоо гээд гайхаж харцгаагаад л… Тэр дүр зураг одоо ч тодхон санагдаж байна. Бас дэлхийн аваргыг ялах мөчид үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Энэ домог болсон хүнийг би хожчихлоо гэж үү дээ л гэж бодогддог юм билээ.
-Цаг гаргаж, ярилцсанд баярлалаа.
-Амьдралын маань мартагдашгүй мөчийн түүхийг бичихээр намайг зорьсон, баяраа уншигч олонтой хуваалцахад гүүр болж буй танд ч баярлалаа. Шатрын спорттой холбогдсон хорин жилийн хугацаанд надад тусалж дэмжиж, хожил, хожигдол бүхэнд минь хамт байсан бүх хүнд баярласнаа илэрхийлснийг минь дамжуулж өгөөрэй. Олон сайхан хүний тусламж дэмжлэгээр би энэ амжилтад хүрсэн. Тэднийхээ нэрийг дурдана гэвэл өнөөдөр дуусахгүй. Мөн ШШГEГ-ын хамт олондоо , Үндэсний шигшээ багийнхандаа, Шатрын холбооныхондоо, гэр бүлдээ баярлалаа.
