Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн улсын гарди Мягмарын Бадарчаас метенолон гэх допингийн төрлийн бодис илэрсэн тул түүний амжилтыг хүчингүйд тооцов.
Харин түүнд тахим буулгасан бөхчүүдэд өнөөдөр цол, чимэг нөхөн олголоо.
Тавын даваанаа М.Бадарчид өвдөг шороодсон Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх "Тавын даваанд М.Бадарчтай таарч, харгүй барилдсан. Би урьд нь гурав, дөрөв хаячихаад байсан учраас боломжийн учраа байлаа. Барьцанд хүрчихвэл хаячихна гэсэн итгэлтэй гарсан. Барьцийг маань тавиулаад буцаад ухрах хооронд л дайраад унагаачихсан шүү дээ. Өмнө нь хоёр унахдаа ч гэсэн барьц солих агшинд яг ингэж унаж байсан юм. Бид хоёрын барилдаан угаасаа л иймэрхүү өрнөлөөр үргэлжилдэг. М.Бадарч огцом бярдаж барилддаг онцлогтой. Өөрөө алдаа гаргаад унасан би М.Бадарчийн талаар юу ярих вэ" гэсэн юм.
Түүнд өнөөдөр Монгол улсын начин цолыг нөхөн олгосон билээ.
