Энэ сарын 16-нд Хятадын шоу-бизнесийн том арга хэмжээний нэг болох Weibo movie night болж, өнгөрлөө. Ёслолын улаан хивсэн дээр Хятадын алдарт дуучин, жүжигчид алхаж өнгөрсний дотор Өвөрмонголын дуучин Аянга байлаа.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/e7e045078607fdcdd1be0c9d1c2e6875.jpg)
Аянга гэж хэн бэ?
Өвөрмөц хоолойтой дуучин, модель, жүжигчин Аянга (183 см, 65 кг) тэрбум давсан хүнтэй Хятад оронд амжилттай уран бүтээлээ туурвиж явна. Гэхдээ түүний зам үргэлж дардан шулуун байгаагүй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/af2a7fb286a905ad105af05f9daadd6a.jpg)
Аянга 1989 оны аравдугаар сарын 23-нд Ордост малчин айлын гэрт төржээ. Түүнийг гурван настай байхад нь аав нь нас барсан бөгөөд аавынхаа үлдээсэн хуучин магнитфоныг тэр нандигнан хайрладаг байлаа. Дуу хураагчаар Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийн дууг сонссоор цээжилжээ. Долоон нас хүрэхэд нь дахин гай дайрлаа. Энэ удаад ээж нь хүнд өвчнөөр ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Аав ээжээ алдсан Аянга хүү хүнтэй юм ярихаа больж, сургуульд явахаас татгалзлаа. Ах нь түүнийг онц авьяастай хүүхдүүдийн дотуур байртай сургуульд оруулав. 14 настайдаа Аянга Өвөрмонголын Ардын армийн дуу, бүжгийн хамтлагт орсон байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/f3e91dd1dff4c26d0b999b29a850023c.jpg)
17 нас хүрээд тэр хөгжмийн ертөнцийн оргилд гарахаар Бээжин явлаа. Хоёр жилийн дараа Бээжин хотын бүжгийн академид элсэж, чадав. Анх бүжгээр явж байсан ч хүнд гэмтсэний улмаас мэргэжлээ солихоос өөр аргагүй болжээ. Одоо түүний хөдөлгөөнийг хараад байхад мэргэжлийн бүжигчин байсан нь мэдэгддэг. Бие даан хичээллэсээр гитар, төгөлдөр хуур тоглож сурав. Хоёрдугаар дамжаанд сурч байхад нь ганц тусалж дэмжиж байсан ах нь нас барлаа. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд Аянга янз бүрийн ажил хийж байв. Түүнийг академид сурч байхад нь авьяасыг нь анзаарсан нэгэн хүн найруулагч Тянь Циньсиний хэд хэдэн мюзиклд тоглох боломж олгож, Аянга ч тодорч чадсан юм. Ингээд найруулагч Тянь түүнийг Бээжин хотын дуурь бүжгийн театрт ажилд авсан байна.
Ингээд түүний замнал дээшилж эхэллээ. 2015 онд анхны гоцлол "Thank You" цомгоо гаргаж, төрөлх Ордостоо тоглолт хийлээ. Хэдийгээр Бээжинд амьдарч байгаа ч Аянга Өвөрмонголдоо байнга очдог. Монгол хэл дээр дуу зохиодог. 2014 онд “Эцэг” кинонд анх удаа дүр бүтээж, 2018 онд "Супер вокал" хэмээх реалити–шоунд оролцож, финалд шалгарлаа. Singer 2019 уралдаанд хоёрдугаар байр эзлэв. Forbes сэтгүүлээс Аянгыг анд найз Чжен Юньлунтай нь хамт “2019 оны 30 хүртэлх насны дуу хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөөтэй эрхэм”-д багтаасан байдаг. 2020 онд ERC Chinese Top Ten Awards шагналын Оны шилдэг дуучнаар шалгарлаа.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/19/c5dac733a694eb5ebea73d80b65a5193.jpg)
Оны шилдэг шинэ жүжигчин цол хүртэв. 2022 онд "Ромео Жульетта" мюзиклийн Ромеогийн дүрийг бүтээв. Дараа нь “Монте Кристо гүн” мюзиклийн продюсерээр ажиллаж, гол дүрд нь тоглолоо. Хятадын хамаг том шоу, нэвтрүүлэгт уригдаж, 4 цомог гаргасан, уран сайхны болон баримтат хэд хэдэн кинонд тоглосон, хөгжмийн наадмын зочин, шүүгчээр байнга уригддаг алдартан болжээ. Оросын Полина Гагаринаг нэгэн шоун дээр ялж байсан бол Казахстаны Димаштай эн тэнцүү өрсөлдөж байсан түүхтэй.
2019 онд "Хүлэг хүлэг бороороо..." гэдэг дууг буриадаар дуулж, тэр дороо буриад олны хайртай хүү нь болон хувирсан.