
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтжээ.
Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сум 1923 онд байгуулагдсан, шинэ Монголын ууган сумдын нэг бөгөөд хангай, тал хээр хосолсон үзэсгэлэнт байгальтай, 4000 шахам хүн амтай, 200 гаруй мянган малтай томоохон сумын нэг юм.
Тус сум сүүлийн жилүүдэд аймагтаа тогтмол эхний байруудад шалгарч байгаа бөгөөд 2015 оны ажлаараа Баянхонгор аймагтаа тэргүүлж, эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт өнөөгийн байдлаар 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгосон байна. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн хоёр жил эхийн эндэгдэл гараагүй зэрэг амжилтаараа Монгол Улсын тэргүүний сум болсон байна.
Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон билээ.