UBLife Logo
-

Монгол дахь цор ганц гей баар луу өнгийсөн нь

U
UBLife
Монгол дахь цор ганц гей баар луу өнгийсөн нь

Тэд бидний тухай

АНУ-ын Нью-Йорк хотын чөлөөт сэтгүүлч Лила Сейдман Монголд байх хугацаандаа “Bright and sweet, but hard to swallow” хэмээх нийтлэл бичсэн нь өнгөрсөн баасан гарагт “Gawker” цахим мэдээллийн сайтад нийтлэгдсэнийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна.


Дэлхийд хамгийн цөөн хүн амтай хэрнээ өргөн уудам нутагтай орны цорын ганц гей бааран дотор суунгаа А.Зориг надад өөрийгөө “эр бэлэг эрхтний зөнч” хэмээн тодорхойлов. “d.d/h.z” нэртэй тус баарны эзэн тэрбээр эрчүүдийг гаднаас нь хараад л бэлэг эрхтнийх нь хэмжээ болон бэлгийн чиг хандлагыг нь итгэлтэйгээр хэлж чадна гэлээ. Тэр надтай хамт явсан найзыг маань гаднаас нь “унших” мэт нухацтай ажигласныхаа дараа танхим руу эргэж хараад “Энэ газар яг л гэрийн маань зочны өрөөтэй адил мэдрэмж төрүүлдэг” хэмээв.

Зориг буцаж ирэхдээ бидэнд өнгө өнгийн давхаргатай хөлдүү ундаа авчирч өгөөд “Энэ ундаа яг л Монголын гейчүүдийн амьдрал гэсэн үг. Харахад гоё ч, залгихад бэрх” гэлээ.

Улаанбаатарт Монголын хүн амын нь гуравны нэг нь оршин суудаг, хөл хөдөлгөөн ихтэй ч ганц байгаа гей баараа нуухад амаргүй. Нийслэл хотоос нь гараад үзвэл дэлхийд үлдсэн сүүлчийн нүүдэлчингүүд хөдөө, талаараа гэр хийн амьдарна. 1921-1990 онд ЗХУ-аас хараат байх үед гетеросексээс бусад бэлгийн чиг баримжаа хориотой сэдэв байв. 1989 он хүртэл гомосексуализмыг хуулиар хориглож, эрүүгийн хариуцлага үүрүүлдэг байжээ. Одоо ч Монголын ижил хүйстнүүдийн амьдрал хэцүү. Монголчуудын дийлэнх нь гей хүмүүсийг үндэсний соёл уламжлалыг эвдэж буй харь орны нөлөөлөл, гаж үзэгдэл мэтээр хүлээн авдаг. Ижил хүйстнүүд дунд сургуульдаа бусдад доромжлуулж, ажлын байран дээрээ гадуурхагдахаас эхлээд эмнэлэг, цагдаагийн тусламж авч чадахгүй зэрэг бэрхшээлтэй байнга тулгардаг.

Монголд “d.d/h.z” байгуулагдахаас өмнө хэд хэдэн гей баар байсан ч бүгд олон нийтийн эсэргүүцлээс болж хаалгаа барихад хүрсэн аж. Хамгийн анх 2004 онд “City Life” нэртэй баар зуны гурван сар ажиллаад л хаагдсан байна. Харин “d.d/h.z” баар өдийг хүртэл амжилттай ажиллаж байгаа юм. Нэг буланд нь хэдэн монгол залуу, гурван европ, цэвэрхэн хувцасласан транс бүсгүйтэй хөхрөлдөн ярилцах нь харагдана. Хөшгийг нь битүү хаасан ч уур амьсгал нь тайван, нээлттэй аж. Зориг “d.d/h.z”-ийн нэг буланг захидал, сэтгэгдэл үлдээдэг ЛГБТ-булан болгон засчээ.

Монголд интернэт хэрэглээ элбэгшхээс өмнө гейчүүдтэй холбоотой мэдээлэл авах ямар ч боломжгүй байжээ. 1990-ээд оны дундуур Монголын нэгэн поп дуучин ижил хүйстэн гэх цуу яриа олны дунд тархсаны дараа гэрт нь хороосон аймшигт хэрэг гарч байсан гэнэ лээ. Одоо ч ижил хүйстэн өсвөр насныхны дунд амиа хорлолт асар түгээмэл.

2010 онд Монголын ЛГБТ төвөөс гаргасан судалгаанаас харахад бэлгийн цөөнх хүчирхийлэл, доромжлол, гүтгэлэгт маш ихээр өртдөг байна. 2001 онд гэхэд нэгэн лесби бүсгүй амиа хорлосон найз бүсгүйнхээ оршуулгын ёслолоос буцаж явах замдаа хоёр залууд хүчиндүүлж, хутгалуулсан хэрэг гарчээ. Мөн 2009 онд “Даяар Монгол” хэмээх нео-нацист хөдөлгөөнийхөн гурван трансжендер бүсгүйг гэгээн цагаан өдрөөр барьцаалж, нүүр нүдгүй зодоод зогсохгүй бэлгийн дарамт учруулж байсан удаатай гэнэ. Эдгээр аймшигт хэргийн аль нь ч цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй аж. Учир нь энэ төрлийн хэргийн хохирогчид цагдаа нарын дарамт, шахалтад давхар өртөхөөс эмээж чимээгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байдаг аж.

Зориг бага байхдаа “ижил хүйстнүүд байдаг” гэж сонсож байсан ч 19 настайдаа Япон руу очтолоо өөрөөсөө өөр нэг ч гей залуутай таарч байгаагүй гэв. Тэр Японд 15 жил хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж, “харин ч нэг чөлөөтэй, сайхан амьдарч” байгаад 2012 онд Монголдоо буцаж иржээ. Эргэж ирээд зугаацах, цагаа өнгөрүүлэх газар байгаагүйд урам хугарсан ч удалгүй өөрөө ЛГБТ баар нээхээр шийдэж. Гей залууст “нууц үдэшлэг” дээр уулзах боломж байсан ч Зориг нуугдаж амьдрахаас залхжээ. Баараар үйлчлүүлэх хангалттай олон хүн сүүдэрт нуугдан амьдарч буйг Зориг мэдэж байлаа.

Тэр 2012 оны дундуур “Ханзо” нэртэй клуб нээж, үйлчлүүлэгчдэдээ дураараа бүжиглэж, караокед дуулах боломжийг бүрдүүлжээ. Гэвч цагдаа нар тус клубийг байн байн хааж, үйлчлүүлэгчдэд бие махбодийн дарамж учруулдаг байсан аж. “Эргээд бодоход 2012 онд “Ханзо” тийм ч амжилттай байгаагүй юм байна. Хүмүүс энэ одоо ямар гээчийн газар вэ гэх аятай хардаг байсан” хэмээн Зориг ярьлаа.

“Ханзо” клуб үйл ажиллагаагаа явуулсан гурван жилд цагдаа нар тогтмол ирж, анхааруулга өгдөг байсан гэнэ. Гэсэн хэдий ч “The Lemons” зэрэг олны танил хамтлаг, уран бүтээлч тогтмол үйлчлүүлдэг байсан нь “Ханзо”-д зочлох хүмүүсийн тоог нэмэгдүүлж, олон нийтэд зөвшөөрөгдөхөд нь нөлөөлсөн байна. Зоригийн ярьснаар, “Ханзо” КЛУБ БАЙРЛАДАГ Чингэлтэй дүүргийн цагдаа нар бусад газрын цагдаа нарыг бодвол ЛГБТ хүмүүст дасаж, хүлээн зөвшөөрөх хандлагатай болсон аж.

Тэр жилийн арваннэгдүгээр сард Н.Анар нэртэй транс залуу “100%” нэртэй гей баар нээж байжээ. Цагтаа нэлээд олон үйлчлүүлэгчтэй байсан тус баарыг эсэргүүцэгч олон байв. 2012 оны хоёрдугаар сард Анараагийн эгчийнх нь найз залуу бааранд нь орж ирээд нүүр лүү нь хүчтэй цохиж, нүдний ухархайг нь гэмтээсэн байна. Тухайн үед үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг Монголыг хуулиар авч хэлэлцдэггүй байсан учир хэрэгсэхгүй болгож байжээ.

Анараа гурван жилийн турш Монголын олон нийт, Хүний эрхийн комисстой тэмцэлдсэний эцэст Монголын анхны ЛГБТ хүний эрхийг хамгаалах төвийг байгуулсан. Саад бэрхшээл алхам тутамд таарч байв. Монголын Хууль, эрх зүйн яам лесби, гей, бисексуал, трансжендер гэх үгсийн товчлол болох “ЛГБТ” гэх нэршлийг Монголын ШУА-д албан ёсоор бүртгүүлсэн цагт зөвшөөрөл өгнө гэжээ.  Гэтэл Монголын бүртгэл, статистикийн ерөнхий газар үндэсний соёл, уламжлалаас гажиж, залуу үеийнхэнд буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэх шалтгаанаар бүртгэхгүй байсаар 2009 онд л зөвшөөрсөн байна.

Анараа одоо ЛГБТ ТББ-ын ерөнхий захирлаар ажиллаж буй. 2015 оны арванхоёрдугаар сарын 3 буюу Анараагийн төрсөн өдрөөр ЛГБТ төв болон НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсын хуулинд анх удаа “Ялгаварлан гадуурхалтын гэмт хэрэг” гэх төрөл зүйлийг оруулж чадсан байна. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль 2016 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. “Тэр үед л цагдаа нар хуулиа хэрхэн ойлгож, дагаж мөрддөгийг харах болно” хэмээн Анараа ярьсан юм.

Зориг “d.d/h.z” болон ЛГБТ төв нь бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгоход чухал нөлөө үзүүлж буйд баяртай байдаг. Гей баар олон нийтэд нээлттэй байх нь нийгэмд ЛГБТ хүмүүсийг ямар нэг гэж донтон, араатан биш зүгээр л хүн гэдгийг ойлгож, хүлээж авахад нь туслана гэж тэр найдаж буй.

“Даяар Монгол” хөдөлгөөнийхөн транс бүсгүйчүүдийг хүчирхийлсэн аймшигт явдлын дараа ЛГБТ төв хохирогчдын нэгийг тоглуулсан “Эрч чөлөөний худал хуурмаг” нэртэй баримтат кино бүтээжээ. Монголд уул уурхайн бүүм болж байх үед буюу 2008 онд гадаадын хөрөнгө оруулагч олширч, харийн нөлөөлөл нэмэгдсэний дараа үндэсний үзэлтэй хэд хэдэн хөдөлгөөн байгуулагдсан байна. Тэд харийн соёлоос улс үндэстнээ хамгаалах зорилгоор гадаад хүмүүсээс гадна ЛГБТ хүмүүсийн эсрэг тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж байв.

Бямба гарагийн үдэш “d.d/h.z” бааранд намуун хөгжим эгшиглэж, тод гэрэл туяарна. Энэ баар гэхээсээ илүү кафе шиг санагдана. Шөнийн 03.00 цагт ч хөл хөдөлгөөн тасрахгүй хүмүүс цувсаар байв. Нэг халамцуу залуу бүдэрч унах гэж байхад Зориг түшиж зогсоолоо.

Зориг саяхан “Даяар Монгол” хөдөлгөөнийг өөртөө нэгтгэсэн “Хөх Монгол” хэмээх хэт үндсэрхэг бүлэглэлийн толгойлогчтой уулзахад ЛГБТ хүмүүсийг дайсан шиг хүлээж авахаа больсоноо ярьжээ. Өнгөрсөн жил найз нь түүнд трансжендер гэдгээ хэлсэн бөгөөд “Хөх Монгол” хөдөлгөөний зарим гишүүн “Ханзо”-д үйлчлүүлж ч байсан удаатай гэнэ. Толгойлогч залуу “Хэрэв хэн нэгэн энд ирээд та нарыг заналхийлэх юм бол шууд намайг дуудаарай” гэсэн аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
0
29
3
0
0
4
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...