
Үе үе олон сая царцааны нүүдэл болж, газар тариалан, ургацын талбайг сүйдэлдэг билээ. Царцаа хэмээх энэхүү хөнөөлт амьтны тухай та бид хэр ихийг мэдэх вэ? Тэгвэл таны мэдлэгийн санд дусал нэмье. Манай оронд 140 гаруй төрлийн царцаа амьдардаг бөгөөд тэдгээрийн 20 гаруй зүйл нь малын бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацад хөнөөл учруулдаг байна. Эрдэмтдийн судалснаар ихэнх төрлийн царцаа өдөрт өөрийн жингээс 1.5-2 дахин их х
оол тэжээл иддэг боловч “дээвэр далавчит” хэмээх нэгэн зүйлийн царцаа биеийн хэмжээнээсээ 1.22 дахин их тэжээл хэрэглэдэг аж. “Бэлчээрийн 100 ам метр талбайд 564 ширхэг царцаа тархсан үед тухайн газар мал идэх ногоогүй болж, газрын өнгөн хэсэг нүцгэрдэг” гэж эрдэмтэн А.С.Кудряшов хэлсэн байдаг.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо, Алтай сум болон Ховд аймгийн Мөст, Мөнххайрхан, Дуут суманд царцааны нүүдэл болсон жил малын бэлчээрт нүдэнд бөртийх ч өвс үлдээгүйн улмаас царцаанууд гэрийн бүрээс, хатаах гэж тавьсан хувцас, ааруул идсэн тохиолдол бий.
Тэр үед идэх зүйл үлдээгүй учир тарвага, аргаль, янгир, бөхөн зэрэг өвсөн тэжээлтэй амьтад өлбөрч үхэн, зарим нь нутаг орноосоо дайжиж байв. Царцаа үй олноор үрждэг жилүүдэд бэлчээрийн ургац 2-3.9 центнерээр буурч, малын хээл хаялт 2.63, сувайралт 1.7, төлийн хорогдол 2.4, зүй бусын хорогдол 1.6 хувь нэмэгдэж, тураалаар үхсэн малын тоо 18 дахин өсдөгийг судалгаагаар тогтоожээ.
Зуны улиралд нэг царцаа 3.75 кг өвс ногоо иддэг. Энэ нь хоёр хонины зуны гурван сард идэх ногоотой тэнцдэг аж. Хоёр жил тутамд царцаа үй олноороо өсдөг гэж эрдэмтэд үздэг. МЭӨ 1490-904 онд Ливи, Алжирт царцааны нүүдэл их хэмжээгээр тархсаны улмаас тус орны хөдөө аж ахуйн салбар нь хямралд өртөж, 200 мянган хүн өлсгөлөнгөөр нас барсан тухай гунигт баримт үлджээ.
Мөн МЭ 25 онд Ромын эзэнт гүрний буудайг царцаа цөлмөснөөр 800 гаруй хүн өлсгөлөнгөөр нас баржээ. Монгол судлаач эрдэмтэн Л.М.Гумилёв “МЭ 40-өөд оны үед Хүннү гүрэнд царцааны нүүдэл тархаж, бэлчээрийн ургамлыг идсэний улмаас хэдэн зуун хүн өлсөж үхсэн байдаг” гэж бичжээ.

1901 онд Казахстан улсын тариалангийн 41.000 га талбайг царцаа устгасан нь тухайн үеийн ханшаар нэг сая рублийн хохирол учруулсан түүхтэй. Үүнтэй тэмцэхийн тулд хоёр сая иргэн бүтэн өдөр ажилласан гэдэг. Сүүлийн жилүүдэд Казахстан, Киргиз зэрэг улсад жил дараалан царцааны нүүдэл хохирол учруулсаар байна.
Нүүдлийн царцааны сүрэг хэдэн зуун км газрыг бүрхэх чадвартай. Сүргийн нягтрал нэг шоо км талбайд 40-80 сая бодгаль байдаг. Ийм сүрэг өдөрт 130 км замыг туулдаг ба зууны нэг хувь буюу нэг тонн царцаа 2500 хүний нэг өдөр идэх хүнс тэжээлийг идэж цөлмөөд цааш нүүдлээ үргэлжлүүлдэг байна.
Царцааны ашиг тус
Ховд аймгийн малчид малдаа гар тэжээл бэлтгэж ирсэн уламжлалтай. Тэд таана, хөмүүл, агь, халтар хомоол, хүнсний ногооны хальс зэргээр гар тэжээл бэлтгэдэг. Мөн уулын зэрлэг сонгино, адуу болон тарваганы тосыг ядарч, цуцсан малд өгөхөөр нөөцөлдөг. Жилийн жилд царцаа ихээр гардаг Дуут, Мөнххайрхан сумын урианхай ястнууд нэгэн өвөрмөц гар тэжээл бэлтгэдэг байна.
Зуны улиралд царцаа барьж хатаамал хийнэ. Хавар, өвлийн хахир цагт хатаасан царцаагаа нүдэж нунтаглан шөл хийж, туйлдсан малд уулгадаг ба энэ нь сайн тэжээл болдог. Мөн “Акритракт царцааны бэлдмэл” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Уг бүтээгдэхүүн нь малын төрөл бүрийн уушигний үрэвсэлт өвчнүүд болон амьсгалын замын өвчинд нэн тустай аж. Төл малд хэрэглэхэд эмчилгээний үр дүн 95 хувь байдаг нь тогтоогджээ.