Хорвоо дээр хүн болж мэндлэх, түүнчлэн хүний дээдэд хүрч дахин төрөх гэх үзэгдлийг бид хоёр тусдаа зүйл гэж ойлгоно. Бид төрсөн даруйдаа ярьж, алхаж, харилцаж чаддаггүй. Хүн болно гэдэг, угтаа хүн байна гэдэг хэцүү даваа юм. Хүн бүр хүүхдээ сайн сайхан амьдруулж, амжилтанд хүргэхийг хүсдэг. Зарим нь магадгүй хэдийнээ хүүхдийнхээ ирээдүйн зураглалыг дотроо бүтээчихсэн, төсөөлж суугаа биз. Боловсрол гэгч нь хүний амьдралын гол зорилго, тэсч үлдэх нэгэн гол зүйл. Тиймээс боловсрол дан ганц мэдлэг бүтээхэд чиглэгдэх учиргүй. Үүнээс гадна бидэнд эрүүл бие бялдар, мөн хамгийн чухал нь бие биенээ хайрлах сэтгэл хэрэгтэй.
"Багш нар хүүхэд бүрт анхаарал тавих боломжгүй" , "Энэ олон хүүхдүүдийн алийг нь тэр гэх вэ", "Таны хүүхэд сурч чадахгүй байгаа нь бидэнтэй хамааралтай асуудал биш" гэх мэт хариултыг эцэг эхчүүд цөөнгүй удаа сонсож байсан байх. Гэхдээ энэ үе ард хоцорч, боловсролын цоо шинэ эрин үеийг эхлүүлж, боловсорхуйн шинэ арга барил, шинэ өнгө төрх манайд нэвтэрч эхлээд байна. Энэ бол суурь хүмүүжлийг төлөвшүүлэх, мөн хүүхэд нэг бүрийн онцлогт тохирсон аргазүйг хэрэгжүүлж, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн нарийвчилсан ажиглалт явуулж боловсролын суурийг бат бөх тавьж өгөх шинэ төсөл юм.

"Хөх нүүдэл" гэх нэртэй уг төсөл хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэх цогц, нэгдмэл шинжтэй бөгөөд таван үе шаттайгаар явагдах юм. Төслийн эхний үе шат нь хүний хөгжлийн хамгийн чухал үе буюу хүүхдэд суурь боловсрол олгох цэцэрлэгээс эхэлжээ. Хаалгаар нь орсон цагаас эхлээд л инээмсэглэх шалтгаан хангалттай ихийг олж харах тэр мөрөөдлийн орон бол "Хөх орон" цэцэрлэг байлаа. "Хайрлая, Баярлая, Бүтээе" гэх гурван үг бүхий жижиг модон самбар үүдэнд намайг угтан авах бөгөөд хүүхдүүдийн нь хийж урласан чамин содон зүйлсээр дүүрэн. Цэлгэр, цэвэр, цэгцтэй гэх гурван үгээр би анхны сэтгэгдлээ илэрхийлнэ. Аль ч газар байсан хүмүүс хамгийн түрүүнд орчинг хардаг шүү дээ. Тэр тусмаа бага насны хүүхдүүд нүдэнд харагдах сонин содон юу л байна бүгдийг сониучирхдаг. Харин бага насны хүүхдүүд байтугай томчууд өөрсдөө хүртэл сонирхоод харж зогсмоор зүйлс энд олон аж. Хүүхдүүд нэг өрөөндөө өдөржин суух бус, хичээл бүр дээр өөр өөр анги тамхимаар аялах сонирхолтой аялал тэднийг хүлээж байдаг. Анги танхим бүр тоглоом, ном гэх мэт хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан, зориулалтаасаа шалтгаалаад өөр өөрийн өнгө загварын шийдэлтэй.


Эцэг эхчүүд бүгд ямар хүмүүст хүүхдээ даатган орхиж байгаа бол гэж санаа зовдог нь мэдээж. Харин уг ордонд хүүхдүүдтэй ажиллаж, ойр дотно харилцах багш ажилчид бүгд мэргэжлийн ур чадвараас гадна бусдыг хайрлах, ойлгох, дэмжих, хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ хандах гэх том шалгуураар дамжин сонгогджээ. Орохоос авахуулаад л эелдгээр инээмсэглэн, анги танхимаа танилцуулж, нэг бүрчлэн тайлбарлаж, хүссэн асуултанд минь маш оновчтой хариулт өгч байсан тэдгээр хүмүүс нэг талаараа өөрсдөө хүүхэд гэмээр тийм л цайлган, дэвэргэн улс шиг санагдсан юм. Дан ганц хүүхдүүд гэлтгүй багш ажилчдынхаа боловсрол, тав тухтай байдалд анхаарал тавьж, тохижуулсан тус цэцэрлэг нийт 120-150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хичээл тус бүрт зориулан тохижуулсан анги танхимуудаас гадна, цэвэрхэн ариун цэврийн өрөө, спорт заал, мини театр, гэр цогцолбор, хүүхдүүдэд зориулсан спа зэрэг хүүхдийг ая тухтай, идэвхтэй, эрүүл байхад хэрэгтэй бүх зүйлийг багтааж өгчээ.

Ийнхүү би “Хөх нүүдэл” төслийн гүйцэтгэх захирал Н.Солонгоцацралттай ярилцлаа.
-Орж ирсэн цагаас л эхлээд танай цэцэрлэгийн тохижилт, уур амьсгал надад маш их таалагдлаа. Та бүхэн хүүхдүүдийн ая тухтай байдлыг ихээхэн анхаарсан нь анзаарагдаж байна.
-Тийм ээ. Бид анх цэцэрлэгийнхээ төслийг эхлүүлж байхдаа орчинг ихээр чухалчилж, судалгаа шинжилгээн дээр үндэслэн хүүхдүүдэд тав тухтай байдлыг бий болгохыг зорьсон. Бага наснаасаа нүдэндээ юу харж, чихээрээ юу сонсож байгаагаас шалтгаалан хүүхдийн хөгжил, хорвоо ертөнцтэй танилцах танин мэдэхүйн аялал нь илүү адал явдалтай, баялаг болох учраас орчин, тохижилт дээр ихээхэн анхаарсан. Судалгаа хийсний үр дүнд бид хүүхдэд үзүүлэх нөлөө, ямар чадвар олж авах тал дээр болон сурах хичээл бүрт нь тохируулан анги танхимуудыг төрөлжүүлсэн. Жишээлбэл, математикийн энгийн төсөөллийн хичээл байлаа гэхэд хүүхэд яг ямар орчинд матемитикийг илүү их сонирхох вэ, ямар байвал хичээл илүү ойлгомжтой, сонирхолтой байх вэ гэдгийг судалж байж анги танхимаа тохижуулсан. Тэр ч байтугай өнгө, загвар бүр дээр судалгаа хийж, хүүхдийн сэтгэл санаа, бие бялдарт яаж нөлөөлөх тал гэдгийг анхаарсан. Өөрөөр хэлбэл silent teaching. Мөн өмнө нь нэг багш бүх төрлийн хичээлийг заан, мэдлэг олгох маягаар явдаг байсан бол манайд хичээл тус бүр дээр мэргэшсэн өөр өөр багш нар зааж, хүүхдүүдтэй харилцаж, үүний үр дүнд хүүхэд илүү нээлттэй болж, ахиц дэвшил гаргаж чаддаг. Багш бүр хүүхдийг өөр өөр өнцгөөс харж, нээж, харилцаж явдаг учраас хүүхдийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Ингэснээр бусад цэцэрлэгүүдээс ялгагдах, бас үлгэр дуурайлал болох нэгэн шинэ зүйл гарч ирсэн. Үүнийг бид өнгөрсөн жил туршиж, хэрэгжүүлэхэд үр дүн маш сайн гарч байсан.

-Бага насны хүүхдүүдтэй ажиллана гэдэг их чадвар, мэдрэмж шаардсан ажил шүү дээ. Та бүхэн багш ажилчдыг ямар шалгуураар сонгон авсан бэ?
-Бид багш ажилчдыг маш өндөр шалгуураар сонгон авдаг. Учир нь энэ төслийг чанартай явуулахын тулд бидэнд чанартай боловсон хүчин хэрэгтэй. Хүүхдүүдийг бие, сэтгэл, оюуны түвшинд хөгжүүлэхийн тулд бид ийм түвшинд хөгжиж чадсан хүмүүсийг сонгон авч, ажиллуулах хэрэгтэй. Мөн бид багшийг дахин бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөртэй. Тэдэнд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийг байнга хэрэгжүүлдэг. Хамгийн гол нь эдгээр чадвар, мэдлэг дээр нэмэгдэх нэг гол хүчин зүйл нь хүүхдүүдтэй хэрхэн харилцах, мөн тэднийг хүндэтгэж, нээж, зөв хүмүүжил олгох чадвар юм.
-Танай цэцэрлэг бусад цэцэрлэгүүдээс юугаараа давуу талтай вэ?
-Боловсрол бол урт хугацааны үйл явц. Суурь боловсрол, бага, дунд, ахлах анги, их дээд сургууль гэх үе шаттайгаар хүмүүний боловсролыг хэрэгжүүлдэг зүйл. Харин энэ дундаас цэцэрлэгт нь яг ямар үйл ажиллагаа явуулах ёстой юм бэ гэдэг нь өөрөө чухал асуудал. Хорвоо дэлхийг танин мэдэх аялалын эхлэл гэж ойлгож болох учраас цэцэрлэг нэгдүгээрт аз жаргал, баяр хөөр, эерэг мэдрэмжүүдээр дүүрсэн байх ёстой. Хүүхдүүдэд бид юуг мэдрүүлж, харуулж өсгөнө, түүгээрээ тэд төлөвшиж байдаг. Тийм учраас цэцэрлэгийн хамгийн чухал шалгуур нь сайхан уур амьсгал, аз жаргал, хайрын мэдрэмж байх ёстой. Мөн хүүхдийг бүрэн нээж чадах сайхан орчин бүрдүүлсэн байх ёстой. Орчин гэхээр дан ганц материаллаг зүйл бус сэтгэл зүйн орчин мөн багтаж байгаа юм. Багш ажилчид хүүхдэд эцэг эх шиг нь хайрын сэтгэлээр хандаж байна уу гэдэг нь хамгийн чухал. Энэ бол манай цэцэрлэгийн нэг онцлог. Бид багш ажилчдаа авахдаа эдгээр зүйлс дээр маш их төвлөрдөг. Хамгийн чухал нь хайр хэмээх мөн чанартаа тэмүүлсэн амсаж мэдэрсэн багш байх хэрэгтэй. Мөн хөтөлбөр маань дан ганц суралцахуй дээр төвлөрөхгүй. Суралцахуйн чиглэлээс гадна, бялдаржуулах, хүмүүнжүүлэх чиглэл дээр ч эрэмбэ дарааллын дагуу төвлөрдөг. Үүгээрээ бидний явуулж буй үйл ажиллагаа бусад цэцэрлэгүүдээс ялгаатай болж байгаа юм. Цэцэрлэг дотор явуулж байгаа бүх үйл ажиллагаа судалгаа шинжилгээтэй хийгдэж байгаа. Хүүхдийн хөгжлийн нэгэн гол зүйл бол мэдээж эрүүл хоол хүнс. Монгол хүүхдэд тохирсон, шим тэжээл өгөх хоол хүнс байх хэрэгтэй. Үүнийг бид өөрсдийн хоол зүйчтэйгээ хамтран, зуны цагт ямар хоол идэх, намар, өвөл, хавар юу идэх вэ гээд жилийн дөрвөн улирлаар ангилж, тусгай цэс гаргасан байгаа. Бид энэ тал дээр ихээхэн анхаардаг. Хэрэв бид цэцэрлэгийн насан дээр нь зөв, эрүүл хооллох дадал зуршлийг бий болгож чадвал хүүхэд цаашдаа насан туршдаа үүнийгээ хадгалан, зөв зуршил тогтдог.

-Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг дээрээ юу хийж байгааг мөн тэнд юу болж байгааг мэдэж, хяналт тавих хүсэлтэй байдаг шүү дээ. Танай цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүдэд ямар боломжуудыг олгож, хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Бид эцэг эхчүүдтэй илэн далангүй, нээлттэй байх зарчмыг баримталдаг. Өнөө үед техник технологийн дэвшлийг ашиглаад хүүхдээ цэцэрлэг дээр юу хийж байгааг нь харж хянах боломжийг олгох шинэ аппликэйшнийг нэвтрүүлсэн. Бүх өрөө танхим хяналтын камертай учир аппликэйшнээрээ дамжуулаад эцэг эхчүүд хаанаас ч, хэдийд ч хүүхдээ харж, ажиглах боломжтой гэсэн үг. Мөн манайх 24 цагийн харуул хамгаалалттай. Хүүхдүүдийг аюулгүй байлгах бүх зүйлийг бид хангасан байгаа.

-Хүүхдийн хүмүүжил дан ганц цэцэрлэг бус эцэг эхтэй нь шууд холбоотой. Энэ утгаараа та бүхэн эцэг эхчүүдээс юуг шаардаж, ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Мэдээж цэцэрлэгийн зүгээс бид хүүхдэд чиглэсэн бүх хөтөлбөрүүдийг амжилттай болгохын төлөө хичээн ажиллана. Эцэг эхчүүд мөн тус хөтөлбөрүүдийг ойлгоод, гэртээ хүүхэддээ ямар хандлагаар харилцах ёстой вэ гэдгээ анзаарах ёстой. Хүүхэд бол эцэг эхчүүдийн тусгал шүү дээ. Гэртээ эцэг эх нар маань ямар байна, түүнээс шалтгаалаад хүүхэд түүнийг нь дуурайдаг. Тиймээс бид эцэг эхчүүдэд мөн цаг гаргаж, сэтгэл зүйн талын зөвлөгөөг их өгдөг. Хүүхдүүдийг ойлгохын тулд бид өөрсдөө хүүхэд болох шаардлагатай болдог. Жоохон хүүхэд юу ч ойлгодоггүй гэдэг бол буруу. Тэд бүгдийг маш сайн ойлгодог. Тиймээс бид эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, ярилцдаг. Энэ нь давхар эцэг эхчүүдийг хөгжүүлж байгаа хэлбэр юм. Тэд нар өөрсдөө оролцож, цэцэрлэгийн зорилготой нэгдээд ирвэл илүү сонирхолтой,бидний хамтын хүчээр хүүхдүүдийн маань боловсрол чанартай, үр өгөөжтэй болно.

-Сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг хаанаас авсан, бас хэр чанартай вэ?
-Манай тоглоомнуудын 90% нь модон. Солилцоо сайн нэвтрүүлдэг, хүүхдэд ямар нэгэн хор нөлөөгүй. Ханын будаг болон бусад будгууд бүгд эко бүтээгдэхүүнүүд. Мөн агаарын солилцоог сайн нэвтрүүлэхдэг эко цэвэр бүтээгдхүүн учир манай ихэнх эд зүйлс модоор хийгдсэн байгаа. Хүүхдүүд маань чанар гэх зүйлийг багаасаа эрхэмлэдэг болоосой гэж хүсдэг. Харин чанартай зүйлс яаж бүтээе гэвэл чин сэтгэлээсээ хандан хийх ёстойг багаас мэдрүүлэх чухал. Хүүхдүүд маань чанарыг эрхэмлэж, чанартай боловсролыг авч, чанартай хүний нийгмийг бүтээгээсэй гэсэн чин хүсэл зорилгынхоо дагуу бид бүх зүйлсээ чанартай байлгахыг зорьсон. Хамгийн гол нь энд модоор хийгдсэн бүх эд зүйлсийг манай үндэсний үйлдвэрлэгчид хөх орны хүүхдүүдийг сайн хүн болоосой гэж чин сэтгэлээ зориулж урласан байгаа . Энэ хаалга заавал Итали, Герман байх албагүй. Бид “Энэ манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээл ” гээд бахархаж ярих дуртай.
Анги танхимууд:Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Ажилчин зөгий”Лего тоглоомоор тоглох боломжтой “Сониуч хүүхдүүд”Математик, IQ хөгжүүлэх “Бяцхан манлайлагч”Хэл яриа хөгжүүлэх “Нарлаг эх дэлхий”Байгаль нийгмийн хичээл “Суу ухаантан”Бие бялдар хөгжүүлэх “Спорт заал”
Мөн үүн дээр нэмэгдээд, Дүрслэх урлаг, уран зураг, гар урлалын “Урлан”


Хүүхэд бүрийн бие бялдарт тохирсон асаргаа сувилгааг хийх “Спа”.
Ядарсан хүүхдэд юм зааж ойлгуулна гэдэг учир дутагдалтай. Хүүхдүүд өөрсдөө их хөдөлгөөнтэй учир ядардаг ч ядарснаа мэддэггүй, үг хэлээр илэрхийлж чаддаггүй. Тиймээс бид алжаалыг нь тайлах зорилгоор Спа ажилуулдаг. Хүүхэд өдрийн ихэнх цагийг энд өнгөрөөж байгаа учир цэцэрлэг маань аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай, нэг ёсондоо өөрийнх нь гэр орон лугаа байх учиртай юм.

Тусгайлан тохижуулсан “Мини театр”.

Зан чанар, харилцаа буюу төлөвшлийн хичээлүүд орох “Гэр цогцолбор”.


-Бид дэлхий дээр аугаа их өв соёл, түүх бүтээлцсэн өвөрмөц уламжлал, ёс заншилтай ард түмэн шүү дээ. Тиймээс бид хүүхдүүддээ бага наснаас нь нь үндэсний ухамсарыг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Бидний өвөө эмээ нар хүнээ хүн болгочихоод дараа нь сургах ёстой гэдэг үгийг байнга сануулан захидаг байсан.Тиймээс хүмүүжил төлөвшлийн асуудал манай хөтөлбөрийн эхэнд нь тавигдаж хэрэгжинэ. Мэдээж дараа нь бид хөгжингүй орнуудын сургалтын арга барилаас суралцан, сэтгэлзүйн хувьд зөв чиглэлд тогтсон хүүхдүүдээ сургах үйл ажиллагааг нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан өндөр түвшинд хослуулан явуулна. Энэ жилийн хувьд бид Германы Мюнхен хотоос суралцахуйн чиглэлээр олон улсын боловсролын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай хоёр мэргэжилтэн зөвлөх багшийг урьж авчиран хэрхэн чанартай боловсрол олгох, боловсролын цогц үйл ажиллагаа явуулах тал дээр туршлага солилцон хамтран ажиллаж байна.


-Хүүхдүүд цэцэрлэгт ирэхдээ уйлаад, тавгүй байдалтай байдаг бол манайд тийм зүйл байгаагүй. Хүүхдүүд их дуртай ирдэг. Нэг эцэг эхийн ярьснаар, “Би ажилдаа явлаа. Ажлынхаа хувцсыг өмслөө. Та ажилдаа яв” гэж хүүхэд нь хэлж байсан гэсэн. Бас орой тарах цаг болоход явахгүй гэж уйлдаг хүүхдүүд ч байсан. Багш нь цэцэрлэгийн нийт хамт олон тэдэнд ээж аав эмээ өвөө шиг нь чин сэтгэлээсээ хандаж, хүүхдийг аз жаргалтай байлгахыг гол зорилгоо болгосон учраас тийм байдал үүссэн байх гэж би харж байгаа. Түүнээс биш аливаа нэгэн хүчилсэн, албадсан байдалтай байсан бол хүүхэд ингэж татагдахгүй шүү дээ.

-Танай хөтөлбөрийн гол зорьж буй зүйл юу вэ?
-Гол нь бид Монгол хүн гэж ямар байх ёстой, тэрхүү хүний дээдийг буй болгохыг зорьж байгаа. Яг үнэндээ бид одоогоор үндэсний нэгдмэл зорилгогүй яваад байгаа юм шиг харагддаг юм. Хүүхэд бүр багаасаа “Монгол хүн” гэж ямар байх ёстойг ойлгож тэрхүү чанарт хүрэх гэж тэмүүлдэг байгаасай гэж хүсч байна. Наад зах нь дээл хувцсаа яаж өмсөх, хайрлан гамнах вэ гэдгийг зааж сургах хэрэгтэй. Уламжлалт ахуй соёлоо хайрлах сэтгэлгээг багаас нь өгөх ёстой. Бид “Гэр цогцолбор”-оо мөн патентжуулж авсан байгаа. Манай ард түмний хүмүүжүүлэн сургах ухаан гайхалтай шүү дээ. Дэлхий даяар нүүдлийн соёлыг гайхан биширдэг. Бидэнд ийм өв соёл оюунлагийн нөөц байхад юу юугүй гадаадын хөтөлбөрийг бүхэлд нь авчраад хэрэгжүүлэх шаардлагагүй. Харин өөрсдийн өв соёл үнэт зүйл дээрээ гадаадын сонгомол сургалтын арга барилыг нэмэн баяжуулж, Монгол хүүхдэд зориулсан боловсролын хөтөлбөрийг улам боловсронгуй болгож явах нь чухал. Манайх энэ асуудал дээр олон зүйлийг анхлан санаачилж байгаа. Салбарынхан маань биднээс үлгэр дуурайлал аваад явж байгаа учраас хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг манай хамт олон их ухамсарладаг. Аль болох багаас нь амьдрах ухаанд сургах тусмаа илүү бүтээлч хандлагатай болно. Эцэг эхчүүд маань ч мөн үүнийг ойлгож эхлээд байна. Урлаг, гоо сайхны мэдрэмжийг багаас нь олгох зорилгоор бид хүүхдүүддээ уран зургуудыг үзүүлж, тайлбарладаг. Мөн унтуулахдаа бид сонгодог аялгуу сонсуулж, шүлэг уншиж өгдөг. Шүлгийг зүгээр нэг унших бус эхлээд хүүхдүүд үүнийг сонсоно, дараа нь багш нар маань хичээл дээрээ бодитой болгон оруулж ирж, ярьж тайбарлаж өгдөг.
Хүүхдийг багаас нь оюунлаг сонирхолтой болгож төлөвшүүлбэл яваандаа тэд өөрсдөө материаллаг баялагийг бүтээгч болж аз жаргалтайгаар амьдралыг туулах болно. Тиймээс хүүхдийн материаллаг сонирхолоос түрүүнд оюуны сонирхолыг төлөвшүүлэх нь боловсролын үндсэн зорилго юм. Эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ суралцах газраас юуг илүү анхаараасай гэж хүсч байна вэ гэхээр, хүүхдийг аливаа нэгэн байдлаар шахаж, тулгах зүйл байж болохгүй. Харин тэнд хөгжих боломж хэр байна вэ гэдгийг анзаарах ёстой. Гол нь бид эрэмбэ дараатай, илүү цэгцтэй байдлаар хүүхдийг хөгжүүлж сургахыг зорьж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн дугуйланд хамруулдаг. Харин бид энэ бүхнийг цэцэрлэгтээ цогцоор нь оруулж байгаа.

-Манай ханан дээрээ өлгөсөн, дүрсэлсэн зураг бүр утга учиртай. Шатны хажуугийн ханан дээр дүрслэгдсэн мод дэлхийн хамгийн өндөр модноос сэдэвлэгдсэн. Яагаад вэ гэвэл бид түмэн жилийн түүхтэй ард түмэн. Энэ үндэстэн цаашид хөгжил дэвшлийн хувьд өндөр түвшинд хүрэх учиртай. Өндөр хөгжихийн тулд хүнээ л хөгжүүлэх нь нэн тэргүүн асуудал. Тиймээс хүнийхээ хөгжил боловсролд багаас нь, цэцэрлэгийн наснаас нь анхаарлаа хандуулна гэсэн үг. Модны навч бүр өөр өөр өнгөтэйгөөр дүрслэгдсэн байгаа. Учир нь хүүхэд болгон өөр ертөнц. Хүн бүхэн өөр өөр авьяас, чадвар, мэдрэмжтэй байдаг. Тэр мэдрэмжийг хөгжүүлье гэж зорьж байгаа. Хэн нэгэн багш хүүхдэд өөрийн байр суурь, бодлоо тулгахгүй. Яг л тэр хүүхдийг өөрийнхөөр нь мэдэрч, хүлээж авч байгалиас заяагдсан онцлог дээр нь тулгуурлан ажиллах болно. Их сургууль төгссөн залуус их олон байгаа боловч яг мэргэжлээрээ ажилласан нь ховор байгаа. Яагаад ийм зүйл болоод байна вэ гэхээр багаасаа өөрийн хүсэл мөрөөдөл, сонирхлоо олоогүйтэй холбоотой. Хэрэв багаас нь хүүхдийн хүсэл мөрөөдлийг олох юм бол цаашид тэр дагуу хамгийн шилдэг нь болж хөгжих боломжтой болно. Өөрийн дуртай зүйлээрээ ажиллаж яваа хүмүүс аз жаргалтай, эрч хүчтэй ажиллана шүү дээ. Монгол орон маань тийм хүмүүсээр дүүрвэл сайхан. Бид тийм сайхан нийгмийг бүтээхийг зорин ажиллаж байна.
-“Хөх орон” гэх нэр ямар утга учиртай вэ?
-Хөх өнгө манай ард түмний хувьд хамгийн ариун, гэгээн оршихуй даяарыг илтгэсэн өнгө шүү дээ. Тиймээс цэцэрлэг маань ариун, хайрын, гэгээн орон байгаасай хэмээн билгэдэж энэхүү нэрийг өгсөн. Хүүхэд өсөж том болох тусмаа хайр гэх зүйлийг улам нандигнаж, илүү ихээр түгээдэг байгаасай гэж хүсдэг. Ийм ч учраас бид хайрыг гол зүйл болгодог. Манай багш ажилтнууд ч мөн үүнийг гол зорилгоо болгодог. Манайд ямар ч хууль, дүрэм, хүчилсэн зүйл байхгүй. Энэ харилцааны маш гоё хэлбэр. Ажиллахад маш хялбар, үл ойлголцол, хов жив, хэрүүл гэсэн сөрөг зүйл үүсдэггүй. Миний дуртай нэг зүйл бол манай жижүүрүүдээс авахуулаад л бүгд “Надаас хүүхдүүдэд юу өгч болох вэ?”, “Өгч болох ямар сайхан зүйл байна, би өгье” гэсэн тэр сэтгэл. Манай жижүүр, өөр хэн ч бай гитар бариад дуулахыг бид зөвшөөрдөг. Хүүхдүүдээ авахаар ирсэн эцэг эхчүүд байж байхад хажууд нь гитар тоглоод, дуулаад сууж байдаг. Энэ дулаахан уур амьсгал манай цэцэрлэгийг илэрхийлэх бас нэгэн гол зүйл.

-Манай гол онцлог бол бие, сэтгэл, оюун руу чиглэсэн "Гурамсан хөтөлбөр". Боловсрол нь хүмүүний дан ганц оюун ухаан руу нь эхнээс нь анхаараад, бие бялдрын хэвийн өсөлт хөгжил, сэтгэл санааны тогтвортой байдлыг орхигдуулж болохгүй. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролын талаар юун дээр их алдаж байна гэхээр нэг бол энэ гадаад хэл сайн заадаг эсвэл энэ олон хүүхдүүд яваад байна, энд би ч бас хүүхдээ явуулья гэдэг бодол. Хүн бүр тухайн газрын талаар судалж, хүүхдэд тань юу өгч, ямар төлөвшил бий болгох нь вэ гэдгийг харах нь чухал. Бас зарим газрын хувьд гадаад хэл эсвэл математикийн сургалт маань л сайн байвал болоо, эсвэл орчин нь тав тухтай байхад хангалттай гэх хандлага ажиглагддаг. Гэтэл хүмүүний боловсрол гэдэгт ходоодонд нь юу орсон нь хүртэл чухалд тооцогдох ёстой зүйл юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Боловсролын чанар, үр өгөөж гэх зүйлс маш чухал. Манайх үүн дээр онцгой анхаарч ажиллана.
Хэрэв хүүхэд төгөлдөр хуурын авьяастай байвал багш нь тэр тал дээр нь анхааран ажиллана. Илэрч байгаа авьяас, сонирхлынх нь дагуу ажиллана гэсэн үг. Энэ хүүхэд төгөлдөр хуур сурч байна, манай хүүхэд бас сурах ёстой гэж шахаж болохгүй шүү дээ. Хэрэв тэр зүйлийг чадахгүй байвал бид өөр сонирхдог зүйлийг нь хамтдаа хайж, нээн илрүүлж болно.
Боловсролын эхний үе шат болох цэцэрлэгийн насыг хайхрамжгүй орхиж огтхон ч болохгүй. Учир нь энэ үед л хүүхдийн боловсролын суурь бүрэн тавигдаж, цааш хийх зүйлээ олж мэдсэн байх учиртай. Цэцэрлэг дээрээ сайн суурь тавиагүй бол их сургууль дээр ямар хүн болж очих вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Цэцэрлэг маань үндэстнийхээ соёл үнэт зүйлс дээр суурилан боловсролыг хэрэгжүүлэх жишиг цэцэрлэг болж чадсан. Бид хөдөө орон нутаг, бусад хотуудад хөтөлбөрийнхөө талаар танилцуулж, мөн манай орчинтой танилцаж, туршлага солилцох боломжийг нээлттэй байлгадаг.
Нэг зорилго дор нэгдэж дулаан уур амьсгал бүрдүүлсэн багш хамт олон маань манай байгууллагын хамгийн үнэтэй зүйл. Тэд бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Энэ бидний гол бахархал.

Бид ямар ч байгууллага, хувь хүн байсан хамтран ажиллаж, туршлага солилцохдоо нээлттэй хандана. Мөн цаашид энэ төслийнхөө хүрээнд улам их ажлыг бүтээж, Монголын боловсролыг шинэ шатанд дэвшүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахыг зорих болно.

Хэсэгхэн саатаад гарахад өөрөө дахин хүүхэд болсон мэт мэдрэмж төрүүлэх энэхүү цэцэрлэгийн үйл ажиллагаа бүхэлдээ хүүхдэд чиглэгдэж, тэднийг тав тухтай, аз жаргалтай, сурах хүсэл эрмэлзэлтэй байлгах бүхнийг өөртөө багтаажээ. Хэрэв бүх сургууль цэцэрлэг ийм жишгээр хөгжиж, хайрын сэтгэлээр юм бүхэнд ханддаг болвол манай улсын боловсролын салбар дэлхийд гайхагдсан Монгол бренд болон гарч ирэх бүрэн боломжтой гэдэгт би итгэлтэй байна.
Сурвалжилсан О.Анхзаяа