“Канадын “Alberta” их сургуулийн шинжээчид Монголоос авимим төрлийн үлэг гүрвэлийн бөөнөөрөө үхсэн булш оллоо. Энэ олдвор нь Цэрдийн галавын сүүл үед үлэг гүрвэлүүд сүрэглэн амьдардаг болсон байсныг батлан харуулж байна” гэж "Scientific Reports” сэтгүүл бичжээ.

“Цэрдийн галавын дээд үеийн олдвороос анкилозавр, цератопсид, гадрозавр, орнитомим, тираннозавр зэрэг үлэг гүрвэлийн яс бөөнөөр олддог байсан. Гэвч овирапторозавр, авимим гэсэн шувуутай төстэй үлэг гүрвэл сүргээр амьдарч байсан нотолгоо байгаагүй. Тэгвэл шинжлэх ухааны энэ цоорхойг Өмнөговь аймгийн Нэмэгтэд хийсэн малтлага нөхөж чадлаа” гэж нийтлэлд дурджээ.Нэмэгтээс олдсон энэхүү 70 сая жилийн өмнөх олдвор нь авимим үлэг гүрвэлийн бүтэн сүргийн яс байжээ. Авимим нь шувуутай хамгийн төстэй үлэг гүрвэлд тооцогддог. Канадын эрдэмтэд бүтэн 9 жил хийсэн малтлагын дүнд нийт 160 яс цуглуулсан байна. Бүгд насанд хүрсэн үлэг гүрвэлийн яс байсан тул эрдэмтэд үлэг гүрвэлүүд мөхөхийнхөө өмнө сүргээрээ амьдардаг байсан, орооныхоо үеэр цугласан байхад нь газар хөдлөлт, үер усны аюул болсон байна гэж дүгнэжээ.

