
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид болон үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдааны сүүлийн шалгаруулалт өчигдөр болж, тэргүүн байрын эзэн тодорлоо.
Тус тэмцээнд Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу уран бүтээлч Б.Батжаргал Гран-при шагналын эзэн болж, 10 мянган ам.доллараар шагнуулсан байна. Дэд байрт дуучин Э.Отгонбат шалгарсан байна.
Оролцогчид үндэсний хөгжмөөр морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ буюу зургаан төрөлд өрсөлдсөн байна. Мэргэжлийн дуучдын хувьд сопрано, меццосопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар нийт 80 оролцогч оролцож, ур чадвараа сорьсон байна.
Уралдааны дуулаачдын төрлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа, ОХУ-ын дуурь, бүжгийн академик театрын ерөнхий удирдаач болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ажиллажээ. Харин Монголын үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, БНХАУ-ын профессер болон хөгжмийн зохиолч Ч.Чинбат нар үндэсний хөгжмийн төрлийг шүүсэн юм.