UBLife Logo
-

“Superman VS Batman” буюу Ж.Оджаргал, Х.Баттулга хоёр

“Superman VS Batman” буюу Ж.Оджаргал, Х.Баттулга хоёр

Хэн нь үнэнийг хэлээд байна вэ? Тодорхой энэ асуултын хариу Монголд ид өрнөж буй бүхий л том, жижиг асуудал дээр ирэхээрээ тодорхойгүй болчихдог. Кино шиг, жүжиг шиг үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр дуулиан, шуугиангүй нэг ч өдөр өнгөрөхгүй байгаагийн дунд баатар нь нэг мэдэхэд дайсан ч болчихсон явах шиг, эсрэгээр дайсан гээд байгаа нь баатар ч болох мэтээр адал явдал үргэлжилж, хаана юу болоод буй нь эцэстээ ойлгогдохын аргагүй болж ирэв. Энэ дунд хамгийн том сэдвүүдийн нэг нь Тавантолгой, төмөр зам. Гол баатар нь Ж.Оджаргал, Х.Баттулга. Эд хоёул Монголын тэргүүлэх бизнесмен, тэргүүн баян, олон мянган монголчуудыг ажлын байртай болгож байгаа “баатрууд” боловч Тавантолгой дээр ирээд дайснууд болчихсон.

Яг одоо Монголд өрнөж буй эл дүр зураг театруудын дэлгэцнээс хараахан буугаагүй байгаа, энэ жилийн дуулиант бүтээл “Супермен Бэтмений эсрэг: Шударга ёсны эхлэл” кинотой тун төстэй болж ирэв. “Монгол тулгатны зуун эрхэм”-д багтсан хоёр бизнесмений нэгнийх нь компани дефолт зарлаж, санхүүгийн хувьд тун хүнд байдалд орсон бол нөгөөхийнх нь компанийг цагдаа, хүчнийхэн шалгаж, хэд хэдэн туслахыг нь барьж, хориод байна. Хагарал эхэлсэн шалтгаан, одоо өрнөж буй үйл явдал хоёул нэг л шалтгаантай. Х.Баттулга “Энержи ресурс”-ыг Монголын компани биш гээд, стратегийн ордоо харийнханд алдах нь гэж удаа дараа мэдэгдсэн. Харин өчигдөр Ж.Оджаргал МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцохдоо “Монголчууд бид дотроо ойлголцож чадаагүйгээс болж өөрсдөө л хохирч байна” хэмээгээд "MMC" дефолт зарласан нь дампуурлаа гэсэн үг биш, одоо ямар нөхцөлөөр, зээлээ яаж сунгах вэ гэдгээ ярилцаад явж байгаагаа дурдсанаас гадна “Төмөр замын ажлыг хүлээлгэж өгөхдөө улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан нь гүтгэлэг”, “Засгийн газар Тавантолгойн ордод тендер зарлахад Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа” бидэнд хамтарч орох санал тавьж, Засгийн газрын зарласан зарчмын дагуу л тендерт оролцсон”, “MMC нээлттэй компани учраас бүх тайлан тооцоог аудитын компани нягталдаг. Тиймээс бид буруу зүйл хийе гэсэн ч тийм боломж байхгүй”, “Тавантолгойн орд төрдөө хэвээр үлдэх гэрээ байсан” гэхчлэн олон чухал мэдэгдэл хийлээ.

Тавантолгой, төмөр замтай холбоотой олон жил үргэлжилсэн цуурхалд тэр урьд нь өмнө барагтай бол үг унагаж байгаагүй учраас энд дурдагдсан үгс анхаарал татахуйц байсан нь мэдээж. Харин нөгөө талд Х.Баттулга Тавантолгойд яригдаж буй “Энержи ресурс” Монголын компани гэх боловч үнэндээ Кайманы аралд бүртгэлтэй “Mongolian mining corp”-ийн 100% охин компани, Монголын стратегийн орд Тавантолгой, төмөр зам монголчуудын мэдлээс гарах нь, нэг компанийн зээлийн төлбөрт Тавантолгойн ордыг өгөх нь хэмээн өмнө нь ярьж байсан. Хагарал энд буй.

“Супермен Бэтмений эсрэг: Шударга ёсны эхлэл” кинонд хүн төрөлхтнийг аврагч хоёр супер баатар бие биенээ дэлхийд аюул занал учруулах дайсан хэмээн үзсэнээс хоорондоо дайтаж таардаг нь “манай тал”-ын хоёр баатрыг сөргөлдүүлсэн анхны кино болсноороо үзэгчдийн анхаарлыг ихэд татсан. Ялгаагүй Монголын хоёр шилдэг бизнесмен одоо хоёр талд гараад хэвлэлээр байлдаж эхэллээ. Аль алинд нь итгэж хүндэлдгийн хувьд хэн нь чухам үнэнийг ярьж байна вэ гэдгийг ард түмэн ойлгохооргүй болтол үйл явдал орооцолдчихоод байна. Ядаж байхад сонгууль дөхчихсөн. Цаг зуурын улс төртэй энэ асуудал хутгалдаад бүр ч бантан боллоо. Ж.Оджаргалын өчигдөр хийсэн мэдэгдлийг бизнесменүүд твиттерээр хуваалцаж, “Төрийн ачаанаас үүрэлцэж байгаа бизнес эрхлэгчдийг сонгууль дөхөж байгаа энэ үед улстөрчдийн хэрүүлд битгий татаж оруулаач ээ​ гэж хүсмээр байна” гэсэн үгийг нь нэгээс нэгд дамжуулан жиргэж байна. Харин Х.Баттулгын компанийг Цагдаагийн ерөнхий газраас шалгахаар болоход “Ганц эх орончийг минь барих нь” хэмээсэн жиргээ хүч түрж, уулгамч зарим нь бослого, жагсаалд уриалж байлаа.

Манай хоёр “баатар” тус бүртээ Монголын ирээдүйн талаар санаа зовниж, хөгжил дэвшлийг эрчимжүүлэх санаатай буйгаа илэрхийлж байна. Энэ үйлс, зорилго нь саад, бэрхшээлтэй тулаад гацчихсаныг ч бас аль аль нь ярина. Харин хоёр “супер баатар” хоорондоо хэмлэлдээд эхлэхээр хэнийх нь талд орохоо, хэн нь чухам үнэнийг яриад байгааг ард түмэн ялгаж чадахгүй хэвээр байна.

Х.Баттулга, Ж.Оджаргал хэмээх хоёр гол баатартай, 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Тавантолгой, төмөр замын асуудал зургаан жил үргэлжилж буй ч шийдэл нь олдоогүй байхад ердөө хоёр жилийн хугацаанд бүтээсэн “Супермен Бэтмений эсрэг: Шударга ёсны эхлэл” кино нээлтээ хийснээсээ хойш ганцхан сарын дотор 1.0 тэрбум ам.долларын орлого олоод байна. Харин манай хоёр баатрын, цаашлаад Монголын алдсан нь дээрх киноны орлогоос хэд дахин их байх шүү.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
24
14
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.