
Манай түшээдийн ихэнх нь малтай, тэдний дийлэнх морьтой. Бүр болоо ч үгүй уяачийн алдар хэргэмтэй. Гэхдээ тэд морио унадаггүй. Зөөлөн суудалтай, бандгар жийп хөлөглөдгийг чи ч мэднэ, би ч мэднэ.
Тиймээс л морь унаад Төрийн ордныг чиглэн хатируулж яваа С.Жавхлан инээдтэй харагдаад байна. Япон, герман, солонгос машинаар дүүрэн Улаанбаатарын гудамжинд морьтой хүн тэнэг харагдаад байна. Жийп унаад 20 жил ч болоогүй монголчуудад түүхийг гэтлэн ирсэн хүлэг морьд нь ичмээр санагдаад байна. Тэгээд сошиал ертөнцөөр дүүрэн С.Жавхланг муулж байна. “Хамаг Монгол” төслөө эхлүүлэн, говийн өмнөд хэсгээс Алтайн хойд сэжүүр хүртэл монголчуудын дуу хоолойг нэгтгэхээр зүтгэж явахад нь түүнийг ингэж анзаарсан удаагүй. Алдааг анаж байгаад онож хэлдэг бидний араншин дахиад харагдаж байна.
Тийм ээ, тэр алдсан. 98 морьтон дагуулан хотыг төвөөр хатируулж, Төрийн ордны хашаанаас морио уялаа. Бүхэл бүтэн метрополитаны төв хэсгийг адууны баасаар дүүргэлээ. Хэтэрхий л сүржигнэчихлээ.
Гэхдээ түүний зорилго улс төр тойрсон популизмаас хавьгүй үнэ цэнэтэй байлаа. Тайландад заан шүтдэг. Шүтдэг заанаа хаан нь унадаг. Монголчууд морио дээдэлдэг. Морь унасан хүнээ харин бид шоолдог. Монгол дээлтэй, монгол малгайтай, монгол соёлыг шууд хоцрогдол хэмээн хардаг анархи үзлийн ёгт үр дагавар ингэж илэрч байна. Соёлын далд империализмын сонгодог жишээ ийн хэрэгжиж байна.
Тиймээ С.Жавхлан үнэхээр инээдтэй харагдаж байна.