
Жилийн өмнө нэг найз маань Үндэсний түүхийн музейд байдаг нэг зургийг гар утсаараа аваад онлайнаар илгээж билээ. Италийн суутан Леонардо Да Винчийн “Сүүлчийн оройн зоог” зургийг санагдуулам тэрхүү зурагт Ардчилсан намын лидерүүдийг ширээ тойрон сууснаар дүрсэлсэн байдаг. Доод хэсэгт нь зан үйл үйлдэж буй бөө, сахил шүтээндээ мөргөж буй бурханы шашинтнуудыг дүрсэлсэн нь цаад утгаараа социализмыг муутгаж, эрх чөлөөг авчирсан хэмээн өөрсдийнхөө алдрыг дөвийлгөсөн санаатай. Бид тэрхүү зургийг шогчилон “Сүүлчийн оройн зоог”-ийн нэрийг зээлдсэнсэн. Дараагийн сонгуулийн сураг чимээ ч дуулдаагүй асан тэр үед Засгийн эрх барьж байсан намын ирээдүйг тийн зөгнөсөн нь ёстой л гутранги хэрэг байв. Гэвч жилийн дараа энэ бүхэн бодит биелэл болохыг хэн ч гадарлаагүй.
Сүүлийн гурван ч сонгуульд эвсэх, ялахын аль нэг дээр бууж, өөрсдөдөө хэт итгэсэн АН энэ удаа ялагдлыг зүрхэндээ тултал мэдэрсэн. Туйлын эх оронч, намынхаа сайн сайхны төлөө фракци үүсгэн тэмцэгч лидерүүд нь нам жим, ажиг сураггүй алга болсон нь үүнийг гэрчилнэ. Одоо бид цагаан морин жилийн хавар Сүхийн талбай дээр өлсөж, Улс төрийн товчоог огцруулж, үймсэн олны дунд “Хонхны дуу” түрж зогссон залуусыг юу нэгтгэж байсныг эргэн харах хэрэгтэй болов.
Сонгуулийн өмнө бол АН-ы лидерүүдийн үг, үйлдлээс эцсээ хүртэл намынхаа төлөө байх гэсэн дэврүүн үйлдэл ажиглагдаж байлаа. Фракциудын хагарлаа ч тэд намынхаа төлөө хэмээн цагаатгасан. Гэвч намынхаа төлөө гэсэн дэврүүн сэтгэлийг нь ялагдал бүрмөсөн арччих нь тэр.
Ардчиллын төлөө гэсэн уриан дор өсөж өндийсөн жижиг бүлэг, эвслүүдийг нэгтгэн өнөөгийн төрхөө олсон АН-д эв нэгдэл гэдэг үг тийм ч наалдацтай сонсогддоггүй. МАХН шиг хоёр салж хүчээ тарамдаагүй ч салъя гэвэл түүнээс ч олон хэсэг болох магадлалтай нам. Ялагдалд хулхи нь бууж, хаа нэг тийшээ алга болсон тэднийг зөвхөн улс төрийн эрх мэдэл л нэгтгэж байжээ хэмээн харж болохоор. Ингэснээр дотоодынхоо бүлэг фракциудаа ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс гэсэн уриа үгсээр арай чүү тогтоож байсан АН-ын сүүлчийн оройн зоог жинхэнэ утгаараа болчих шиг.
Сонгуулийн өмнө бол АН-ы лидерүүдийн үг, үйлдлээс эцсээ хүртэл намынхаа төлөө байх гэсэн дэврүүн үйлдэл ажиглагдаж байлаа. Фракциудын хагарлаа ч тэд намынхаа төлөө хэмээн цагаатгасан. Гэвч намынхаа төлөө гэсэн дэврүүн сэтгэлийг нь ялагдал бүрмөсөн арччих нь тэр. Тэднийг одоо хаана явааг мэдэх хүн алга. Өнгөрсөн дөрвөн жилийн гол шуугианы эзэн асан Х.Баттулга чимээгүйхэн Жүдо бөхийн холбоонд тухалсан бол З.Энхболд дарга нь сандруухан ажлаа өгөөд сураг алдарсан. Хамгийн том фракцийг тэргүүлэгч Н.Алтанхуяг Тэрэлж дэх “Хуба хаяа” төгөлдөө жимс хурааж яваа сурагтай. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон түүний найз С.Баярцогт нар бараа байтугай, сураг ч алга. Бусдынхаа буурийг сахин үлдэж, намаа орон нутгийн сонгуульд удирдан орох ёстой байсан Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр татагдахад ч ардчилсан эрх чөлөөг эрхэмлэгч нөхдөөс нь өмгөөлж үг хэлсэн хүн үгүй. Зөвхөн ардчиллын алтан хараацай хэмээн тодотгосон партизанууд л хэвлэлийн хурал зарлаад өнгөрсөн.
Эцэстээ АН гэж нам уу, эсвэл эрх мэдлийн төлөө нэгддэг эвсэл үү гэсэн туйлбаргүй асуулт урган гарч байна. Тэд эв нэгдэл ярьдаг шигээ, эсвэл тун ч гярхай зуруулан Үндэсний түүхийн музейн хананд хадуулсан зураг шигээ нэгдмэл байж чадсангүй. Ийнхүү ялбал цугладаг ялагдвал зугтдаг буурин дээр нь “Ардчилсан нам” гэсэн хоосон орон зай харлаж үлдлээ.
"Гэрэг" дижитал сэтгүүлийн шинэ дугаарыг эндээс үнэ төлбөргүй татаж уншаарай!
