UBLife Logo
-

Авторын булан: Хүүхдээ хэдэн настайд нь ухаалаг гар утас авч өгвөл тохиромжтой вэ?

Авторын булан: Хүүхдээ хэдэн настайд нь ухаалаг гар утас авч өгвөл тохиромжтой вэ?

 

“Хүүхдээ хэдэн настайд нь жолооны сургуульд явуулах вэ?”. Саяхныг хүртэл эцэг эхчүүдийн толгойг гашилгадаг асуулт энэ байсан бол одоо бай нь өөрчлөгдсөн ч асуудал эгзэгтэй хэвээр. “Хүүхдэдээ хэдэн настайд нь ухаалаг гар утас авч өгөх вэ?”.

Асуудал 

Ухаалаг гар утас харилцаа холбоо, интернэтийн хязгааргүй орон зайд нэвтрэх маш том давуу тал, боломж мөн боловч дагаад маш олон сөрөг тал гарч ирдэг. Жолооны үнэмлэхийг 16-гаас дээш насны хүнд л өгдөг хууль, журам бий бол ухаалаг утасны хэрэглээнд тохирсон нийгмийн журам алга. Нээрэн, хүүхдэд хэдэн настайд нь ухаалаг гар утас хэрэглүүлэх ёстой юм бол оо?

Америкийн “Influence Central” фирмийн судалгааны багийн тогтоосноор сүүлч үеийн хүүхдүүд дунджаар 10 насандаа ухаалаг гар утастай болж байгаа аж. 2012 онд энэ нас 12 байв. Монголд гэтэл энэ нас бүр багасаад, зургаан настнууд сургуулийн танхимд ухаалаг гар утастай орж ирээд байхаар нь тун саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар захирамж гаргуулан, хурааж авахдаа тулсан билээ. “Эцэг эхчүүд өөрсдийнхөө ухаалаг гар утсыг хүүхдүүддээ өгч тоглуулахгүйн тулд хэдэн ч настай байсан хамаагүй шинэ утас авч өгөх трэнд маягийн юм үүсээд байна. Зургаа, долоон настнууд ухаалаг утастай болохын дээр түүнийгээ торох юмгүй ашиглах нь хэвийн үзэгдэл болж” хэмээн “Influence Central”-ийн гүйцэтгэх захирал Стэйси ДеБрофф ярьжээ.

Эцэг эхчүүдэд технологийн бүтээгдэхүүн, контентын талаар сургалт өгдөг “Common Sense Media” төрийн бус байгууллагын тэргүүн Жэймс Стейр өөрийн хүүхдээ ахлах ангид орсон жил нь ухаалаг гар утас анх авч өгчээ. Тэрээр “ Хүүхдэдээ нүүр тулсан, амьд харилцааны үнэ цэнийг бүрэн ойлгосных нь дараа ухаалаг гар утас авч өгөх хэрэгтэй гэж бодсон” хэмээн дээрх шийдвэрээ тайлбарласан байна. Гэхдээ тэр бас “Би бусад эцэг эхийг миний барилаар хүүхдээ ахлах ангид орсон хойно нь л ухаалаг гар утас авч өгөх хэрэгтэй гэж тулгах гээгүй юм шүү. Хүүхэд бүр өөр. Нийгмийн харилцааны онцлог, өөрийн хариуцлагыг ухамсарлах тогтсон нас гэж байхгүй” хэмээсэн. Тэгвэл тэрхүү тодорхойгүй насыг багцаалж мэдэж болох уу?

Судалгаа

Хүүхдийн сэтгэлзүйчид хувьдаа ухаалаг гар утастай болоход тохирох насыг тогтооход хоорондоо маргадаг ч, 14-ийг дундаж нас байж болох юм гэдэг. Гэхдээ Жэймс Стейрийн хэлсэн шиг энэ эцсийн, гуйвашгүй хариулт биш. Харин тэдний санал нийлсэн юм нь “хүүхдэдээ ухаалаг гар утас авч өгөлгүй аль болох удах тусам сайн” гэсэн дүгнэлт юм.

Ухаалаг гар утас болон интернэтийн аюулгүй байдлын тухай “Boogeyman Exists: And He’s in Your Child’s Back Pocket” номын зохиогч М.Вейнбергер 18 сарын турш 70.000 хүүхдээс судалгаа авсныхаа эцэст маш сонин үр дүн олж харжээ. Хүүхдүүд ойролцоогоор тавдугаар ангиасаа эхэлж “Sexting” буюу садар самуун мессеж нэг нэгэндээ илгээж эхэлдэг бол порнографик бичлэг, зураг сонирхож эхлэх нас нь 8, байнга үзэхийг хүсэх дон 11 насанд эхэлдэг байна.

“Common Sense Media”-гаас хийсэн өөр нэг судалгааны дүн бас бий. Тэд 1240 эцэг эхээс хүүхдийг нь оролцуулан судалгаа авахад “хүүхэд маань ухаалаг гар утас хэтэрхий олон цаг хэрэглэдэг” гэж ээж, аавуудын 66 хувь нь хариулсан бол хүүхдүүдийн 52 хувь нь үүнтэй санал нэгджээ. Мөн эцэг эхчүүдийн 36 хувь нь ухаалаг гар утасны хэрэглээнээс болж хүүхэдтэйгээ өдөр бүр хэрүүл, маргаан хийдэг гэсэн байна.

Энэ асуудлыг биологийн талаас нь авч үзвэл тархин дахь өдөөлт, донг хянаж, захирдаг  “prefrontal cortex” буюу “тархины бор гадарга” 20-иод насны дунд үед бүрэн хөгжиж дуусдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд ухаалаг гар утасанд донтдог нь тэдний шууд буруу биш гэсэн үг.

Зохицуулалт 

Энэ бол технологи, тэгэхээр зохицуулалт бас бий. “iPhone” дээр жишээ авахад хүүхдэдээ ухаалаг гар утсыг аюулгүй хэрэглүүлэх тохиргоонууд “Settings” дотор нь бий. Хүүхдийн орж болох хийгээд болохгүй сайтуудыг тохируулах болон “Restrictions” доторх тохиргоонуудаар зохицуулж болно. Андройд утаснуудад ч гэсэн “Google Play”-ээс татаж болох эцэг эхийн хяналтын олон аппликэйшн бий.

Ухаалаг гар утас бол тэр чигтээ буруу юм гэж сурталдах нь тэр чигтээ буруу болж таарна. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүүхдүүд интернэтээс сургуульд үздэггүй маш олон мэдлэг, мэдээлэл олж авч, найз нөхөдтэйгөө ойр дотно харилцаж, сургалтын app-уудаар дамжуулж мэдлэгээ бүр ч бататгаж болох давуу тал бий. Гэтэл эндээс ганцхан алхмын цаана донтуулагч тоглоом, садар самуун бичлэг, хүчирхийллийн золиос болох холбоосууд байгаад л асуудлын гол нь байна.

Бас нэг зүйлийг бид мартаж болохгүй. Хүүхдээс ухаалаг гар утсыг нь хурааж авлаа ч гэсэн компьютер, таблет гэсэн ижил төрлийн төхөөрөмжүүд бас бий шүү дээ. Гэхдээ ухаалаг гар утасны эдгээрээс ялгаатай, бас аюултай нь хүүхдийн халаасанд өдөр бүр, цаг мөч хором бүрт хамт байдаг нь л юм даа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.