Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Парисаас Каир хүрэхээр нисч явсан 66 зорчигчтой “Airbus A320” онгоц нислэгийн хяналтын төвийн радарын дэлгэцээс алга болсон билээ.
Грекийн Батлан хамгаалахын сайд Панос Камменос онгоц радараас алга болохын өмнө огцом 90 градус эргэсэн ба дараа нь 360 градус тойрч эргэсэн хэмээн мэдэгдэж байсан. Гэвч Египетийн албаныхан онгоц ямар нэг гэнэтийн хөдөлгөөн хийгээгүй хэмээн Грекийн талын мэдэгдлийг няцаасан юм.
Египетийн агаарын тээврийн үйлчилгээний хяналтын газрын дарга Ехаб Азми “Associated Press”-д өгсөн ярилцлагадаа “Онгоц хэвийн буюу 11280 метрийн өндөрт нисч яваад радараас алга болсон” гэжээ. Онгоцны зарим хэсэг Газар дундын тэнгисээс олдсон бөгөөд хоёр улсын агаарын хилээр гарахдаа алга болсон шалтгаан одоо ч тодорхойгүй байна.
Грекийн Батлан хамгаалахын сайд Панос Камменос “Airbus A320-ын радарт үлдсэн мөр далайд унахаасаа өмнө 7620 метрийн өндөрт байхдаа хоёр огцом эргэлт хийснийг нь харуулж байна” гэжээ.

Ехаб Азми онгоц Египетийн агаарын хилээр нэвтрэхэд үед нислэгийн явц хэвийн байсан агаад хилээр нэвтрээд хоёр минутын дараа радараас алга болсон гэв. Мөн Грекийн агаарын тээврийн албаныхан онгоц Грекийн агаарын замд байх үед нисгэгч хэвийн, нислэгийн явц сайн байсан гэсэн байна.
Грекийн агаарын тээврийн хяналтын албаныхан MS804-ыг Египетийн хилээр нэвтэрсний дараа Каирын цагаар 02:27-д холбоо барих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч онгоцноос ямар ч хариу ирээгүй тухай мэдээллэж байсан.
Өнгөрсөн долоо хоногт авиа компаниудын осол, шүүмжлэлийг өдөр тутам дамжуулдаг “Aviation Herald”, “Airbus A320” радараас алга болохоос өмнө ариун цэврийн өрөөнийх нь утаа мэдрэгч ажиллахаа больж, гурван минутын хугацаанд цахилгаан нь тасарсан гэж мэдээлж байв.
Гэвч Египетийн “Аль-Ахрам” сонинд Ехаб Азми уг мэдээллийг үгүйсгэсэн ба онгоцонд ямар нэгэн техникийн эвдрэлийн асуудал гараагүй гэжээ. Өнгөрсөн ням гарагт Египетийн автомат удирдлагатай шумбагч хөлгүүд нислэгийн хар хайрцгийг хайсан. Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиси “Одоогоор бид MS804-ийн ослын шалтгааныг тодорхой мэдэхгүй байна” гэв.
Египетийн Иргэний агаарын тээврийн сайд техникийн гэмтлээс илүүтэй террорист халдлагаас болж MS804 сүйрсэн байх магадлал өндөр гэсэн байна. Харин Ерөнхийлөгч Сиси "Онгоц ямар ч шалтгаанаар сүйрсэн байсан гэлээ үүнийг бүрэн тогтооход урт хугацаа шаардана" хэмээжээ.
Египетийн цэргийн хүчин өнгөрсөн бямба гарагт онгоцны сэгээс олдсон аврах хантааз, “EgyptAir”-ын логотой хэрэгслүүдийн үлдэгдэл олсноо олон нийтэд дэлгэсэн.

Мөн нас барсан хүний биеийн хэсэг болон ачаа тээшний үлдэгдэл ч олжээ. Гэвч онгоцны их бие болон хар хайрцгийг хараахан олоогүй байна. Онгоцны сүйрэл мөрдөгч Хани Галал “Ройтерс” агентлагт “Нислэгийн бичлэгийг хадгалж байгаа хар хайрцгийг олбол Египет улс дүн шинжилгээ хийнэ. Гэхдээ маш их гэмтсэн байвал судлах боломжгүй байх. Бид хайрцаг Газар дундын тэнгисийн хаа нэгтээ 2500-3000 метрийн гүнд байгаа гэж үзэж байна” гэжээ.
Онгоцонд 12 орны 56 зорчигч байсан юм.




Эх сурвалж: BBC