
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума шоронд орохоос айхгүй байна хэмээн Квазулу-Натал мужийн иргэдэд хандах үеэрээ хэлсэн талаар AP мэдээлжээ. Тэрбээр томоохон авлигын хэрэгт холбогдоод буй. Ж.Зума 1963-1973 онд арьс өнгөний үзлийн эсрэг тэмцлийнхээ төлөө 10 жил шоронд сууж байсан учир дахиад суухад асуудалгүй гэж ярьсан байна.
Өнгөрсөн долоо хоногт төрийн агентлагийн статустайгаар үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн хамгааллын “Public Protector” байгууллага төрийн эрх мэдлээ хэтрүүлэн мөнгө завшсан хэрэгт Ж.Зума болон улс төрийн хамтрагчдынх нь нэрийг холбосон тайлан нийтэлжээ. Уг тайландаа шүүхээс энэ талаар тусгай хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй гэсэн байв. Ж.Зума 355 хуудас тайланд дурдагдсан баримтуудыг үгүйсгэсэн бол шүүмжлэгчид нь Ерөнхийлөгчийн суудлаа өгөх хэрэгтэй гэсэн юм.
74 настай Ж.Зума 2009 онд төрийн эрхийг гартаа авснаасаа хойш авлигын хэд хэдэн хэрэгт холбогдсон. Өнгөрсөн зургадугаар сард Өмнөд Африкийн Сангийн яам хувийн сууцаа тохижуулахдаа ашигласан 500 мянган ам.доллартай дүйцэх, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхийг Ж.Зумагаас шаардсан. Тэрбээр Квазулу-Натал муж дахь сууцандаа 23 сая ам.долларын засвар, шинэчлэл хийсний хэсэг нь төрийн сангийн мөнгө байв.