Дэлхийн ямар ч орны сонин хэвлэлийн тэргүүн нүүр Доналд Трампын зургаар дүүрч байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ анх дэвшүүлж байх үед нь түүнийг хэзээ ч чадахгүй хэмээн ярьж байсан бол одоо үнэхээр дэлхийн хамгийн том улсын тэргүүн болох боломжтой болоод ирлээ.

Трампыг дэмжигчдийн хувьд сайхан зүйл ч харин эсрэг талынхан дунд нь “Трамп Ерөнхийлөгч болбол улс орноосоо гарч явна” гэх хүмүүс ч байна. Нэг хүнээс болоод эх орноо орхино гэдэг сэтгэл өвдмөөр ч ийм гунигтай зүйлээс ч мөнгө олдог бизнесмэн бас байна. MapleMatch.com-ийн Гүйцэтгэх захирал Joe Goldman тэдний нэг. Тэрбээр Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон тохиолдолд улсаа орхих хүмүүст зориулан, “Танилцах сайт” хийж байгаа гэнэ. Гэхдээ зөвхөн Канадыг сонгосон хүмүүст зориулжээ. Гол зорилго нь канадчуудтай танилцан нөхөрлөж, хайрт хосууд болбол Трамп Ерөнхийлөгч болсон ч бай, Америк орноо хаясан ч бай иргэншлээ солин, Канадад чөлөөтэй амьдарч чадна шүү гэдгийг америкчуудад харуулах явдал. Цахим хуудасны уриа нь Трампын “Make America great again”-тэй төстэй “Make dating great again”. Худал мэт санагдав ч Joe Goldman огт тоглоогүй байна. Доналд Трамп маш олон мужид ялалт байгуулж байгааг хараад танилцах сайт байгуулах санаа түүнд төржээ. Үнэхээр ч Америкийн Гүүгл хайлтын системээр хамгийн их хайгдсан сэдэв нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Канадын иргэншил авах арга байсан аж.Энэ ертөнцөд танилцах сайт маш олон ч Трампаас зугатсан хүмүүст зориулсан танилцах сайт гарна гэдэг ёстой л цахимжсан ертөнцийн нэгэн үзэгдэл гэлтэй.
