Олон улсын “Buddha Bar” хэмээх сүлжээ цэнгээний газар ОХУ-ын буддын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэхүү БААР Москва, Красноярск, Санкт-Петербургээс гадна Энэтхэгийн Дели, АНЭУ-ын Дубай, Английн Лондон, Египетийн Кайр, Мексикийн Мехико зэрэг гадаадын олон хотод ч салбартай.

Оросын бурханы шашинтнууд Буддагийн дүрийг арилжааны зорилгоор ашиглаж байгааг эсэргүүцсэн өргөн хэмжээний кампанит ажил зохион байгуулж эхэллээ. Шүүхэд одоогийн байдлаар “Buddha Bar” нь Буддаг доромжлон гутааж байгаа талаар маш их гомдол ирээд байгаа аж. Шүүхээс үнэхээр хүмүүсийн шашин шүтлэгийг доромжилж байгаа эсэхийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд Буриадын сүм хийдийн туслалцааг авах гэнэ. Харин Сибирийн хотууд дахь Прокурорын газраас “Buddha Bar” нь зар сурталчилгааны тухай хууль, иргэдийн шүтэн бишрэх эрхийг зөрчиж байна. Буддын шашны сүсэгтнүүдийн хувьд доромжлол болж байна” гэж тогтоогоод байгаа юм.

Өнгөрсөн зун Буриадад “Buddha Bar”-ыг ОУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хаах уриалга гаргаж, гарын үсэг цуглуулсан. Уриалгад “Будда болон буддын шашны бурханы дүр, баримал, хөшөөг ОХУ-ын бүх цэнгээний газар, ресторан, караокэ, клубт ашиглахыг хориглохыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Төрийн Дум, Соёлын яам, Ерөнхий прокурорын газарт уриалж байна” гэж дурдсан байв. Энэ талаар Санкт-Петербург хотын дацангийн хамба лам Буда Бадмаев “BAR бол цэнгээний газар. Ийм газарт Буддагийн дүр байрлуулж болохгүй. Буддын шашин шүтдэг газар нутагт ийм газар нээхийг мэдээж хориглох байсан. Сүсэгтэн олон энэ талаар үзэл бодлоо илэрхийлж болно. Бид “Боль” гэж хэлэн, тэднийг зогсоож чадахгүй. Гэхдээ буддын шашин бол маш тайван, зөөлөн шашин” гэж хэлсэн.Харин “Buddha Bar”-аас “Түвд хоолны газарт ч Буддагийн дүрс байдаг. Дэргэд нь хүмүүс архи уугаад сууж байдаг. Түүнтэй л адил зүйл шүү дээ” гэж тайлбар тавьж байгаа юм.

