"Арван киног онцлох нь миний хувьд тийм ч амархан бөгөөд аятайхан даалгавар байсангүй. Энэ нь нэг талаас би иймэрхүү хит парад хийхдээ тун хойрго бөгөөд залхуу бас дээрээс нь маш олон нэг түвшний, чухал бүтээлүүд орхигдох гээд намайг барьц алдуулдагтай холбоотой. Энэ удаад ч ялгаагүй, чамгүй олон дуртай кинонуудаа, найруулагч нараа жагсаалтын гадаа үлдээжээ. Орос, Бельги, Англи, Хятад, Солонгос, Япон, Өмнөд Америкийн орнуудаас гарч ирсэн сүүлийн үеийн найруулагч нарын олон сайхан кинонууд багтсангүй, гэхдээ миний кино урлагт хандах хандлага төлөвшихөд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн бүтээлүүдийг л бичих гэж хичээсэн бөгөөд анх л санаандаа буусныг жагсаасан болохоор ямар ч атугай эдгээр кинонууд өнөөдөр надад чухал байсаар байгаа бололтой. Энэ жагсаалт ямар нэгэн дэс дугааргүй гэдгийг нэмж хэлье."
1. Иваны бага нас (Ivan's Childhood / Иваново детство) - 1962
Андрей Тарковский

Намайг кино үзэгчээс кино хийх их хүсэл мөрөөдөлд бас кино хэлний тухай бодох болгосон кино. Өөрөөр хэлбэл мэргэжлийн зам руу хөтөлсөн кино гэж хэлж болох байх. Ер нь бидний үеийнхэн дэлхийн кино урлаг байтугай хөрш Зөвлөлт Орос улсынхаа, тухайн үед бидэнд нээлттэй байсан социалист орнуудын сайн найруулагч нарын хийсэн жинхэнэ урлагийн бүтээлүүдээс үзэх боломж бараг үгүй байсныг энд заавал дурьдах хэрэгтэй байх л даа. Үндсэндээ ХХ зууны сүүлч хүртэл Монголын жирийн үзэгчид Чехийн Милош Форман, Вера Хитилова, Иржи Менцел, Юраж Якубиско эсвэл Польшийн Кшиштоф Кеслёвский, Анджей Вайдай, Ежи Кавалерович нарын киног үзэх нь байтугай нэрийг нь ч дуулж байгаагүй нь харамсалтай. Өнөөдрийнх шиг интернет, нээлттэй мэдээллийн эринд амьдарч байсан бол олон хүний урлаг болоод кинонд хандах хандлага өөр л байх байсан даа.
2. Кояанискаци (Koyaanisqatsi) - 1982
Годфри Рэжио

1990 онд ВГИК-т очин очтлоо зөвхөн үзэл суртлаар дүүрсэн баримтат кино л харж, кино урлагийн энэ төрлийг (ялангуяа Монголд хийгдэж байсан энэ төрлийн киног) үндсэндээ үзэн ядах болсон миний бодлыг эргүүлсэнд нь энэ кинонд би баярлаж явдаг. Бас аз болоход би энэ киног эхэлж үзсэн болохоор энэ найруулагчийн дараагийн кинонууд болон иймэрхүү маягаар хийгдсэн Барака (Baraka), Samsara, Гэр (Home) гэх мэтийн кинонуудад их тайван бөгөөд зөвхөн зураглаачийн нүдээр л ханддаг болж дээ.
3. M - 1931
Фриц Ланг

М киноны дараа болоод ч тэр юм уу Хичкокын кинонууд надад ердөө ч онцгой сэтгэгдэл төрүүлж байгаагүй. Германы экспрессионист киноны төлөөлөгч нараас миний хувьд хамгийн сонирхол татдаг найруулагч. Энд бас түүний 1927 оны Метрополис киног дурьдахад гэмгүй. Магадгүй би өөрөө хэзээ ч иймэрхүү кино хийхээр оролдохгүй гэдгээ мэддэг учраас миний сонирхол татагддаг байж мэднэ.
4. Рашомон (Rashomon) - 1950
Акира Куросава

Хэдийгээр түүний дараагийн бүтээлүүд нь бараг илүү нэртэй ч Куросавагийн кинонуудаас надад хамгийн их таалагддаг нь энэ кино. Он цагаасаа түрүүлсэн цөөхөн кинонуудын нэг болов уу. Хэдийгээр Кендзи Мидзогути, Ясудизро Одзу хоёрын кинонуудыг зүй ёсоор үнэлэх ёстой боловч хэдэн арван жилийн дараа Азийн кино дэлхийд жинхэнэ ёсоор өөрийнхөө байр суурийг эзэлж эхлэхэд үнэндээ энэ киноны гаргасан замаар л дээш авирсан гэж би боддог. Жич дурьдахад би киног үзсэнийхээ дараа зохиолч Рюноске Акутагаваг орос хэл дээр нээж, тун ихэд дурласан юмдаг, одоо ч түүний өгүүллүүд, эссэг эргэж харах дуртай.
5. Нар хиртэлт (L'Eclisse) - 1962
Микеланжело Антониони

Яалт ч үгүй орчин үеийн кино урлагийн загалмайлсан эцэг болох найруулагч гэж би боддог. Түүний хөндөж байсан гол сэдвүүд болох материаллаг ертөнц дэх хүмүүсийн үл ойлголцол, оюун санааны хямрал хийгээд мухардал одоо бүүр ч хурц болж байгаа мэт. Тэр зөвхөн агуулгын хувьд киног урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд авчирсан төдийгүй кино өгүүлэмжийн хүүрнэлт хэлбэрийг эвдэн, шинэ гоо зүйг бий болгосон. Түүний дүрслэлийн хэл болоод киноны бүтэц, хэмнэл, дүрүүдийн сонголт миний хувьд огтхон ч хуучраагүй бөгөөд өнөөдрийн артхаус киноны сайн гэгддэг олон найруулагчдаас хавьгүй өндөр түвшинд байсаар л байх шиг.
6. Амаркорд (Amarcord) - 1973
Федерико Феллини

Найруулагчийн ер бусын хүнлэг, дулаахан егөөгөөр дүүрэн хүүхэд насны дурсамж болохоор ямар ч жирийн үзэгч төвөггүй хүлээн авч чадах сайхан кино санагддаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ урлаг гэхээрээ л хүнд ойлгомжгүй эсвэл нэг их сургасан эсвээс нүд өвдөм гоо сайхан байх ёстой мэт төсөөлж, хоосон сүржигнэдэг хүмүүсийн ташаа ойлголтыг эвдэхэд тун тустай бүтээл болов уу. Уг нь энд найруулагчийн Найм хагас киног заавал дурьдах хэрэгтэй юм даа.
7. Замбага цэцэг (Magnolia) - 1999
Пол Томас Андерсон

Пост Модерн хэв маягаар хийгдсэн кинонууд дотроос тун сайн болсон кино юм шиг санагддаг. Ер нь миний хувьд Пол Андерсоныг Квентин Тарантиногоос хавьгүй илүү хүчтэй, сайн найруулагч гэж боддог.
8. Сумчин (The Pointsman / De wisselwachter) - 1986
Йос Стеллинг

Хошин шогийн мэдрэмж хүн бүрд өөр өөр л байдаг. Надад Голланд найруулагчийн энэ абсурд хар хошин кино яагаад ч юм их таалагддаг юм. Магадгүй кино шиг нийтийн дур хүслээс ихэд хамааралтай зүйлд байж болох бүх л хаалт, хэвшмэл загвар луу бүдүүлэг биш атлаа хээв нэг нулимж орхисонд нь дуртай байж мэдэх. Хэд хэдэн шагналтай, Венецийн наадмаас бас тусгай шагнал авч байсан юм билээ, гэхдээ шүүмжлэгчид мэдээж сайнаар хүлээж аваагүй, харин тэр тусмаа надад таалагддаг. Бас бараг яриа байхгүй кино л доо.
9. Заан (Elephant) - 2003
Гас Ван Сант

Том студи, хөрөнгө оруулагч нараас хамааралтай болохоос болгоомжлон бага төсөвтэй кино л хийдэг энэ найруулагчийн кинонууд тун зүгээр санагддаг. Каннын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хамтад нь авсан энэ кинонд жижигхэн хотын дунд сургууль дээр онцгой ямар ч үйл явдал болоогүй атал удахгүй болох эмгэнэлт үйл явдлын түгшүүрт уур амьсгал аажим аажмаар гайхалтай нэмэгдсээр л байдаг. Бас маш урт, хөдөлгөөнт камерын зураг авалт, өвөрмөц эвлүүлэг нь кинонд түүх өөрөө тийм ч чухал биш харин найруулагч тэр түүхийг хэрхэн хүүрнэв гэдгээс тун олон зүйл хамаардгийг батлах мэт.
10. Толь (Mirror / Зеркало) - 1975
Андрей Тарковский

Кино хэлэнд шинэчлэл авчирсан сүүлчийн кино байж магадгүй гэж надад санагддаг. Өөрөөр хэлбэл 1975 онд хийгдсэн энэ киноноос өнөөдрийг хүртэл дэлхийн кино урлагт жинхэнэ утгаараа шинэлэг зүйл хийгдсэн эсэхэд би их эргэлздэг юм. Магадгүй дижитал кино нэг их удахгүй өөрийн гэсэн шинэ хэл, гоо зүйгээ нэр төртэйгөөр баталж, өөрийн гэсэн үгээ тунхаглан зарлаж мэдэх. Харин одоохондоо би энэ кино хүний ухамсарт бус ой санамж, дурсамжийг бодит амьдралтай гайхалтай хослуулж чадсанд гайхсаар л байна. Бас энэ кино нь урлан бүтээхэд зөвхөн рацианоль ухаанаар хүрч үл болох нэгэн нууц оршин байдгийг баталдагт нь дотроо баярлаж явдаг юм. Магадгүй ийм ч болохоор хийж буйдаа итгэл алдрах бүрдээ би энэ киног эргэн санадаг. Өөрийгөө зоригжуулах гэсэн л гэнэн оролдлого юм уу даа.
Та бүхэн Artfilm.mn-ээр зочлоорой. Мөн Dreamers' Day кино өдөрлөгийн энэ бямба гарагийн үзвэрээр "Дурак" кино та бүхэнд хүрэх нь ээ.
