UBLife Logo
Сэтгэл судлал

Корпорацын таван удирдагч тутмын нэг нь психопат гэсэн судалгаа гарчээ

Корпорацын таван удирдагч тутмын нэг нь психопат гэсэн судалгаа гарчээ

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаануудын үр дүнд, корпорацын удирдах албан тушаалтнуудын дунд психопат шинж чанартай хүмүүсийн тоо санаанд оромгүй өндөр түвшинд байгааг илрүүлжээ. Энэ нь шоронгийн хоригдлуудын дундах үзүүлэлттэй ижил гэнэ. Тодруулбал, АНУ-ын 261 ахлах түвшний мэргэжилтнийг хамруулсан судалгаагаар 21% нь клиникийн хувьд мэдэгдэхүйц психопат шинжтэй байсныг Австралийн Бондын их сургуулийн шүүх сэтгэл судлаач Натан Брукс болон түүний хамтрагчид тогтоосон байна . Энэ нь ерөнхий хүн амд психопат хүмүүсийн түвшин дунджаар 1% байдагтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм.​

Психопат гэдэг нь ихэнхдээ л сэтгэл хөдлөлгүй, гэмшил мэдрэх чадваргүй, бусдыг ашиглах хандлагатай, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлодог хүмүүсийг хэлдэг. Тэд ихэвчлэн гаднаа дур булаам, өөртөө итгэлтэй, хүнд хэцүү нөхцөлд тайван байж чаддаг болохоор удирдах албан тушаалд дэвшихэд амархан байдаг. Гэвч тэдний энэ зан байдал нь байгууллагад сөрөг нөлөө үзүүлж, ёс зүйгүй үйлдэл, ажилчдын сэтгэл ханамж буурах, ажлын байран дахь дарамт нэмэгдэх зэрэг асуудал үүсгэдэг гэнэ дээ.​

Яагаад ийм хүмүүс удирдах албан тушаалд хүрдэг вэ?

Судлаачид психопат шинжтэй хүмүүсийг "амжилттай психопат" гэж нэрлэдэг. Тэдний хувьд бусдыг ашиглах, ёс суртахууны хэм хэмжээг зөрчих нь асуудал биш бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байдаг. Ийм хүмүүсийн хувьд байгууллагын амжилт бол тоглоом мэт бөгөөд тэд бусдыг хохироох замаар эрх мэдэл, нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлздэг.​

Психопат шинжтэй удирдагчид байгууллагад дараах сөрөг нөлөөг үзүүлдэг:​

Ёс зүйгүй үйлдэл: Хуурамч тайлан гаргах, ажилчдыг дарамтлах, компанийн нөөцийг хувийн зорилгоор ашиглах, хүмүүстэй хувийн харилцаагаар харилцаж, хор хутгах, бусдын чадварыг дарах гэх мэт.​

Ажлын байрны дарамт: Ажилчдын сэтгэл ханамж буурах, ажлын орчинд итгэлцэл алдагдах, багийн уур амьсгал муудах.​

Ажилчдын шилжилт хөдөлгөөн: Ажилчид ажлаа орхих, байгууллагаас гарах хандлага нэмэгдэх.​

Байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх: Олон нийтийн итгэл алдагдах, хөрөнгө оруулагчдын итгэл буурах.​

Яаж сэргийлэх вэ?

Судлаачид байгууллагуудыг ажилтан шалгаруулахдаа зөвхөн мэргэжлийн ур чадвар бус, хувь хүний зан чанарыг ч анхаарч үзэхийг зөвлөж байна. Психопат шинжтэй хүмүүсийг эрт илрүүлж, зохих арга хэмжээ авах нь байгууллагын эрүүл уур амьсгалыг хадгалах, ёс зүйтэй удирдлагын тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой аж.​

Ийм шинжтэй хүмүүсийн тоо удирдах албан тушаалтнуудын дунд санаанд оромгүй өндөр байгааг судалгаанууд харуулж байна. Энэ нь байгууллагын үйл ажиллагаа, ажилчдын сэтгэл ханамж, ёс зүйд сөрөг нөлөө үзүүлдэг тул ажилтан шалгаруулах, удирдлагын тогтолцоог сайжруулахад анхаарах шаардлагатай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.