Канад сангийн үйл ажиллагаа Монголд эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос анх хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 20 жил Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-ны өдөр буюу лхагва гарагт 11 цагт Централ Тауэрын дөрөвдүгээр давхрын хурлын танхимд болох өдөрлөгийн үеэр Канадын ЭСЯ болон Канад сангаас уг хөтөлбөрийг сонирхсон иргэний нийгэм, ТББ-д Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрийг танилцуулах, төсөлд хэрхэн хамрагдах болон төсөл боловсруулахад анхаарах зөвлөмжийг өгнө.
Канад улсын Засгийн газраас дэлхийн хөгжиж буй 100 гаруй улсад хэрэгжүүлдэг жендэрийн тэгш байдлыг хамгаалах, эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол зэрэг хүний хөгжлийн суурь асуудлыг дэмжих зорилготой. Мөн хүний эрх, засаглал, ардчиллыг хамгаалах, тогтвортой, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг дэмжих зорилготой юм байна.
Мөн тус сангаас тэтгэлэг авсан төслүүдийн эзэд өөрсдийн туршлагаас хуваалцана. Тус сан өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт 400 гаруй төсөл хөтөлбөрүүдэд 6 сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг 21 аймгийн нийт 240 гаруй суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлжээ.
2016-2017 оны Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрт нийтдээ 150 гаруй төслийн санал ирснээс Улаанбаатар, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт хэрэгжих 11 төсөлд нийт 183 мянган канад долларын санхүүжилтыг олгоод байна. Энэ удаагийн шалгарсан төслүүдэд Хавдар Судлалын үндэсний төвд эмчлүүлж буй хүмүүст зориулсан номын сан байгуулах, нийгмийн эмзэг бүлэг болох Улаанчулуут дахь хогийн цэг орчимд амьдардаг эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох зорилготой оёдлын цех байгуулах болон СХД-ийн гэр хорооллын айл өрхөд дулаан баригч бүтээгдэхүүн хандивлах зэрэг агаарын бохирдол, ядуурлыг бууруулах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг хүний эрхийг дээдлэх, нийгмийн хөгжлийг хангахад чиглэсэн төслүүд багтсан байна. Канад улсын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн нээлттэй арга хэмжээнд тус улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Э.Жэйгэр оролцож үг хэлэх юм байна.
