Амралтын өдөр үд хүртэл унталгүй, үр хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нь аз жаргалыг мэдрэх алтан боломж байж мэдэх юм. Өдөр бүрийг ажил, гэр, сургууль гэсэн маршрутаар өнгөрүүлдэг бол "Ub.life" танд амралтын өдөр хүүхэдтэйгээ хийж болох ГАЙХАЛТАЙ зүйлсийг санал болгож байна.
Бөмбөг тэврээд сагсан бөмбөгийн талбай ор
Г.Ганцэцэг БНСУ-ын Сөүл хотод нөхөр, хоёр настай охины хамт амьдардаг. Тэднийхэн амралтын өдрөөрөө бөмбөг аваад сагсан бөмбөгийн талбай явдаг гэнэ. Амралтын өдөр заавал үнэтэй, гоё сайхан газраар явах нь тийм ч чухал биш гэж тэд боддог аж. Заримдаа хүүхэдтэйгээ гэрийнхээ ойролцоох кафед очиж амралтын өдрөө “чимдэг”.

Эх сурвалж: avdar.club
Солгой хоолой тийм чухал гэж үү?
Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх өөр нэг арга бол амралтын өдөр караоке орох. Гэр бүлийнхнийхээ дунд дуулахад солгой хоолойтой байсан ч хамаагүй шүү дээ. Тиймээс дуртай дуугаа маш чангаар, хэнээс ч ичиж зоволгүй дуулаарай. Хүүхдүүдэд ч бас зугаатай байх болно.
Гэрийн тань ойролцоо халуун хоол ундтай ямар караоке байдаг талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай. Уг цахим хуудаст Улаанбаатарт байрлах 50 гаруй караокений мэдээлэл бий.
Хүүхэдтэйгээ хамт кино үзэх
Орой бүр цэнхэр дэлгэцээр олон ангит кино хамтдаа үздэг шүү дээ гэж бодоод ч хэрэггүй. Хүүхдүүдээ тойруулж суулгаад, амттан аманд нь хийж өгөөд, инээж хөхрөхийг нь сонсож, кино хамт үзэх тэр мэдрэмжийг аз жаргал гэдэг ч байж магадгүй. Хамгийн гол нь амьдралын үнэ цэнэ, утга учрыг хүүхдүүдэд ойлгуулахад кино чухал нөлөөтэй.

Тухайлбал, хүн бүрт өөрийн гэсэн онцгой тавилан байдгийг “Moana” хүүхэлдэйн киноноос хүүхэд ойлгож авч магадгүй. Эсвэл эх болсон байгаль дэлхийгээ энэрч, хайрлах тухай бодож ч мэднэ.

Хүсэл мөрөөдлийнхөө араас тууштай тэмцэх ёстойг “Sing” хүүхэлдэйн киног үзээд бяцхан зүрх нь ойлгох байх.
Зарим хүүхэлдэйн кино танд ч бас нэгийг бодогдуулж, хэтийн гэр бүл төлөвлөлтөд өөрчлөлт авчирч магадгүй. “Storks” хүүхэлдэйн киног үзсэний дараа олон хүүхэдтэй болох балчир насны мөрөөдөл тань сэргээд ирэх вий.
Дашрамд хэлэхэд, дээр дурдсан гурван хүүхэлдэй “Univision”-ийн видео санд Сингапур хөтөлбөр гэсэн цэсэнд багтсан. Хүүхдийн гар одтой гэдэг учраас хүүхэлдэйн кино хамт үзэж байгаад Сингапур луу аялах эрх хожиж мэдэх юм. Энэ цэснээс кино үзвэл өөр олон хонжвор байгаа харагдсан. “Samsung”-ийн 40 инчийн LED зурагт зочны өрөөндөө өлгөх ч юм бил үү, хэн мэдлээ. "Univision"-ий Промо сувгаар ирэх ням гарагт(2017.04.23) 18.00 цагаас бэлгийн эздийг шууд тодруулна гэсэн.
Пургисан гурилтай өдөрлөг
Хүүхдээрээ гурил зууруулж, төмс арилгуулахын араас цэвэрлэгээний их ажил ундарна даа гэж хойшоо битгий суугаарай. Пургисан их гурилыг асгаж зутгаад ч хамаагүй зуурч байж тэд тусад орно гэдгийг санаарай. Тэгээд ч орой бүр тэртэй тэргүй угаах аяга таваг, түмпэн шанага овоордгийг бодвол нэг өдөр хүүхдээрээ хоолонд туслуулах нь тийм ч муу санаа биш.

Хүүхэдтэйгээ хамтдаа хийж болох хоолны санааг өгөх цахим хуудас олон. Эсвэл фэйсбүүкийн “Sweet kitchen”, “Gertee” зэрэг группээс хоолны жор харсан ч болох юм.
Бүрхэг ч зугаатай өдөр
Ирэх амралтын өдрүүдэд жихүүн, хүйтэн байх төлөвтэй. Гэхдээ энэ нь хүүхдүүдтэйгээ тоглож, өдрийг зугаатай өнгөрүүлж болохгүй гэсэн үг ерөөс биш. Хүүхдүүдтэйгээ хамт усны гутлаа өмсөөд бороо орохыг хүлээж болно. Бороо орвол хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суугаад марш! Шалбааг туулна аа.
1000 төгрөгийн төсөвтэй дэлгүүр хэс
Элдэв тоглоом эсвэл чихэр, шоколад авч иднэ гэж таны хүүхдүүд гомдоллодог уу. Тэгвэл амралтын өдрөөр хүүхдэдээ 1000 төгрөг өгөөд хамтдаа дэлгүүр хэсээрэй. Сонголт хийх эрхийг хүүхдэд үлдээгээд, юу авахыг нь хараарай.

Музейн өдөр
Нэгэн цагт Богд хаан хэмээх “амьд бурхан” найман үе улиран Монголд амьдарч байсан тухай түүх танд танил ч байж магадгүй. Харин бидний үр хүүхэд энэ талаар хэр мэддэг бол? Тэдэнд эртний монгол хүмүүс хэрхэн аж, төрж байсан тухай төсөөлөл бий болов уу? Энэ мэт асуултын хариуг хүүхдэд тань музей л өгч чадна. Тэгээд ч музей үзэхэд тийм ч үнэтэй биш. Хүүхдүүд 1000 төгрөгөөр тасалбар авдаг бол томчууд 5000.

Улаанбаатарт байрлах музейн цагийн хуваарьтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.