UBLife Logo
-

Увс аймагт 60 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулна

Э.Хулан
Э.Хулан
Увс аймагт 60 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулна

Өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээгээ манайх дийлэхээ больсон ба ОХУ-аас нэг кВт эрчим хүчийг 162 төгрөгөөр импортолж, баруун бүсийн айл өрхүүдэд 114 орчим төгрөгөөр эрчим хүч нийлүүлдэг тухай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр ярьж байна. “Баруун Монгол энержи” компани тус хорооноос Увс аймгийн Улаангом хотод 60 мВт-ын дулааны цахилгаан станц барих зөвшөөрлөө авсан бөгөөд өнөөдөр концессийн гэрээгээ байгууллаа. Концессийн гэрээнд эхний ээлжинд Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон “Баруун Монгол энержи” компанийн захирал Б.Алтангэрэл нар гарын үсэг зурсан юм. Урьдчилсан тооцоогоор 120 сая еврогийн өртөгтэй эл дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилтийг Германы “И Си Эй” сан хийх юм байна. Эл гэрээг концессийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх гэсэн таван үе шаттайгаар 30 жилийн хугацаатай байгуулсан юм. Гэхдээ гэрээ байгуулаад л дулааны цахилгаан станц шууд барьчихгүй гэдгийг онцолъё. Цахилгаан станцыг барихаас өмнө болон дараа нь “Баруун Монгол энержи” компанийнханд хийх нэлээд олон ажил байгаа юм. Эхний ээлжинд тэд 180 хоногийн дотор байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгүүлнэ. Түүнчлэн үүнийгээ эрх бүхий байгууллагаар хянуулж, баталгаажуулах юм. Мөн барилга угсралтын ажил эхлэхээс өмнө цахилгаан станцын зураг төслийн магадлалыг хийлгэж, баталгаажуулсан байх шаардлагатай юм байна. Үүнээс гадна Хотгор шанагын уурхайн удирдлага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран нүүрсний ордын нөөц хангалтыг сайжруулах ёстой ажээ.Тэгвэл цахилгаан станц ашиглалтад орсны дараа үйлдвэрлэсэн эрчим хүчээ баруун бүсийнхэнд нийлүүлэх үнэ тарифын талаарх гэрээг Эрчим хүчний зохицуулах хороотой хийх юм байна. Үүнийг Худалдан авах болон нийлүүлэх гэрээ гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар яг хэдэн төгрөгөөр баруун бүсийн айл өрхүүдэд цахилгаан нийлүүлэх нь тодорхойгүй байна. Гэхдээ ойролцоогоор 27-28 орчим мВт эрчим хүчний хэрэглээтэй баруун бүсийг тэр чигээр нь хангах боломжтой. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд ч хямд эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эл нүүрсний цахилгаан станцыг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хар тарвагатай буюу Хотгорын уурхайг түшиглэн байгуулна. Уурхай Улаангом хотоос 130 орчим километрт байрладаг ба нүүрсээ ачааны машинаар татахаар төлөвлөж байгаа юм байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.