1. Өөрийн гараар амттан хийх
Бид хүүхдүүдийнхээ тоглоом эсвэл дуртай амттанг үргэлж гаднаас худалдаж авч өгдөг шүү дээ. Тэгвэл удахгүй болох хүүхдийн баяраар та яагаад өөрийн гараар хийсэн амттанаар дайлж болохгүй гэж. Тэд ямар их баярлах бол. Бүр хамтдаа хийж ч болно шүү дээ.

2. Хүүхэд насандаа эргэн очих
Бага насандаа эргэж очихыг хүсдэггүй хүн энэ хорвоо дээр ховор биз. Хэрвээ та хэсэг зуур ч гэсэн тэр сайхан үе рүүгээ буцмаар байгаа бол ирэх хүүхдийн баяраар оролдоод үз. Өнгө өнгийн хувцас өмсөж, өдөр тутмын асуудлуудаа хэсэг зуур мартаад, багынхаа дуртай тоглоомуудыг тоглож, гэрийнхэндээ эрхлээд л..

3. Хүүхдийн жүжиг үзэх
Хүүхдийн баяраар хүн бүр паркыг зорьдог. Хөл толгой нь мэдэгдэхгүй олон дунд шахалдаж байснаас хүүхдээ дагуулаад хүүхэлдэйн театрыг зориод нэг үзээрэй. Үлгэрт гардаг амьтад, баатруудаа хараад тэдэнд мартагдахааргүй бас нэгэн нандин дурсамж болж үлдэх нь гарцаагүй.

4. Хүүхдүүдтэйгээ айл гэрдэж тоглох
Хүүхэд бүрийн хамгийн сайн мэдэх тоглоом бол “Айл гэр”. Таны гэр бүлийн нэг өдөр эсрэгээрээ өнгөрнө гээд бод доо. Хүү нь аав харин охин нь ээж. Тэд танд яг л ээж, аав шиг чинь хандах нь сонирхолтой биш гэж үү?

5. Гэр бүлээрээ тойрч суугаад зургийн цомгоо үзэх
Та тэр чигтээ өнгөрсөн дурсамжуудаараа аялах болно. Магадгүй таны аль хэдийнээ мартчихсан дурсамжийг сануулж, тэр үеийн мэдрэмжээ эргэн санахад хүргэнэ. Гэр бүлийн зургуудаа сөхөж үзэх үе бол яах аргагүй хүүхдийн баяр юм шүү дээ.