
Мэргэжлийн тулаанч хүү нь дөнгөж ялагдаад буугаад ирэхэд ээж нь яаж угтаж авдаг гэж бодож байна? Тэврэн авч, аргадах уу, эсвэл өрөвдөн уйлах уу? Аль нь ч байж магад. Гэхдээ та Анна Азовская хэмээх энэ орос ээжээс тийм өрөвч сэтгэл олж харахгүй. Анна таван хүүхдийн ээж бөгөөд тэдний гурав нь мэргэжлийн холимог тулаанч. Саяхан болсон “Fight Nights Global 67” тэмцээнд түүний хүү Виктор хоёрдугаар үед техникийн нокаутаар ялагдсан. Хүүгээ ялагдахад сэтгэл дундуур байсан Анна түүнийг загнаж, цусыг нь арчсан ч нэмээд хэд хэдэн шанаа өгсөн юм. Түүний энэ байдлыг харсан хүмүүс ихэд гайхсан билээ.
“Гурван хүүгээ тулаанд оруулдаг холимог тулааны ертөнцийн цорын ганц ээж бол би байх. Би эршүүд зантай. Хүүхдүүдээ торон дотор зодолдож байгааг хараад айж эмээдэггүй. Бурханы ачаар би энэ спортод бага сага юм гадарладаг болохоор тэд нарт зааж өгөх юм надад бий. Хэрэв би залуу байсан бол өөрөө зодолдох байлаа. Багадаа би хөвгүүдтэй ана мана үзэлцэж, зодож ч явсан удаатай. Эр хүн бол зодолдох, тулалдах ёстой” гэж "FightNights”-д ярилцлага өгөхдөө хэлсэн юм.