Орхам Памук “Улаан үст бүсгүй” романы тухай
Орчин цагийн уран зохиолын өвөрмөц дуу хоолой болсон Орхан Памукийн хамгийн сүүлд бичсэн зохиол нь “Улаан үст бүсгүй” юм. Энэ бол бүүдгэр өдрүүдийн дүнсгэр ахуй нь гойд зохицох Истанбулын уй гунигаас залгилж өссөн Памукийн арав дахь роман билээ. Бүх зүйлс мөнхийн эргэлт, жам ёсны хувиралтай. Гагц түүн дотроос дурсамж цаг ямагт амьд байж хүйтэн хийгээд дулаан, харуусал болоод баяр жаргалын сүлэлдээнээр аж төрөхүйд оршиж, дотоод сэтгэлд тэмтрэгдсээр байдаг. Үүнийг тус зохиолын бичлэгийн арга, туурвил зүйн онцлогоос харж болно.
Нөгөөтээгүүр Истанбул бол Орханы гэр орон, түүний сэтгэлд нүсэр том, уран тансаг шилтгээн мэтээр сүндэрлэж, дотор нь дурсамж, таатай мэдрэмж төрүүлэх уй гуниг харгалдсан үзмэрүүдээр дүүрэн музей болон үүрд хадагдсан буйгаар сэтгэгдэнэ. Бүтээл болгонд нь Истабулын, өөрийнх нь төрөлх хотын дүр бий. Уншигчдад танилцуулж буй уг бүтээлээс зүүн болон баруун европын хүмүүсийн үзэл санаа, төрөлх хотын газар зүй, иргэншлийн соёлын үндэс зэрэг нь өнөөгийн нийгэмтэй хэрхэн холбогдож буйг харуулжээ.
САЙН ЭЦЭГ ГЭЖ БАЙДАГГҮЙ
Францын их сэтгэгч Жан Поль Сартр “Үг” хэмээх намтарчилсан бүтээлдээ “Сайн эцэг гэж байдаггүй. Энэ бол хууль” хэмээсэн нь бий. “Улаан үст бүсгүй” бол шинэ эриний үед бичигдсэн Эдип юм. Роман доторх жүжиг ч хэмээн тодорхойлж болно. Софоклын “Эдип хаан”, Фердовсийн “Шахнаме” буюу “Хаадын цадиг”-ийн сонгодог хувилбарт тооцогдох перс үлгэрийн эцэг нь хүүгээ, хүү нь эцгээ хөнөөх эсрэгцэл бүхий эмгэнэлт жүжгүүдийн үйл явдал романы агуулга, утга санаанд нэвт шингэсэн байдаг. Уг сонгодог жүжгүүд романы гол баатар болох Жем Челикийн хүсэл тэмүүлэл, өнгөрсөн дурсамжийн бараан сүүдэртэй холилдсоноор эцсийн цэгтээ тулсан үйл явдлын эргэлт, дүрүүдийн хувь тавиланг төгсгөлөөс нь эхлэл хүртэл эрэн сурвалжлах толь, индивидуалист үзэл санааны ивээс болж өгнө.
Челикийн худагчин Махмуттай хамт ажилласан хийгээд анхалж түүнийг олж харсан мөч, шархтай чигээр нь худгийн харанхуй гүнд орхиж зугтсан айдас зэрэг нь ямагт орхиж явсан эцэг рүү өөд чиглэсэн үйл явдлын шугам байв. Гол нь Памук тэрхүү үйл явдлыг эцсийн төгсгөлийг аавтайгаа уулзаад дуусгачих хэмжээний охор агуулгад зангидсангүй. Тэгээд ч энэ нь сурагчийн хайр дурлалын асуудлаар дамжин хөндсөн гэмт хэргийн сэдэв төдийхнөөр мөн хэмжигдсэнгүй. Ерөөс эцэг нь байхгүй учраас тэр Махмуттай хамт ажиллахаар явсан, эцэг нь үгүй тул өөрт сайн хандсан худагчныг ааваа гэж санасан, зэмлэх үед нь бяцхан хорсож, урамшуулахад нь ихээр хөөрсөн. Түүнд их хэмжээний мөнгө олох, улаан үст эмэгтэйд сэтгэл алдрах зэрэг хормуудад ч эцгийнх тухай бодол, тэр хүнийг өөрийн амжилтаар нухчин дарах санаархал сэтгэлийнх нь мухарт сэрэх цагаа хүлээн чимээгүй суусаар байсан билээ.
“Аавыг Истанбулын хаа нэгтээ бийг мэдэх авч намайг хайгаагүй учир би ч түүнийг олохыг үл хүснэ” гэх буюу “Аав дэргэд байх үед хувийн амьдралд минь хөндлөнгөөс оролцдоггүй байсны дээр надад итгэл төрүүлэх учир түүний дэргэд өссөн бол өөрийгөө олж авах гэж ихэд зүдрэх байсан биз. Худагчны дэргэд зөвхөн нэг сар болчхоод дараа нь түүнийг эсэргүүцэхдээ өөрөө байна л гэж бодсон” зэрэг өгүүлбэрүүд дэд бүлгийн 25 дугаар хэсгээс авахуулаад нэлээдгүй таарна. Харин нөгөөтээгүүр өөрийнхөө нэг ч удаа уулзаагүй хүүтэйгээ таарах мөчид, уулзахыг хүссэн сэтгэл зүй тархи ороох агшинд дээрх бодол санаа тэс эсрэг чигтээ урсаж бүх бие рүү цутгах шиг болдог.
Романы гол дүр хэцүү бэрх мөчид эцэг нь дэргэд үгүйд гоморхож, түүнийг үзэн ядаж асан бол амьдралд төөрөлдөхөө нэгэнт больсон цагт эцэгтэйгээ уулзахад тийм хорсол төрдөггүй. Гэтэл түүний хүү нь болох Энвэр ч ялгаагүй тийм шаналж, будилж явах мөчдөө эцгээ үгүйлэн гансарч байв уу гэх асуулт ургана.
Тиймдээ ч Чэлик “Хаадын цадиг”-т гарах Сүхраб болон Рүстэмийн талаарх бодол эргэцүүллээс үл ангижирч ядах агаад улам гүн гүнзгий автах даа эцэст нь “...Сайн, муу нь хамаагүй аавтай л байхыг байнга хүсдэг гэж үү? Эсвэл бид зүг чигээ алдаж, сэтгэл санаагаар унаж, дотор хоосорсон үед л аав гэгч хүнийг боддог хэрэг үү?” гэж өөрөөсөө асуудаг. Энэ бол ихэд сонирхол татах асуулт билээ. Зөвхөн ийм асуултын тус роман дэвшүүлснийх төлөө зохиолч Майкл Шауб “Мэдээж Памук хамгийн сайн нь биш юм гэхэд гайхалтай авьяастай зохиолч хэвээр байна гэдгийг уг бүтээл дахин нотоллоо” хэмээн хэлсэн удаатай.
Харин Туркийн зохиолч, яруу найрагч Эрдак Гөкнар “Los Angeles Review of Books” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Памукийн ертөнцөд Эдип шиг дүрүүд уламжлалын “эцгүүд”-ийн эсрэг тэмцэж, тэднийг ялан дийлэх явцдаа уран зохиолын бүтээл туурвидаг. Гэвч уламжлалт (Осман - Ислам) эцгийн сүнс үргэлж дэргэд нь байх хийгээд орчин үеийн шашингүй хүү гол дүрийн баатрыг дагалдаж явдаг. Эл бүтээл ч мөн ийм” хэмээн дурджээ.
Тэгвэл мэдээж Эдип шиг дүр нь “Улаан үст бүсгүй романы хувьд” Чэлик болох агаад шашингүй хүү нь магад Энвэр л байж таарна. Тэр эцэст нь уламжлалын, язгуурынх нь амин сүнс болсон бэлгэдэлт дүр байдаг. Үүнийг романы гутгаар бүлгийн эргэлтээс төвөггүй ойлгоно.
ҮЛ ХУВИРАХ ҮНЭН ЧАНАР
Цаг хугацаа бүхнийг элээж, мартуулж, эмчлэх гэж оролдсон ч эцэст нь хүний туйлын хүсэл, төрөлх мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй аж. Буй юмс хувьсаж танигдах төрхгүй болох авч романы гол дүрүүд яг хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байлаа. Үүнийг зохиолч “Эдип хаан” болоод эртний перс үлгэрийн монологтой харьцуулан хувь хүний уугуул чанарын хэзээд үл хувирах шинжийг бүтээсэн юм. Ерөөс Памук аливаа түүх болон эртний уран зохиолыг гүн гүнзгийгээр туучиж, түүгээр дамжуулан нийгмийн зөрчилдөөн, хувь хүний хөдөлшгүй бат чанар, дотоод сэтгэлд нь жин дарж буй дурсамжийг уудлан гаргадаг. Харин энд дүрслэгдэж буй нийгэм дэх зөрчилдөөн нь үргэлж хурц ширүүн, заримдаа дүрүүдээ үгээр нидрээд л өнгөрөх шиг сэтгэгдлийг төрүүлнэ.
Зөвхөн газар орон буюу Истанбул, Өнгөрэн тосгон хэрхэн хувирсан тухай өгүүлэгдэх боловч түүн дээр амьдран суух хүмүүний дотоод сэтгэл, уугуул мөн чанар хэзээд үл хувирах буюу.
Үүнээс салгаж үл болох нэгэн ойлголт нь Зүүнийг Баруунтай, уламжлалыг орчин үетэй, үлгэр домгийн хүчийг реализмтай хослуулж чадсан нь бий. Бид өөрсдийн үүх түүх, домогтой байж болох ч тэдгээрийн үр дагавраас ангид орж чадах уу? Уг асуултад Памук хариулахаар тун хүнд сэдвийг бүтээлийнхээ гол материал болгон сонгож авсан. Түүнтэйгээ ч ихэд чадварлаг, хүчирхэг байрь сууринаас харьцсан хийгээд үр дүн нь “Улаан үст бүсгүй” юм.
Мөн Зүүн, Баруун гэх ойлголт, үүнд туссан хүмүүсийн ухамсар дахь үзэл санааны өөрчлөлтийн талаар дурдсан жишээнд Памух төрөлх эх орноохурцаар шүүмжилсэн нь бий. Ерөөс “Истанбул: Дурсамж ба хот” бүтээлийн хувьд ч зохиолч улс төрийн талаар нарийн дүн шинжилгээ хийхдээ хэчнээн гаргууд болохыг нь харж болно. Гол нь түүнийхээ дагуу хотынхоо сэтгэл хөдөлгөм газар орон, гудамжуудыг яруу найргийн хэлээр нямбай зурсан нь хүмүүсийн оюун бодолд үүсэж буй тэрхүү тусгаарлалтад судалгаа хийснээр эргүүлэн нэгтгэх боломжийг эрэлхийлсэн байдаг. Энэхүү соёл иргэншлийн хоёр талт мөн чанар нь түүний “parricide” ба “filicide” үзэл баримтлалын хосолмол шинжийг бүтээж өгнө.
“Улаан үст бүсгүй” роман харин уг үзэл санааг тунхаглахдаа домгийг үл зохиох бөгөөд илтэд нийцсэн баримттай харгалдуулж гаргасан юм. Тиймдээ ч Эдип болоод “Хаадын цадиг”-т гарах нөлөөллийг уншигч тайлж чадвал эцсийн мөчид Чэлик юун төлөө Өнгөрэн рүү зүтгэсний, юу түүнийг тийш татсаныг ойлгох дөнгөж биз ээ.
Үүнээс гадна гутгаар бүлгийн төгсгөл ба Энвэрийг түүх бичихэд нөлөөлсөн Эдгар Погийн өгүүллэгүүд хийгээд Гамлетаас Руссо, Жюль Верн хүртэлх барууны ёс жаяг, үзэл санааны тухай бүтээлүүд нь 1980-аад оны дараах Турк улсад гарсан төрийн эргэлт, хүмүүсийн ухамсар, тэдгээрийн үйлдэлтэй дам утгаар холбогддог. Мөнхүү зохиолын эхэнд Жэмийн уншсан номууд амьдралыг нь орвонгоор нь эргүүлдэг тухай дурсдаг. Энэ нь Памукийн “Шинэ амьдрал” романых нь “Би нэг өдөр ном уншсан, тэгээд бүх амьдрал минь өөрчлөгдсөн” гэх эхний өгүүлбэрийг өөрийн эрхгүй санагдуулна.
ДОТООД ӨГҮҮЛЭМЖИЙН ТӨГСГӨЛ
Уг бүтээл эхэндээ “Худаг” нэртэй байв. Үүнийг учрыг зохиолын эхлэлээс л уншигч өөртөө нээж дөнгөнө. Харин хожуу номын нэрийг “Улаан үст бүсгүй” болгон өөрчилсөн нь зохиолын агуулгыг дотроо давхар тээж буй “ид” буюу “Эдипийн хүсэл” ба Фрейдизмээс татгалзсан хэрэг билээ.
Хоёр соёлын уулзвар гарцаагүй эмгэнэлийг бий болгодог хэмээнэ. Тийм уулзвар, зааг дээр төрсөн бүтээлүүд ч орчин цагийн уран зохиолд жин дарж байдаг. Памук “Улаан үст бүсгүй” романдаа энэхүү үзэл санаа, соёлын мөргөлдөөнийг дүрүүдийн хүсэл мөрөөдөлтэй холбон давхар бэлгэдлээр илэрхийлэхээс гадна хувь хүний сэтгэлзүй, нийгэм нь бүтээж бий болгосон дотоод мөн чанартай нь чадамгай уялдуулж бичжээ. Хэзээ ч хамтын нийгмээс хөндийрөхгүй эл сэдэв, Памукын бий болгож чадах бичлэгийн өвөрмөц арга барил, дурсамж доторх Истанбулын дахин нэг содон дүр төрх энд бий.