Манай редакцынхан сүүлийн үед юунд дурлаж, ямар сайхан мэдрэмж авч байгаа талаар эндээс уншаарай. Та ч гэсэн ямар кино, дуу хөгжимд дурлаж, шинээр ямар амьдралын хэвшилтэй болж байгаагаа бидэнтэй хуваалцаарай.
Теннис - Ж.Хулан, Дэд захирал
Он гараад “new year, new me” гэдэг шиг л бөмбөгтэй “нөхөрлөж” эхэлсэн юм. Багадаа талбайн теннис тоглодог байсан тул скуаш тоглож, ажлын оффистоо ширээний теннистэй болсноор өдөр бүр хорхойгоо дараад сайхан байлаа. Сүүлийн үед гадаа дулаараад жинхнээсээ талбайд гарч, ногоон бөмбөг цохиж тоглож байгаа маань л ёстой дурлал болж байна даа.
Би багадаа их хөдөлгөөнтэй, үргэлж гүйж явдаг хүүхэд байлаа. Байрны орчим, сургуулийн талбайд гүйж, харайна, дугуй, ролик бүгдийг нь оролдоно. Тэгээд нэг өдөр сургуулийн талбай тойроод дугуй жийж явтал теннисний дугуйлангийн багш хараад “Чи энэ хүүхдүүд шиг тоглодог хүн болох уу” гэхэд нь ихэд шохоорхож эмээдээ хэлтэл “Хулан минь, тэрэндээ явж үз” гэснээр долоон настай би цохиур барьж эхэлсэн юм. Эхэндээ зөвхөн бөмбөг залуулж, хий техник давтуулаад төсөөлснөөс тэс ондоо байсан ч, энэ бүхэн нь аливааг хурдан сонирхож, амархан уйддаг надад бага ч гэсэн тууштай зан суулгасан болов уу гэж одоо боддог юм.
Хэдэн жил тоглоод дугуйлангаасаа гарсан ч чөлөө гарвал бөмбөг цохидог байсан хоббигоо энэ жил сэргээсэндээ ихэд баяртай, ойрд бүр ч жаргалтай байна даа.
Цэцэг – Б.Энхцэцэг, Тоймч
Хавар болохоор өөрсдөө гэртээ цэцэг тарина гэх яриа өвлөөс хойш аав, охин хоёрын дунд өрнөсөөр хоёр долоо хоногийн өмнө “Соёолж” төвд очлоо. Бэлэн үрслүүлэг төрөл бүрээр зөндөө байх боловч бүхнийг эхнээс нь хийж үзэх, нялх иш хэрхэн хөрсөө түрэн нахиалахыг охиндоо харуулахыг аав нь хүссэн юм.
Тэндээс үр, хөрс авчран аав, охин хоёр нямбайлан тарив. Жижигхэн хуванцар саванд бордоотой хөрс хийгээд үрээ суулган өдөр болгон усалж, нар тусаж өнждөг цонхон дээрээ тавьлаа даа. Үр суулгасан савны бөөрөн дээр “Аз жаргал” гэх үгсийг аав, охин хоёр биччихэж. Охин өглөө сэрэнгүүтээ цонх тийш гүйж, унтан унтталаа шагайсаар байвч 10 хоногт нөгөө яриад байсан жижигхэн хөөрхөн цэцэг цухуйсангүй ээ.
Худалдагч эгч түүнд үр өгөхдөө 5-6 хоноод л цухуйхыг хэлсэн боловч дулаан байлгахыг анхааруулсангүй тул үрслүүлэг амжилтгүй болсон байв. Ийнхүү цэцгийн үр суулгасан савнуудаа орой болмогц гялгар уутаар өлгийдөж хонох боллоо. Ердөө ийн гурав хоноход турьхан, ногоохон ишнүүд цухуйх нь тэр. Өглөөг бид ийн шинэ амьдралтай угтлаа. Өнгийж үзэхээс нааш амьдарч эхэлсэн нь үл харагдах хөөрхөн ишнүүд удахгүй цэцэглэнэ. Охинд энэ өглөө насан туршдаа мартахааргүй дурсамж үлдээх байх даа. Цэцэг бүхэн ургадаг ажээ.
Б.Билгүүн, Дизайнер
ШУТИС-ҮТДС-ийнхан 2 дугаар курстээ зургийн дадлагаар Тэрэлжид байрлаж, зурах дадлага хийдэг билээ. Найз маань эрэгтэйчүүдийн байрны хажуугийн байранд ангиараа байрласан хувцас загварын охидын нэгэнд дурлаад намайг дугаарыг нь аваад өгөөч гэж гуйсан юм. Би ч оройхон дуудаж байгаад дугаарыг нь авлаа. Тэр үед өнөөх охин нэг найзтайгаа цуг гарч ирсэн нь надад таалагдаад найздаа “Чи нөгөө охинтойгоо мессежлэхдээ хамт гарч ирсэн найзынх нь дугаарыг надад аваад өгөөч” гэж гуйлаа. Найз маань ч надад авч өгсөн.
Удалгүй дадлага маань ч дуусч, бид сургуульдаа үргэлжлүүлэн сурч эхэллээ. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Би ч өнөөх охины дугаарыг найзаараа авахуулснаа ор тас мартчихсан байв. Гэтэл нэг өдөр миний фэйсбүүк чат руу нэгэн эмэгтэй мессеж бичлээ. Уншвал "Сайн байна уу, Билгүүнээ. Намайг таньж байна уу? Жил гаруйн өмнө чи миний дугаарыг авч байсан даа. Түүнээс хойш би жилийн хугацаанд мессежээр харилцлаа. Тэгээд уулзахаар болоод болзоондоо иртэл чи биш өөр залуу байж байсан. Миний дугаарыг чамайг авсан гэж бодоод хотод ирснээсээ хойш бичсээр байсан хүн маань чи биш өөр нэгэн байсанд үнэхээр гайхсан шүү. Гэхдээ тэр надад таалагдсан. Одоо бид хоёр суугаад нэг хүүхэдтэй сайхан амьдарч байна. Чамд зүгээр баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Болвол уулзаад сонин сайхан ярьсан ч болж байна. Чи завтай үеэ хэлээрэй" гэсэн дээ. Энэ долоо хоногт дурлал гэхээсээ илүү хүний жижигхэн сонголт, үйлдэл хүртэл бусдын амьдралд хэрхэн томоор нөлөөлдөг тухай бодож үүнийг та бүхэнтэй хуваалцмаар санагдсан юм.
Нар – О.Анхзаяа, Сэтгүүлч
Ямар ч эффектгүй зураг болно.
Өнгөрөгч амралтын өдөр салхинд гараад буцаж явахдаа нар яг л сар шиг харагдаж байгааг гайхан харж явлаа. Надад яг л ямар нэг зүйл болох гэж буй мэт тийм бүүдгэр өдрүүд их таалагддаг болохоор сайхан байсан.