Зуны аагим халуун дөрөвдүгээр сард айлчлан иржээ. Сүүдэр бараадан алхаж, хүйтэн уух юм хайж яваа хүмүүст ub.life-ынхан дурлалаа хүргэж байна. Хэн нэгний сайхан дурсамжийг сэргээж эсвэл, шинэ зүйлсийг туршихад хөтөлж байвал “Бид юунд дурлаж байна вэ?” булангийн зорилго оршиж байгаа хэрэг. Уншигч та бүхэн ч бидэнд шинэ "дурлал" санал болгоорой
О.Анхзаяа, Сэтгүүлч
Өнгөрөгч ням гарагт амьтны дэлгүүр орж загасны махтай хуурай хоол, нойтон хоол аваад гарах гэхэд ээж бид хоёрын нүдэнд нэг тоглоом туссан юм. Бөмбөгтэй, бас тойрог хэлбэртэй болохоор муур тойроод л, бөмбөгөө барих гээд гүйгээд байдаг, нэг тоглоод эхэлбэл салахгүй гэж худалдагч хэлсэн болохоор бодож бодож байгаад авсан юм. Гэртээ хариад урд нь тавих үед эхлээд манай Мика нэлээн үнэрлэж, сонирхож байв. Тэгээд ганц хоёр удаа гараа явуулж, бөмбөг хөдөлгөв. Тэгээд л ёстой салахгүй тойрч гүйгээд тоглох болсон. Ингээд л муурандаа бүр олон тоглоом, хэрэгсэл авч өгөх ёстой юм байна гэж чин сэтгэлээсээ мэдэрсэн дээ. Муураа харж сэтгэл баясаж сууна даа.
У.Бямбаням, Ерөнхий редактор
Японы аниме киноны нэрт найруулагч Хаяо Миязакиг мэдэхгүй хүн ховор биз. Түүний кинонууд үзэгчийг татах сүнслэг шидийг нуусан мэт санагддаг. Миязаки хэд хэдэн аниме бүтээлд аниметор, дэлгэцийн дизайнераар ажиллаж байгаад “Салхит хөндийн Наусика охин” бүтээлээр уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
“Тоторо”, “Понья”, “Тэнгэрийн шилтгээн, “Сүнсээр туугдагсад”, “Хавлын нүүдэг цамхаг” гээд олон агуу бүтээл бий. Анх эмнэлэгт хэвтэж байхдаа бүх киног нь үзэж дуусгасан даа. Үнэхээр бодит ертөнцөөс салгаж, ид шидийн гэмээр өөр ертөнц рүү шилжүүлж, оюун санааг амраадаг бүтээлүүд. Саяхан “Хаяо Миязакитай 10 жил” баримтат цувралыг үзлээ. Нэг ёсондоо бүтээлээ хэрхэн туурвидаг тухай нь өгүүлсэн намтарчилсан баримтат кино. Уран бүтээлчийн шаналан, зовлон мэдрэгдсэн гоё бүтээл байна лээ. Нэр алдартай, агуу уран бүтээлч, эсвэл ердөө эхлэн туурвигч байхаас үл хамааран уран бүтээлчдийн зовлон нэг юм шиг санагддаг. Ширээн дээр Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл бүхий ном байнга байдаг. Бас л уран бүтээлчийн зовлон үнэртсэн ном. Хэнд ч хэлж, дэлгээд ойлгуулахад хэцүү тэр зовлонг хэн нэгэнтэй хуваалцах л хэрэгтэй байх даа.
З.Энхмөнх, Арт директор
Жирэлзээд өнгөрч буй цаг хугацаа… Уул нь цаг хугацаа огтоос хурдлаагүй, явдгаараа л явж, цохилж байгаа л даа. Би л гэж хүн нээх их завгүй царайлж яваад түүнийг анзааралгүй өнгөрөөчихгүй юу. Завгүйгээрээ түрий барьсаар гэрийнхэнтэйгээ цаг өнгөрөөлгүй удсанаа өнгөрсөн бүтэнсайнд анзаарлаа. Аав эжий хоёр ч үргэлж л нэг юм хийж байдаг болохоор бид хэдий гэр гэрээрээ оролцож хоол унд идэх ч шийр зугаа юмс яриад өнгөрдөг. Харин өнгөрдөг амралтаар бид тавуулаа хийж байгаа зүйлсээ орхин, машинаа бариад агаарт гарч, хөлийн чимээнээс бага ч болов хөндийрлөө. Хамтдаа тоглож, хооллоцгоосон дөрөвхөн цаг энгийн боловч яг л тэр цаг мөчид өөр юунд ч сатааралгүй хамтдаа байсан болохоор сэтгэлд хэчнээн дулаан, өег байна гээч.
Өнөө өглөө ажил руу ирэх замдаа “Hidden Brain” подкастын сүүлийн дугаараар “Бидний ганцаардлыг дүүргэх хамгийн үр дүнтэй, бас гайхалтай арга бол биесээ хайрлах” гэж өгүүлснийг бас бодон бичиж сууна.
Б.Долгорсүрэн, Гэрэл зурагчин
Joji долоодугаар сард гаргах шинэ цомгийнхоо “Gimme love” дууг энэ сард гаргасан юм. Бас “Run" дуугаа ойрхон гаргасан болохоор сүүлийн үед өдөр болгон сонсож байгаа. Харин 92914 хамтлагийн “Sunset” гэдэг дууг сонсоод л шууд тайван болохоор. Энэ дууг нар жаргах үеэр сонсож үзээрэй. Амралтын өдрүүдээр найзуудтайгаа машинаар гоё гоё дуунууд сонсож, Төв аймгаар явсан юм. Чихэвчтэй дуу сонсох, чангаар дуу сонсох нь бас л шал өөр мэдрэмж шүү.