UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №31

Бид юунд дурлаж байна вэ? №31

Зуны дулаахан, налгар өдрүүд ард үлдэж, намар цагийн их ажил эхэлжээ. Зун хэсэг завсарласан "Бид юунд дурлаж байна вэ" цувралаа энэ долоо хоногоос үргэлжлүүлж байна. UB.LIFE-ын редакцынхан ойрд ямар ном, дуу хөгжим, хэнд, юунд дурлаж байгаагаа уншигч тантай хуваалцаж байна. 

О.Анхзаяа, Сэтгүүлч

Энэ зун би 3 том нуур үзэж, аялал зугаалгаар сэтгэлээ сэргээлээ. Хөвсгөл нуур, Буйр нуур, Хар зүрхний Хөх нуур гээд бүгдэд нь би өөр өөр мэдрэмж авсан юм. Хөвсгөл нуур явахдаа би адал явдалд умбаж, Буйр нуур явахдаа өвчнөө ардаа гээж, Хар зүрхний Хөх нуур явахдаа харин сэтгэлийн амар амгаланг мэдэрч, энэ зуны хамгийн сайхан аяллуудыг хийсэн дээ. Ер нь зун цаанаасаа л аялал зугаалгын үе болохоор би дэмий гарздахгүйг их хичээсэн. Бас Хүй долоон худаг явж морьдын тоосонд даруулсан минь, Төв аймгийн Баянчандмань сумын хөдөөний эгэл айлд хэд хоног амар тайван хоносон минь тэр чигтээ намайг эрч хүчээр цэнэглэсэн гэхэд болох юм. Одоо намрын шаргал өдрүүдэд ч бас хаа нэгтээ явж, аялал зугаалгаа үргэлжлүүлэхсэн гэхээс байж ядаж байна даа.

У.Бямбаням, Ерөнхий редактор

Хэд хоногийн өмнө Интерном дэлгүүр хуучин англи ном эргүүлдэж зогстол дунд нь сэтгүүлч Ж.Гангаа агсаны "Цагаан гэгээ" ном байлаа. Авах гэж байсан номоо орхиод шууд касс руу чиглэсэн. Өмнө нь хэд хэдэн удаа авах гээд авч амжаагүй энэ ном зүгээр нэг өмнө минь гараад ирсэн нь сонин санагдсанаас тэр байх. Би шинэ ном авахаараа дандаа такси барьдаг юм. Тэгээд мэдээж түгжирнэ. Улаанбаатар шүү дээ. Тэр дунд номоо уншиж эхлэх таатай санагддаг. Тэр зуршлаараа Сансар өгсөх зуур уншиж эхэллээ. Ёстой, энгийн, баримт, уянга хоёрыг тэнцүүлсэн нийтлэлүүд. Алтайн өвөр говиор явсан тэмдэглэлийг нь инээж хөхрөн байж уншиж дуусгасан. Сайн бичээч, сайхан сэтгүүлч гэж хүн бүхний амнаас унадаг. Түүний хариултыг олохоор энэ номыг барьж авсан юм аа. Түүний "Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ", "Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай" гээд олон сайхан нийтлэл бий. Цахимаар унших боломжтой учраас уншаагүй хүмүүст санал болгоё доо.

Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Ойрд тухтай дурлаж хайрлах зав гарсангүй дээ. Гэхдээ дурласан гэвэл нэг залууд л дурласан юм байна. Үгүй тэр залууд өөрт нь ч яг дурлаагүй. Жинхэнэ амьдрал дээрх төрхийг нь харсан чинь бодсоноос өөр юм билээ. Тэгэхээр тэр залуугийн тухай төсөөлөлдөө дурласан юм байна. Төсөөлөл өө гэж...Түүний минь нэр Жин Боран. 30 настай. БНХАУ-д амьдардаг. Кинонд тоглодог. Хил нээгдээд Хятад явахаараа сураглана аа. Уулзвал “Уучлаарай өөрт чинь дурласан юм аа, тэгээд уулзах гээд хүрээд ирлээ” гэж хэлээд нүдээ эргэлдүүлнэ. Тэр нэг өгүүлбэрийг хятадаар хэлж суръя даа.

А.Энхжаргал, Оффис менежер

Хүн болгон л над шиг Монголынхоо үзэсгэлэнт байгаль, цэнгэг ус, мөрөн далайд дурладаг байх. Энэ жил амралтаараа Хөвсгөл явж үзлээ үнэхээр дурлахгүй байхын аргагүй юмаа. Хотоос гараад замдаа нэг хоноод жаахан ядарч очсон ч Хөвсгөл далайн захыг нь хармагцаа сэтгэл санаа нээх гоё сэргээд ядарсанаа ч мартчихсан. Тийм л гоё мэдрэмж авсан даа. Далайн түрлэг, давалгаа, чимээ үнэхээр тасархай. Жаргаж яваад л ирсэн. 

З.Энхмөнх, Арт директор

БНХАУ-ын хуучирчдын дунд моод болж буй Ли Бо Чан хөгжмийн зохиолчийн “Чу Сон” бүтээлд дурлаж байна. Тэрээр 1992 онд төрсөн бөгөөд зохиолд Чу улсын хааны дайн байлдаан, хайр сэтгэлийг илэрхийлдэг. Уг зохиолыг манайд анхлан 2019 оны залуу хуучирч Э.Цэндсүрэн хөгжимдсөн билээ. Энэбүтээл багтсан “Portraits” цомог 10-р сард бидний гар дээр ирэх нь ээ.

tsendsuren · TSENDSUREN~Chu Song

Б.Энхцэцэг, Тоймч

Хичээл орох дөхсөн тул хоёрдугаар ангийн сурагч охинд албандаа өмсөх гутал авахаар гарав. Уламжлал ёсоор хөлд нь эвтэйхэн, чийг татахгүй арьсан гутал авна гэж бодож явсаар дэлгүүрт орсонсон. Охин оруутаа гараас мултран цав цагаан, гялтганасан лаакан, өндөр өсгийтэй, өсгий дээрээ шармал төмөр хадаасан гоёлтой этгээд рүү гүйх нь тэр. Яаж ч ятгаад нэмэр болсонгүй. Ядаж өөрт нь таарах хэмжээ дуусчихсан, эрхий хуруу багтахаар зай гарч томдчихоод байхад л “Яг таарч л байна даа” гэж хоёр хөлөө чинээнд нь тултал арагш тулгачихаад хөдөлдөггүй дээ. Ийнхүү өмсөж эдлэх гутал гэхээсээ үзмэрт л байваас зохилтой гялалзсан төмөр өсгийтэй, хулдаасан цагаан сонирхолтой зүйлийг үнсэх нь холгүй энхрийлсээр гэртээ аваад ирлээ.

Охины сэтгэл хангалуун гэж, түүн дээрээ гараад хичээлдээ явна гэхээс л баяртай. Толины өмнө товшин бүжихэд нь тог тог, тас часхийх чанга чимээ гардаг. Харин би гайхаж байна. Бас инээд хүрнэ. Гэвч гэрэл ойлгом ганган цагаан гутал сонгон даруухан шүүгээг маань “галзуу” болгосон охиныхоо гял цал дэгжирхэлийг ойлгох гэж хичээж, бас дурлаж байна.        

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.