UB.LIFE-ынхан нь уншигч та бүхэнтэйгээ юунд дурлаж, амьдралдаа юу хэрэгжүүлж, ямар кино үзэж, ямар дуунд шимтэж буйгаа хүргэж байна.
Б.Билгүүн, Дизайнер
Би анх хэзээ бичиж сурснаа сайн санадаг. Хамгийн анхны үг маань нэр минь байлаа. Эгч маань урьтаж сургуульд орсон болохоор зааж өгч байсан юм. Монголоороо анхны бүхнийг сурч, монголоороо хүн болсон надад эх хэл минь, соёл минь юу юунаас эрхэм гэдгийг сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг. Монгол бичгээ бараг л мартах шахсан надад ойрын үед тохиолдож байгаа явдал гомдмоор цаашлаад ямар нэгэн зүйл хийх ёстойг мэдрүүлж байна. Ганцхан нэрнээсээ өөрийг бичиж сураагүй, там тум уншиж л чадах над шиг хэн бүхэнд сонирхон судалж, эх хэлэндээ дурлах, хамгаалах үе ирсэн байна. Бидний хамгийн дурлаж хайрлах ёстой, хамгийн гүнд нандигнан амьдруулах чухал зүйл маань соёл, хэл бичиг гэж бодно. Өдийг хүртэл уусч алга болоогүй өчнөөн аюултай нүүр тулсаар ирсэн байтал соёлжсон, боловсролтой залуус олширсон одоо үед ингээд алдана гэдэг тун харамсалтай.
Б.Саруул, Сэтгүүлч
Шинэ зүйл суралцах, сайн дадал зуршил бий болгох, өөрийгөө сайжруулах тухайд "How to" буюу ЯАЖ гэдэг арга барил үр дүнгүй гэдгийг ойлгодог болсноос хойш ЯАГААД гэдэг асуултыг асууж, түүний ард нуугдсан шинжлэх ухааныг танихыг эрмэлздэг болсон. Өглөө эрт босож сурах тэдэн арга, англи хэл сурах тэдэн зүйл гэх мэт зүйлсийг хүмүүс их сонирхож уншдаг атлаа тэдгээр аргыг амьдралдаа хэвшүүлээд, амжилт олсон хүн цөөн байдаг болов уу. Бүх зүйл hack, tips, trick-ээр бүтчихдэггүй. Тиймээс би дадал зуршилтай холбоотой номуудыг сонирхож уншдаг болсон. Хамгийн эхлээд Slight Edge, дараа нь The One Thing, The Power of Habit. Яг одоогоор би Atomic Habits гэдэг номыг уншиж байна. Нэг сэдвээр ном дагнаж уншихад мэдлэгээ бататгаж, гүнзгийрүүлэхээс гадна түүний цаана буй шинжлэх ухаанч тайлбарыг анхаарч, эргэцүүлдэг. Ерөнхийдөө эдгээр номын эцсийн үр дүн нь нэг зүйл рүү хөтлөх боловч, тайлбар, арга замууд нь харилцан адилгүй. Муу дадал зуршлаа өөрчлөх, шинээр дадал зуршил хэвшүүлэхээр зорьж буй хүмүүст эдгээр номын аль нэг нь тусалж мэдэх юм. Жишээ нь, The Power of Habit номонд дурдсан зуршлын гурван бүрдэл хэсгийг би яг таг ойлгосон хэрнээ бодит байдалд хэрэгжүүлэхэд амаргүй, тодорхойгүй санагдаж байсан бол Atomic Habits номонд илүү ойлгомжтой, амьдралтай зүйлсийг санал болгох жишээний. Түүгээр зогсохгүй, зуршил гээч зүйл нь ямар нэг зорилгод хүрэх хэрэгсэл бус миний амьдралын, бие хүний онцлогийн нэг хэсэг байх ёстой. Тэгж байж урт хугацаандаа тогтвортой, үр дүнтэй гэдгийг эдгээр бүтээлээс ойлгосон юм. Тиймээс яаж гэсэн амар хялбар арга хайхын оронд яагаад, юуны улмаас гэдэг асуултад хариулах зүйлсийг уншиж, амьдралдаа хэрэгжүүлбэл үр дүнтэй байна гэдгийг өөртөө бас уншигчдадаа захимаар байна.
Э.Намуун, Редактор
Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ бурхан зүгт одсоныг дуулаад хачин их харуусал цээж дарж өнжлөө. Яруу найраг эсвээс яруу найрагтай холбоотой шинэ номны нээлт дээр очих бүрт тэрээр явж харагддагсан. Угаас амьдралынх нь утга учир шүлэг ший, яруу найраг байсан биз ээ. Бага залуу яруу найрагчдад бурам мэт урам зориг харамгүй хайрлаж, үеийн хэдэн нөхдийнхөө дунд нэр хүндээ гээгээгүйг олон хүнээс сонсож, бичвэрээс нь уншиж байлаа. Ерөөс тэр бүгдийнх нь хувьд "Сэмбэ минь" байв. Нарийн нандин, утга яруу үгсийн мэтгэгч нь Ц.Доржсэмбэ байсныг үзэг нэгт нөхөд нь төдийгүй уншигчид гэрчилнэ.
“Цас, бороо”
Чамтай л харсан цасЖинхэнэ цас байсанЖигүүртэй цас байсанТэрнээс хойшТийм цас ороогүйОроогүй гэж бодлогоширсонОй дурдатгалыг минь тойронОдоо ч цас бударсаар л байна
Чамтай л норсон борооЖинхэнэ бороо байсанЖигүүртэй бороо байсанТэрнээс хойшТийм бороо ороогүйОроогүй гэж бодлогоширсонОй дурдатгалыг минь тойронОдоо ч бороо орсоор л байна.
Яруу найрагч Ц.Доржсэмбэ
Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал
'Netflix'-ийн "Street Food" цувралын эхний улирал дан азийн хотуудыг онцолсон байсан. Гудамжны хоол бол Азийн соёлын нэг томоохон хэсэг болохыг гайхамшигтай баялаг түүхтэй хүмүүсийн түүхээр хачирлан хачин гоё харуулсанд нь дурлаж байв. Энэ удаа Латин Америкийг онцолсон шинэ цуврал нь гарсан байна билээ. Энэ бол зөвхөн хоолны тухай биш, амьдралын тухай гайхалтай хүүрнэл. Хоол бол амьдрал юм.