UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №33

Бид юунд дурлаж байна вэ? №33

UB.LIFE-ынхан нь уншигч та бүхэнтэйгээ юунд дурлаж, амьдралдаа юу хэрэгжүүлж, ямар кино үзэж, ямар зүйлсээс урам зориг авч буйг хүргэж байна.

У.Бямбаням - Ерөнхий редактор, Цэцэг 

Намар болоод бүх зүйл хагдарч байхад гэртээ хэдэн цэцэг үрслүүлчихээд сууна даа. Туршлага муутай болохоор их олон цэцэг “амь тавиулсан” даа, хөөрхий. Гэхдээ бага багаар туршлагажиж л байна. Ганц ширхэг навч байснаа томоо цэцэг болж дэлгэрэхийг харах таатай мэдрэмж төрдөг. Үүнийг л юм хийсэн гэнэ байх даа гэж бодогддог. Цэцэг, ногоо бас зүгээр байхгүй шүү дээ. Орчны тоосонцрыг өөртөө татна. Манайх номтой болохоор тоосонцор ихтэй. Аргаа бараад хуучин номнуудаа далд хийсэн. Тэгээд ч манай хот тоос шороо ихтэй шүү дээ. Тиймээс гэр дэх цэцгээ арчилж, шинээр цэцэг үрслүүлэхэд дурлаж байгаа.

Б.Энхцэцэг - Тоймч, Тоонд “гавал”

Олон жилийн дараа математикийн хичээлийн тухай эргэн санахдаа үнэхээр авьяасгүй байснаа дахин хүлээн зөвшөөрлөө. “Математик бол бүх шинжлэх ухааны хаан” гэсэн бичиг самбарын дээд талд өлгөөтэй байсан ч надад түүгээр оролдох, амжилт гаргах ямар ч ирээдүй харагдаагүй юм даа... Харин математикт сайн хүүхдүүдэд, тэр дундаа “гавал” хөвгүүдийн сэтгэн бодох чадварт ямагт дурлаж явав.  

Математикийн олон улсын 61 дахь удаагийн олимпиадаас манай Монгол Улсын  сурагч О.Мишээл 99.51 хувийн гүйцэтгэлтэйгээр алтан медаль хүртэн, дэлхийн хэмжээнд чансаагаараа дөрөвдүгээр байр эзэлсэн тухай мэдээ өнөөдрийг гэрэлтүүллээ. Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Мишээл энэ олимпиадаас өмнө нь хоёр удаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд алтан медаль авна гэсэн зорилгодоо хүрч, өөрт нь итгэсэн гэр бүл, сургууль, хамт хичээллэсэн математикийн багш Д.Алтангэрэлдээ урам зориг авчрав. Технологийн эрин үеийг удирдаж буй тоонд “гавал” болохоо нотолсон О.Мишээл хүүгийн амжилт эх орноо гэрэлтүүллээ.

О.Анхзаяа - Сэтгүүлч, Миний дурладаг ч чаддаггүй байсан зүйл

Би багаасаа л зураг зурах дуртай байсан. Гэхдээ гол нь сайн зурж чаддаггүй байсан л даа. Зургийн том дэвтэр аваад л, юу ч хамаагүй зурдаг байлаа. Оюутан байх үеэсээ чадахгүй зүйлдээ цаг үрээд яах вэ гэж бодоод юу ч зурахаа больсон л доо. Гэхдээ би өнгөрсөн ням гарагт өөрийн нэгэн мөрөөдлийг биелүүлж, СУИС-РТМУС-ийн анги танхимын ширээн дээр зураг зурлаа. Анх юу зурахаа мэдэхгүй очсон ч олон өнгийн будгийг хараад зогсож байхдаа л шууд зурах зүйлээ бодоод олсон. Зөөлөн цэнхэр өнгөн дээр од, навч, жижигхэн цох, сар зэргийг зураад, дээрээс нь хамгийн дуртай амьтан болох халимыг зурсан. Нисдэг халим гэх жинхэнэ биш ч үнэхээр гайхалтай төсөөллийн амьтдыг би тэнд харуулсан юм. Дуусгаад үнэхээр жаргалтай байсан шүү. Мөн хамгийн гол нь "Өөрийгөө хайрлаарай, за юу?" гэх үгийг англиар бичиж үлдээсэн. Хүмүүс өөрсдийгөө хайрлаж, өөрсдийн үнэ цэнийг мэдрээсэй гэж хүсэж байна.

Ж.Хулан - Дэд захирал, The Stranger

Би хэзээнээс л элдэв янзын мөрдлөг, прокурортой холбоотой кино үзэх дуртай. Заримдаа автаж үзнэ, дараа нь тэрнээсээ баахан айдаг зуршлаа гээж чадахгүй л байгаа. Ойрд “Netflix”-ээр “The Stranger” гэх цувралаа үзэж байна. Нэгдүгээр цуврал нь маш сайн болж байсан учраас хоёрдугаархыг нь хүлээн байж үзтэл санаснаас тааруу яваад байсан нь сэтгэл гонсойлгож байтал сүүлийн хэдэн анги овоо сонирхолтой болж ирлээ.

Ялангуяа гэмт хэрэг үйлдсэн этгээд баригдаж шалтгаан нь өсвөр наснаас эхлэлтэй дээрэлхэх тухай буюу “bully”-ийн талаар байсан нь энэ тухай ихийг бодогдуулав. (Энэ нь мэдээж гэмт хэргийг зөвтгөх шалтгаан биш, бас киноны гол санаа ч биш л дээ) Бидний эргэн тойронд хүүхдүүд сургуульд байхаас л нэг нэгнээ гадуурхдаг, бөөнөөрөө дээрэлхдэг, муухай үгээр шоглож өөрсдөө тэрийгээ тоглоом, наргиа гэж боддог ч энэ нь хүүхдэд ямар хүндээр тусаж, өвтгөж, бас хэзээ ч дуусашгүй мэт “ангал руу” унагаж орхидог вэ, нэмээд технологийн нөлөөгөөр энэ нь цахим орчинд улам их болсон нь өнөөдөр чухал асуудал болжээ гэж бодож байв.

Хүсэн хүлээдэг киноноосоо ханатал мэдрэмж авч чадаагүй ч, бодол эргэцүүлэл ойрд унших сэдэвтэй болж авсандаа таатай байна даа. Удахгүй иймэрхүү мэдээ бичээд эхэлбэл гайхах хэрэггүй байх нь ээ   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.