Тэд дотно нөхөрлөөд зургаа дахь жилээ үдэж буй. Анх хоёул гэмт хэргийн тухай сонирхож уншдаг, баримтат нэвтрүүлгүүд шимтэж үздэгээ мэдээд, ярилцаж суухдаа Монголд энэ сэдвийг ер хөнддөггүйг анзаарч улмаар подкастаа эхлүүлэх сэдэл болжээ. Тэд сонсогчдод нэгийг бодогдуулах, сэрэмжлүүлэг болох сургамжтай хэргүүдийг сонгохын сацуу бусдад буруу сэдэл өгөх, гэмт хэргээс мултрахад туслах мэдээллийг хуваалцахгүй гэж хоорондоо ярилцаад өөдийг хүртэл энэ амлалтаа бодон подкастаа бэлтгэдэг гэсэн юм. Түүнчлэн сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил ямар чухал болохыг бодит хүмүүсийн түүхээр дамжуулан сонсогчдодоо ойлгуулахыг хүсдэг гэж Cocktail and Crime подкастыг санаачлагч А.Бямбадулам (Дуламаа), Б.Дөлгөөн (Дөөкөө) нар "Гэрэг" сэтгүүлийн "Turning Points-2022" дугаарт өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Харин өчигдөр (9 сарын 21) Cocktail and Crime подкастыг сонсогч залуус C&C лаунжийг пиг дүүргэн өөр хоорондоо танилцан нэгэн үдшийг халуун дулаан хүрээлэл дунд өнгөрөөлөө. Энэ үеэр Дуламаа, Дөөкөө хоёртой хэдэн хором ярилцсаныг хүргэж байна.
- Cocktail and Crime подкастын хөтлөгчид ямархуу хүмүүс байдаг талаар сонсогчид өдийг хүртэл ямар ч төсөөлөлгүй байсан. Юун түрүүнд бидэнд өөрсдийгөө товч танилцуулаач?
- Дуламаа: Намайг Бямбадулам гэдэг. Зарим хүмүүс намайг Дуламаа эгч нэрээ худлаа хэлсэн гээд байсан. Худлаа хэлээгүй шүү. (инээв) Одоогоор АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдардаг. Хийдэг ажил маань хүний нөөцийн мэргэжилтэн.
- Дөөкөө: Бүтэн нэр маань Дөлгөөн. Дуламаатай адилхан Чикаго хотод амьдардаг. IT recruiting буюу мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүсийг ажилд зуучилдаг ажил хийж байгаад наашаа ирэхээсээ өмнө ажлаасаа гарсан. Очоод өөр салбарт ажиллаж үзэхээр төлөвлөж байгаа.
- Тэгэхээр та хоёр хоёулаа хүний нөөцийн чиглэлээр ажилладаг байх нь ээ?
- Дуламаа: Тийм ээ, гэхдээ бид хоёрын суралцсан чиглэл өөр л дөө. Би л гэхэд аялал жуулчлал, зочид буудлын менежментээр төгссөн. Мэргэжлээрээ хэсэг ажиллаж үзээд миний сонирхох чиглэл биш юм байна гэж үзээд өөр салбарт хөрвөж ажиллаж байгаа маань энэ.
- Дөөкөө: Харин би электроникийн инженер мэргэжилтэй.
- Та хоёр Америкт ирээд 10 гаруй жил болж байгаа гэсэн. Монголдоо хэзээ хамгийн сүүлд ирсэн бэ, олон жилийн дараа эх орондоо хөл тавихад ямар сэтгэгдэл төрж байна?
- Дөөкөө: Ирэлгүй найман жил болсон байна. Би Эрдэнэтийнх л дээ. Эрдэнэт, Улаанбаатар аль аль нь тэлж, танигдахын аргагүй болжээ. Мэдээж Монголдоо ирэхэд сайн, муу янз бүрийн л зүйл ажиглагдсан. Гэхдээ надад сайн тал нь илүү анзаарагдлаа. Подкастынхаа ачаар олон гоё хүмүүстэй танилцаж нөхөрлөх завшаан тохиосонд баяртай байна. Ярилцаж суухад залуучуудын бодож, сэтгэж байгаа нь шал өөр, мундаг болсныг мэдэрлээ. Харин дурдахгүй өнгөрч болохгүй ганц муу зүйл нь түгжрэл юм уу даа.
- Дуламаа: Америкт очоод 16,17 жил, хамгийн сүүлд эх орондоо ирснээс хойш долоон жил өнгөрсөн байна. Жаахан байхдаа хөдөө тэр бүр явдаггүй байсан болохоор сая ирээд Анх удаа Монголтой анх удаа танилцаж байгаа хүн шиг л байлаа. Говийн нутаг, Сэлэнгэ аймгаар аялаад ирсэн. Дөөкөөгийн сая хэлсэнчлэн подкастаараа дамжуулж олон сайхан хүмүүстэй танилцаж, найзууд болсон. Дараа ирэхэд намайг хүлээж байх хүрээлэлтэй болсонд баяртай байна.
- Контент бүтээгч болсны дараа Монголдоо ирэх мэдрэмж өөр байсан болов уу. Та хоёртой уулзсан хүмүүс хамт авхуулсан зургаа оруулсан байсан. Хүмүүс таниад хэрхэн хүлээж авч байна?
- Дуламаа: Ёстой хөөрхөн байсан. Бид хоёр өмнө нь царайгаа нийтэд дэлгээгүй байсан болохоор тааралдсан сонсогчид маань харчхаад “Бодож байгаа хүн мөн үү” гэсэн харцаар харж байсан. (инээв) Өнөөдөр сонсогчидтойгоо танилцах үдэшлэг хийх гэж байна. Өнөөдрөөс хойш яаж өөрчлөгдөх юм бол мэдэхгүй л байна. (инээв)
- Дөөкөө: Нүүр царайгаар гэхээсээ хоолойгоор илүү таньж байсан. Зарим хүн хоолой сонсонгуутаа чихэндээ итгэхгүй эргэлзэж байх шиг санагдсан. Тэгснээ хажууд гэмт хэргийн тухай яриад… сонсогчид маань иймэрхүү шууд бус байдлаар өөрсдийгөө илэрхийлж байсан.
- Өнөөдрийн эвэнтийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцаач?
- Дөөкөө: Монголд ирчихлээ гээд стори хийтэл сонсогчид маань маш олноороо уулзъя л даа гэж бичсэн. Тухайн үед бид хоёрт эвэнт хийнэ гэсэн төлөвлөгөө, тэгэх зориг ч байгаагүй. Хийлээ гэхэд юу ч ярих билээ гэж бодсон хэрэг л дээ. Тэгтэл Заяа, Ариунаа хоёр “Хүлээлгийн өрөө”-ийхөө эвэнтийг зохиож таараад биднийг урьсан юм. Тэр арга хэмжээн дээр “Та хоёрыг л харах гэж ирлээ” гээд хоёр сонсогч маань ирж уулзсан. Тэгэхэд л, манай подкастыг ингэж үнэнчээр сонсдог фэнүүд байдаг юм байна гэдгийг мэдэрч, сонсогчидтойгоо уулзах мотиваци өгсөн. Тэрнээс гадна "Cocktail & Crime" подкастын сонсогчдын фэйсбүүк групп бий. Тэнд хүмүүс хөөрхөн комьюнити үүсгээд, идэвхтэй гишүүд нь бүр биенээ таньдаг болчихсон байгаа. Тэр хэдийгээ нүүр тулж танилцуулаад найзууд, комьюнити болгож үлдээе. Бид хоёр буцсан ч гэсэн сонсогчид маань хоорондоо холбоотой байг, янз бүрийн санаачилга, сайн дурын ажил дээр ч нэгдээсэй гэж бодсон. Цар тахлын үеэр бид Clubhouse дээр их ярьдаг байсан. Тэгтэл зарим сонсогчид маань Clubhouse-аас найзууд болоод үлдчихсэн байсан. Сонсогчдын группийн гишүүд маань тэдэн шиг нөхөрлөл үүсгэж, бие биедээ тус дэм болоод явбал гоё шүү дээ.
- Хэдхэн хормын дараа эвэнт эхлэх гэж байна. Та хоёртоо амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.