UBLife Logo
Подкаст

Онцлох подкаст: Шилдэг дугааруудыг багцлах нь

Б.Саруул
Б.Саруул
Онцлох подкаст: Шилдэг дугааруудыг багцлах нь

"Гэрэг" цахим товхимолд багтсан нийтлэлийг хүргэж байна.


Подкаст хэмээх тодорхойлолтыг өргөжүүлж, онцгой агуулга, шинэлэг байдлаараа ялгаран, дэлхий даяар цар тахалд нэрвэгдсэн хүнд цаг үед ч хүн хоорондын нандин холбоог сонсогчдодоо дамжуулсаар буй шилдэг подкастуудыг бид нэрлэж байна. 

A Slight Change of Plans

Орхиж сурах нь: Амжилттай байхын тулд ямар ч үед бууж өгөлгүй, тасралтгүй урагшлах ёстой мэтээр сурталддаг. Тэгвэл аливаа зүйлийг зөв цагтаа орхиж сурах нь суралцууштай ур чадвар гэдгийг A Slight Change of Plans подкастын энэ дугаарт хөнджээ. Орхих, болих тухай ойлголтыг ихэвчлэн аймхай, хулчган зантай холбох нь бий. Гэвч шаардлагатай үед ухарч чаддаг байх нь хэчнээн чухал болохыг мэргэжлийн покер тоглогч Анни Дьюкийн замналаас харж болно.

Хүмүүс бид аливаа өөрчлөлттэй нүүр тулахдаа хэн болж хувирдаг, тэдгээрийг хэрхэн удирдан чиглүүлдэг вэ? A Slight Change of Plans подкаст "Өөрчлөлт" хэмээх сэдвийн хүрээнд зан үйлийн шинжлэх ухааны ойлголтуудыг хувь хүний гайхам, сонирхолтой түүхүүдтэй хоршуулснаар сонсогчдод өөрийгөө, амьдралд нь тулгарч буй өөрчлөлтүүдийг ойлгоход тусалдаг. "Бид аливаа өөрчлөлтөд их амархан сэтгэлээр унадаг. Би урьд нь ийм зүйлтэй учирч байгаагүй, одоо яах ёстой вэ гэж бодно. Амьдралд гарч буй өөрчлөлтүүд өнгөн дээрээ бүгд ялгаатай мэт боловч эдгээр өөрчлөлтийг удирдахад ашигладаг стратегиуд хоорондоо маш төстэй гэдгийг танин мэдэхүйн шинжлэх ухаанаар дамжуулж хүмүүст ойлгуулж байна" гэж судлаач, подкастын хөтлөгч Маяа Шанкар ярьжээ. 

You’re Wrong About

Цуцлах соёл: Олны анхаарлыг татсан хэн нэгэн эсвэл үйл явдлын цаана бидний мэддэгээс тэс өөр түүх өрнөсөн байвал яах вэ? 2018 оноос цацагдаж эхэлсэн You're Wrong About подкаст яг л ийм хувь хүний түүх, үйл явдлын талаар хуваалцдаг. Ингэхдээ бидний мэдээгүй үлдсэн зүйл, баримтуудыг гарган ирж, түүх хэрхэн бодит байдлаас гажуудаж, хаана нь алдаа гарсныг тайлбарлана. Бидний онцолж буй дугаарт Cancel culture-ийн талаар хөнджээ. Хэн нэгнийг олноороо нийлж шившиглэх Cancel culture хэмээх ойлголт цахим орчинд газар авч, бусдыг дайрч доромжлох, яллах, дарамтлахыг хүмүүс хэвийн зүйл мэт хүлээж авдаг болтол гүнзгийрсэнийг энэ дугаараас ойлгож болно.  

The Journal

Фэйсбүүкийн файлууд, 1-р хэсэг: Цагаан жагсаалт: The Journal эрэн сурвалжлах подкаст хамгийн том сошиал платформ болох Фэйсбүүкийн дотоод баримт бичгүүдийг судлан, компанийн дотоод асуудал, хөшигний ард өрнөсөн үйл явдлуудыг илчилжээ. Уг цуврал дугааруудыг сонссоноор Фэйсбүүкийн алгоритмын талаар илүү нарийн ойлголттой болохоос гадна гэмт хэрэгтнүүд платформыг хүн худалдаалах гэмт хэрэгтээ ашиглаж, инстаграм өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэдсээр атал Фэйсбүүк шийдвэрлэх арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн, мөн нөхцөл байдал Фэйсбүүкийн олон нийтэд тайлагнадгаас хол зөрөөтэй болохыг харах болно. 

Гүйцэтгэх захирал Марк Зукерберг бүх хэрэглэгчдэдээ тэгш ханддаг гэх авч үнэн хэрэгтээ улстөрчид, олны танил алдартнуудаас бүрдэх давуу эрхтэй хүмүүс тус платформын дүрэм журам, хууль хүчний хяналтаас ангид байдгийг эхний дугаарт сөхжээ. 

Invisibilia

Нөхөрсөгөөр "аньсан" нь: Ghosting буюу хэлж, мэдэхгүйгээр харилцааг дуусгахыг ихэвчлэн романтик харилцаан дээр жишээ авч ярьдаг. Тэгвэл найзууд нэгнийгээ "аньвал" яах вэ? Америкийн Үндэсний Олон Нийтийн Радио (NPR)-оос эрхлэн гаргадаг 20 гаруй шилдэг подкастын нэг болох Invisibilia энэ улиралд нөхөрлөлийн тухай сэдвийг хөндөн сонирхолтой цуврал дугааруудыг хүргэсээр байна. "Хүмүүс яагаад найз нөхдөөсөө гэнэт харилцаагаа таслахаар шийддэг вэ" гэх асуулт хамгийн энгийнээс авахуулаад зүрх зүсэм хүнд хариулттай байж болохыг энд өгүүлэх Дана, Жэймс нарт тохиолдсон явдал сонсогчдод ойлгуулжээ.

“Stay Away from Matthew MaGill”

Хайрцаг: Болсон явдал, гэмт хэргийн сэдэвт подкаст сонирхдог уншигчдад нэгэн нууцлаг эрийн тухай өгүүлэх  "Мэттью МаГиллээс холхон бай" подкастыг санал болгож байна. Царайлаг, үл таних эр Жоржиа-Флоридагийн хилийн заагт орших нэгэн жижиг хотод нүүн ирж тэндээ хэдэн арван жил амьдарсан ч хотын хэнтэй ч ойртон танилцаж, дотносон нөхөрлөлгүй явсаар эцэст нь ганцаар нас баржээ. Энэ хүн хэн байв, түүнд чухам юу тохиолдов? 

Тэрбээр нас барахдаа, 1970-аад онд Бродвэйн жүжигчин бүсгүйтэй хийсэн хурим, онгоц барьцаалсан гэмт хэрэг, тансаг зэрэглэлийн машины хулгай, Холбооны мөрдөх товчоо гэхчлэн хэн байсан, юу туулснаа гэрчлэн эд зүйлс бүхий нэгэн хайрцгийг үлдээжээ. Санамсаргүй тохиолдлууд сурвалжлагч Эрик Меннелийг хайрцаг руу хөтөлж, улмаар хайрцагны эзний үнэн түүхийг олж мэдэх таван жилийн эрэлд гарсан нь энэ аж. 

60 Songs That Explain the ’90s (The Ringer)

90-ээд оны 60 хит дуу бүтсэн түүх, амилуулсан уран бүтээлчдийн тухай хүүрнэх 60 Songs That Explain the '90s подкастыг онцолж байна. Уитни Хьюстон, Мадонна, Мария Кери тэргүүтэй уран бүтээлчдийн дуунууд соёлын бүтээгдэхүүн гэхээсээ 90-ээд оны өнгө төрх, нийгмийг тодорхойлолцож явсан нь энд өгүүлэх түүх бүрээс анзарагдана. 80,90-ээд онд төрж өссөн миллениадуудад хүүхэд насаа эргэн дурсах гайхалтай хөтөч байх нь гарцаагүй. Гэхдээ эл подкастыг зөвхөн 90-ээд оныхонд бус, дуу хөгжимд хайртай хэн бүхэнд зориулсан юм шүү. 

U Up?

Тэр яагаад болзоонд урихгүй хэрнээ мессеж бичсээр байна вэ: Бүгд л хайр сэтгэлийн тал дээр "одтой" байхыг хүсдэг, тийм биз? Гэвч харилцааг тойрсон сэдвүүд үргэлж томоос том асуултын тэмдэг дагуулдаг. U Up подкастын хөтлөгч Жордана Абрахам, Жаред Фрейд нар санаа зовмоор, ичмээр, инээдтэй хэдий ч бодит амьдрал дээр тулгардаг харилцаатай холбоотой асуудлын талаар тайлбарлах, асуух, маргах, хошигнох байдлаар үзэл бодлоо хуваалцдаг нь сонсогчдод ихээхэн таалагддаг. 

Энэ удаа тэдний сонсогч бүсгүй нэгэн залуутай чаталсан мессежээ скрин шот хийн илгээжээ. Залуу өвчтэй байсан гэх шалтгаанаар хойшлуулсан болзоогоо дахин товлосон байна. Гэвч тэр болзоонд урилгүй чаталсаар эцэст нь бүсгүйг орхиж. "Тэгэх л байсан юм бол яах гэж анхнаасаа ингэж их хичээл зүтгэл гаргаж бичсээр байсан юм бол, юу болсныг түүнээс асуусан дээр үү" гэсэн сонсогчийн асуултад тэд ямар хариулт өгснийг сонсоорой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.