Хүн хүсвэл хэзээ ч, юуг ч хийж эхэлсэн оройтохгүй гэдгийг үлгэрлэж яваа өдгөө 70 настай пауэрлифтинг спортын олон улсын хэмжээний мастер Дашийн Намхайдоржтой ярилцлаа. "Эрүүл биед саруул ухаан оршиж, эргэн тойрны хүмүүст сэтгэлийн амар амгалан бэлэглэдэг" хэмээн ярих тэрээр цар тахлын энэ үед нэг өрөөгөө дасгалын өрөө болгон тохижуулж, идэвхтэй амьдарч буйг хараад залуус маань үлгэр жишээ авах байх аа.
- Сайн байна уу. Та анх энэ спорттой хэрхэн холбогдсон түүхээ хуваалцана уу?
- Би 1973-аас 2003 оны хооронд 30 жил тээврийн жолооч хийж, Монгол Улсын гавьяат тээвэрчин цол хүртэж байлаа. Залуудаа үндэсний бөх, чөлөөт бөх, хүндийн өргөлтөөр хичээллэж, ер нь л спортод их элэгтэй хүн байсан. Пауэрлифтинг спорт 2004 оноос манай улсад хүчтэй дэлгэрч эхэлсэн. Тэр үеэс хойш энэ спортоор тасралтгүй хичээллээд өдгөө 17 жилийн нүүрийг үзээд байна. Дунд нь бас бодибилдинг, фитнессээр хичээллэж үзсэн ч пауэрлифтинг төрөлд дуртайгаа олж мэдсэн. Гэр бүлийн хүн, үр хүүхдүүд маань намайг бүхий л талаар дэмждэгт нь их талархаж явдаг.
- Пауэрлифтинг спортын онцлог нь юу вэ. Яагаад танд бусад спортоос илүү таалагдсан бэ?
- Сүүлийн үед эмэгтэйчүүд, залуучууд энэ спортоор идэвхтэй хичээллэх болсон. Пауэрлифтинг нь монгол хүний биеийн онцлогт их тохирсон санагддаг. Хэт нарийн, техникийн чанартай зүйл бараг л байхгүй. Өөрөө л сэтгэл зүрхээ зориулаад хийхэд болдог, сурахад амархан спорт. Мөн элдэв янзын хоолны дэглэм барих шаардлагагүй нь их амар. Хүний биеийг ч өв тэгш гоё хөгжүүлдэг. Ер нь хэн ч өөрийн санаснаар хийхэд болдог, хүн болгонд тохирдог спортын төрөл байгаа юм. Энэ айхтар өвчин гарахаас өмнө би гэрийн ойр байдаг фитнесс клубт 18-23 насны залуусыг дасгалжуулж зөвлөгөө өгдөг байлаа. Бөхчүүд, хүндийг өргөлтийнхөн гээд 30 гаруй шавьтай. Одоо тэгээд сүүлийн жил гаруй хугацаанд бүх л юм зогсчхоод байна даа.
- Та хөл хориотой үед бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийж байгаа вэ?
- Нэг хэсэг охин Баярмаагийнхаа гэрт очиж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Тэднийх нэг өрөөгөө дасгалын өрөө болгон тохижуулсан юм. Түүнээс санаа аваад би ч гэсэн гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар нэг өрөөгөө дасгалын өрөө болгон тохижуулсан. Бандан, хүндийг өргөлтийн хэрэгслүүд бас сүүлд гарсан монгол брэндийн бүтээгдэхүүнээс авсан. Бэлтгэлээ огт таслахгүй байгаа. Залуус маань ч бас хөл хориотой энэ үед дасгалын хэрэгслүүд аваад гэртээ хөдөлгөөн хийх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна.
- Таныг бүрэн дэмждэг гэр бүл болон залуу насныхаа тухай уншигчдад маань сонирхуулна уу?
- Би ханьтайгаа гэр бүл болоод 50 жил болж байна. Энэ хугацаанд амьдралын жаргал зовлонг хуваалцаж, таван сайхан хүүхдийг төрүүлж өсгөжээ. Хөгшин бид хоёр 1967 онд ОХУ-ын барилгын техник мэргэжлийн сургуульд анх танилцаж байлаа. Би дээвэр, нимгэн төмрийн ангид суралцаж, манай хөгшин барилгын засал чимэглэлээр мэргэшсэн. Бид хоёр 1969 онд сургуулиа төгсөж ирээд 1970 онд ууган хүүгээ өлгийдөн авч гэр бүл болцгоосон.
Манай хүүхдүүд бүгд спортоор хичээллэдэг. Манай охин Н.Баярмаа Монголын анхны хүндийг өргөлтийн эмэгтэй гавьяат тамирчин юм. Ууган хүү маань үндэсний бөх барилддаг, дунд хүү маань чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер. Бага хүү маань ч бас чөлөөт бөхөөр хичээллэдэг. Манайх 2010 онд нийслэлийн хамгийн спортлог гэр бүлээр шалгарч байлаа.
- Та олон жил спортоор хичээллэсэн хүний хувьд ашиг тус, үр шимийг нь юу гэж боддог вэ?
- Ер нь бол спорт хүний биед хэрэгтэй гэдгийг хүн бүхэн л мэднэ. Харин яг өөрөө хичээллээд цаг заваа зориулан тууштай байж чадсан хүмүүс л жинхэнэ утгаараа спортын ашиг тусыг мэдрэх байх. Спортоор хичээллэснээр юун түрүүнд бие бялдар хөгжинө, сэтгэл санаа их өөдрөг болно. Бие эрүүл байснаар ойр дотны хүмүүсийн ч сэтгэл санаа амар амгалан байдаг юм. Тиймээс өөрийнхөө дуртай спортын төрлийг олоод цаг заваараа, чадах чинээгээрээ хичээллэх л хэрэгтэй. Амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгон хэвшүүлэх нь их чухал. Би 7 хоногт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Сүүлийн 17 жил бэлтгэлээ тасалсан удаа байхгүй. Өдий 70 наслахдаа тамхи татаж, архи ууж үзээгүй. Үүнийхээ хүчээр өдий зэрэгтэй эрүүл энх яваа гэж боддог доо.
- Таныг хүндийг өргөлтөөр хичээллэж, нурууны өвчнөөс салсан гэж сонссон. Энэ талаараа хуваалцаач?
- Ер нь бол намайг хөгширсөн хойноо спортоор хичээллэж эхэлсэн гэхэд улсууд их гайхдаг. 45, 50 настай ямар ч хүн энэ спортоор хичээллэж болно. Одоо миний мэдэхээр энэ спортоор хичээллэдэг 75, 76-тай хэд хэдэн хөгшчүүл бий. Миний хувьд 2017 онд нуруу сууж өвдөөд хэвтэрт орохоо дөхсөн. Гурав дөрвөн сар эмнэлэгт хэвтээд биеийн байдал их муу байлаа. Тухайн үед энэ хүндийг өргөлтөөс л болов уу гэтэл үгүй байсан. Эмнэлэгт үзүүлтэл хагалгаа хийхээс өөр аргагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хагалгаа хийлгэхгүй гэж эмнэлгээс гараад гэртээ бага багаар дасгал сургуулилтаа хийж, сүүлдээ фитнесстээ явдаг болсон. Миний нурууны өвчин аажим аажмаар илааршиж, ямар ч хагалгааны шаардлагагүйгээр эдгэсэн юм. Улсууд их гайхдаг. Эмч нар бол намайг 5-10 жил дахиж юм өргөж болохгүй гэж байсан юм шүү дээ. Одоо бол би хэвтээгээс 130 кг-ийг шахаж, газраас таталт 200, суулт бас 220 хийнэ.
Пауэрлифтингээр хичээллээд 17 жил болохдоо мастер ангилалд гурван удаа Дэлхийн аварга, Азийн аваргаар 5 удаа шалгарч байлаа. Мөн улсдаа 2004, 2006, 2010 онуудад бодибилдингээр 40-с дээш насны ангилалд түрүүлж байсан. Сүүлд "Мистер-2020" тэмцээнд хүрэл медаль авсан. Намайг хараад залуус маань үлгэр жишээ, урам зориг авдаг гэж дуулсан. Тэр нь их сайхан санагддаг даа. Одоо үед ганц хөгшин хүн гэлтгүй залуучууд ч бас суудлын ажлаас болоод нуруу нь их өвддөг болсон байна. Залуустаа завсар зай гарвал хөдөлгөөн сайн хийгээрэй л гэж захья даа.
- Таны ойрын үеийн зорилт юу байна. Ард нь гарахыг хүсэж буй зүйл бий юу?
- Хийе гэсэн зүйлсээ бүгдийг нь хийсэн. Одоо бол залуучууддаа үлгэр дууриалал болоод өөрийнхөө биеийг хөгжүүлээд явъя л гэж боддог. Ажлыг шударгаар үнэн сэтгэлээсээ хийж, үр хүүхдээ өсгөөд явахад амьдрал аяндаа сайхан болно гэж үр хүүхдэдээ захидаг юм.
Айхтар амжилт гаргая гэсэн том зорилт байхгүй ээ. Байнга хичээллэж байгаа учраас дасгалаа ганц хоёр кг-аар ахиулж л байгаа. Пауэрлифтинг спортыг залуустаа таниулж, хөгжүүлэхийг л зорьж байна.